Т.ЖАНЦАН
Хямрал гүнзгийрч иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдаж байна гэж яриад удлаа. Үүнийг цалин, худалдан авалт, өрхийн хэрэглээ гээд олон талаас нь харж болно. Гэвч энэ удаа зөвхөн банкны зээлийн эргэн төлөлт гэсэн өнцөгөөс аваад үзье. Учир нь эдийн засаг, санхүү гэдэг бол нэг зоосны хоёр тал хэмээн судлаачид хэлдэг. Тэгвэл манай улсад орж ирэх гадаад валютын урсгал татарсан, улсын төсвийн алдагдал өссөн, ирэх гуравудгаар сард төлөх өр зэрэг эдийн засгийн тулгамдсан асуудал бий. Энэ нь банкны системийн чанаргүй зээл өсч буйгаар илрэн гарч ирж байна. Тухайлбал, Монголын банкны холбооны судалгаагаар арилжааны банкууд одоогоор 12.6 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 9.2 хувь нь буюу 1.1 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй гэсэн ангилалд ороод байгаа юм. Тэгвэл өнгөрсөн оны долдугаар сард чанаргүй зээлийн хэмжээ ямар байсныг сонирхоё. Тухайн үед арилжааны банкууд нийт 11.8 их наяд төгрөгийн зээл гаргажээ. Уг зээлийн 817 тэрбум төгрөг нь чанаргүй, 273 тэрбум нь муу зээлийн ангилалд орсон байв.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд чанаргүй зээлийн хэмжээ 7.3 хувьтай гарч байсан билээ. Тэгвэл Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг зохистой харьцааны бусад шалгуур үзүүлэлтүүд буюу банкны системийн лагшин ямар байгааг сонирхоё. Банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40 хувьтай байна.
Энэ нь арилжааны банкуудын богино хугацаанд гарч болзошгүй мөнгөн урсгалыг түргэн шуурхай гүйцэтгэх чадварыг тодорхойлдог үзүүлэлт. Ийм учраас төв банкнаас арилжааны банкуудад бусдаас татан төвлөрүүлсэн мөнгөний дор хаяж 25 хувийг хөрвөх чадвартай найдвартай хөрөнгөд байршуулах шаардлага тавьдаг. Тэгэхээр энэ шаардлагыг арилжааны банкууд хангалттай биелүүлж буй гэсэн үг юм.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17 хувьтай буюу 2.8 их наяд төгрөг байгаа аж. Эдгээр нь Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг шаардлагыг бүрэн хангаж буй үзүүлэлт. Эдийн засгийн энэ удаагийн хямрал 2008 оны хямралтай ихээхэн төстэй байгааг судлаачид хэлж буй. Жишээ нь уг хямралын үед арилжааны банкуудын чанаргүй зээл найм, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 20, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувьтай байжээ. Эндээс үзэхэд арилжааны банкуудын эрсдэл даах чадвар өнөөдөр харьцангуй өндөр байна. Харин манай улсын эдийн засаг ойр ойрхон хямарч тогтворгүй байгааг илтгэнэ.
Монголбанкны эдийн засагчид энэ онд ихээхэн хэмжээний өр төлөх учир хүндхэн жил болно. Ирэх оноос эдийн засгийн өсөлт 5-8 хувьд хүрнэ. Инфляц найман хувиас доогуур, төлбөрийн тэнцэлд эерэг үзүүлэлтүүд гарна хэмээн төсөөлж буй билээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн дүн гарч эхлэх нь арилжааны банкуудын зээлд эерэг нөлөөлөх болно. Гэвч эдийн засаг сэргэхийг харж суухаас өмнө чанаргүй зээлийн асуудлыг шийдэх нь чухал гэдэгт эдийн засагчид санал нэгдэж байна.
Өөрөөр хэлбэл чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой хэмээдэг. Үүний тулд Төв банкнаас арилжааны банкуудын активын чанарыг алдагдуулахгүй байх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар судалж буйгаа мэдэгдсэн. Ингээд нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил нь “Активын удирдлагын компани” байгуулах явдал хэмээн үзэж байна. Хэрэв ийм компанитай болвол банкны системийн чанаргүй зээлийг тодорхой шалгуураар багцлан хямдруулаад худалдаж авна гэсэн үг. Нэг ёсондоо чанаргүй зээлийг хөрвөх чадвар сайтай хөрөнгөөр сольж, дахин зээл гаргах боломж банкуудад олгох юм. Санхүүгийн ийм дэд бүтцийн туршлага бусад улс орнуудад бий. Харин Ази тивд тэр дундаа хамгийн сүүлд Монголд л ийм компани байгуулах гэж байгаа юм. Ялангуяа, жижиг эмзэг эдийн засагтай манайх шиг улсад “Активийн удирдлагын компани” зайлшгүй хэрэгтэй гэдэгт эдийн засагчид санал нэгддэг билээ.
Банкны чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нь эдийн засаг, санхүүгийн систем төдийгүй зээл хүсэгч хүн бүрт халтай зүйл. Өөрөөр хэлбэл чанаргүй зээл өсөх тусам эдийн засагт эргэлдэж байх мөнгө тэр хэмжээгээр түгжигдэж арилжааны банкуудын зээл гаргах боломж хумигдаж байна гэсэн үг. Чанаргүй зээлийн дийлэнх нь уул уурхай, барилгын компанид ногдож буй. Тэгэхээр эдгээр салбарт борлуулалт муудсан, хөрөнгө оруулалт зогсч барьцаа хөрөнгөө хураалгах төсөл олон байгааг илэрхийлж буй хэрэг юм. Ийм учраас Актив удирдлагын компани зогссон төсөлд нь хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг сэргээнэ. Ингэснээр тухайн төсөл хөдөлгөөнд орж чанаргүй зээлээ төлөх боломж бүрдэх юм. Товчхондоо эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгө хаа нэгтээ гацаж үхмэл хөрөнгө болохгүй гэж ойлгож болох нь. Эдийн засагчид “Манай улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны систем бүрдүүлдэг. Энэ нь банкны салбарын хөгжил өндөр байгааг илтгэдэг. Гэвч активын удирдлагын түвшин сул. Муудсан активаа хоёр, гуравдагч зах зээлд зардаг дэд бүтэц алга” хэмээн шүүмжилдэг билээ.
Зээлд гаргасан мөнгө нь сүүлийн жилүүдэд бага багаар гацаж хэмжээ нь нэмэгдэж буй өнөө үед арилжааны банкууд бас зүгээр суусангүй. Тухайлбал, арилжааны 10 банк нэгдэж Актив удирдлагын компани байгуулахаар тохирчээ. Гэвч эрх зүйн орчин байхгүй тул түүнийг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн байна. Энэ талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Өнгөрсөн оны зургадугаар сард банкууд нийлээд активын удирдлагын компани байгуулах бичиг баримтаа бэлэн болгосон. Гэвч хувийн санаачилгаар бий болсон энэхүү компанийн ажиллах эрх зүйн орчин манайд бүрдээгүй. Ийм учраас үйл ажиллагаа явуулж чадахгүй хүлээгдэж байна. Эрх зүйн орчин нь бий болвол хувийн болон төрийн санаачилгаар байгуулагдах актив удирдлагын компани хоршин ажиллаж, банк санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулах юм. Ер нь эдийн засаг муудаж байгаа үед чанаргүй зээл улам нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх үүргийг төр тодорхой хэмжээнд үүрэх ёстой” хэмээсэн байдаг.
Тэгвэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Мөнгөний бодлогын өнгөрсөн оны үндсэн чиглэлд Актив удирдлагын компанийн эрх зүйн орчинг бүрдүүлэх заалт орсон. Иймд Азийн хөгжлийн банктай хамтарч эрх зүйн орчин бүрдүүлэх, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлоод байна. Ингээд өнгөрсөн оны сүүлчээр Актив удирдлагын хуулийн эхний хувилбарыг гаргасан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд уг хуулийн төслийг ойрын хугацаанд танилцуулна. Мөн банкны системийн хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах дунд хугацааны төлөвлөгөө батлагдсан. Ингээд журмуудад өөрчлөлт оруулж байгаа. Жишээ нь оны өмнө Активын ангилалын журам өөрчлөгдлөө. Одоо банкны зөвшөөрөл, зохистой харьцааны журмыг өөрчлөхөөр ажиллаж байна” гэж хэлсэн билээ.
Эцэст нь хэлэхэд, эдийн засаг хямрахад хамгийн эхэнд аж ахуйн нэгж компаниудын ашиг орлого буурдаг. Тэдний дийлэнх нь банкны зээлээр бизнесээ санхүүжүүлж байдаг билээ. Иймд ашиг орлого нь буурсан нөхцөлд зээлээ хугацаанд төлж чадахгүйд хүрнэ. Зээл чанаргүйдэх нь нийт эдийн засгийг улам хүндрүүлдэг жамтай. Ингээд арилжааны банкууд чанаргүй зээл өсч буй тул ажилтнаа цомхтгож урсгал зардлаа хэмнэж эхэлсэн байна. Учир нь арилжааны банк хадгаламж эзэмшигч, зээлдэгч хоёрыг зуучилдаг байгууллага билээ. Энэ бүгдээс үзэхэд чанаргүй зээлийн гинжин урвал нийт эдийн засгийг бүр дордуулах чиглэлд хөтлөж магадгүй нь. Иймд судлаачдын хэлж байгаа Актив удирдлагын компанийн хууль эрх зүйн орчинг даруй бүрдүүлж өгөх нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нэг авралын гарц байна. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлийг өсгөхгүй базах чанга гар нь Актив удирдлагын компани болж таарах нь.