Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайрцаг дүүрэн бэлэг


Б.СЭВЖИДМАА


Энэ оноос Шотландад мэндэлсэн бүх хүүхэд улсаасаа хайрцаг дүүрэн бэлэг хүлээн авдаг боллоо. Хайрцаг нь багачуудын унтах орыг орлох бөгөөд дотор нь  түүнд хэрэгтэй бүхэн багтсан байх юм. Живх, живх солих гудас, тоглох дэвсгэр, өлгий, халуун хэмжигч, хэдэн ээлжийн хувцас, ваннын алчуур, хүүхдийн ном, тоглоом гээд нийтдээ 40 төрлийн эд зүйлийг хайрцагт багтаажээ.

Улсдаа шинээр мэндэлсэн иргэн бүрт ийм хайрцаг дүүрэн бэлэг өгөхийн тулд Шотландын Засгийн газар жилдээ зургаан сая фунт зарцуулахаар төсөвлөжээ. Ямар гэр бүлд мэндэлж байгаагаас үл хамааран хүүхэд бүр амьдралаа тэгш гараанаас эхлэх ёстой гэсэн үзэл баримтлал дээр үндэслэж, Шотланд энэ шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ хөтөлбөрийн ач тус ганцхан үүгээр зогсохгүй, нялхсын эрүүл мэндэд үлэмж сайн нөлөөтэй, шинэхэн эцэг эхчүү­дэд маш том тус дэм болдог гэдэг нь 1938 оноос эхлэн улсынхаа хүүхэд бүрт хайрцаг бэлэглэсээр ирсэн Финляндын туршлагаар батлагдсан юм.

Нялхсын эндэгдлийг үгүй болгож, боловсролынхоо чанараар дэлхийд тэргүүлдэг Финляндын ололт амжилт бол шинээр мэндэлсэн хүүхэд бүртээ өгдөг энэ бяцхан хайрцагнаас эхтэй гэдэг. Тийм ч учраас Финляндын туршлагаас санаа авч, Шотландын эрх баригчид жил гаруйн өмнөөс энэ талаар идэвхтэй судалж, хүүхдийн хайрцагны загвар гаргах уралдаан хүртэл зарласан юм. Энэхүү хайрцгийг улсаас үнэ төлбөргүй олгох боловч эхчүүд хүүхдээ тээх хугацаандаа үзлэгт орж, амаржсаныхаа дараа хүүхдээ хөхөөр хооллохыг хөтөлбөрийн болзол маягаар уриалж байгаа ажээ.

Одоогоос 77 жилийн өмнө финлянд хүүхдүүд хайрцагт унтдаг болсон юм. 1930-аад оны эдийн засаг хүнд  тэр жилүүдэд Финлянд ядуу буурай орон байсан авч эрх баригчид нь хүүхэд бүрт эрүүл саруул өсч бойжих тэгш боломж олгохын тулд хэрэгтэй бүхнийг нь багтаасан хайрцгийг бэлэглэдэг болсон нь хожим хэдэн арван жилээр үр дүнгээ өгсөн ухаалаг бодлого байв. Хэдэн ээлжийн хувцас, хөнжил, гудас, ариун цэврийн хэрэгсэл, живх, тоглоом, ном, эцэг эхчүүдэд нь зориулсан бэлгэвч гээд хайрцаг дүүрэн бэлгийг улсаас хүлээн авдаг болсноос хойш финлянд хүүхдүүдийн эрүүл мэндийн үзүүлэлт эрс дээшилж, боловсролоор ч дэлхийд тэргүүлдэг болсон билээ. Эхэндээ зөвхөн орлого багатай айлын хүүхдэд өгдөг байснаа 1949 оноос амьжиргааны түвшин харгалзахгүй бүх гэр бүлд олгодог болсон энэ хайрцагны оронд мөнгө авах боломжтой ч эцэг эхчүүд хайрцгаа л сонгодог гэнэ.

Хайрцагны ач тус бол зөвхөн хэрэглээний эд зүйлээр дэмжих бус түүнийг авахын тулд жирэмсний дөрвөн сараас өмнө эмчийн хяналтад орох ёстой гэсэн шаардлага тавьснаараа эх, хүүхдийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. 1930-аад оны үед Финляндад нялхсын эндэгдэл өндөр, 1000 төрөлт тутамд 65 нас баралт тохиолддог байсан бол өдгөө нэг ч хүүхэд зуурдаар нас барах эрсдэл үгүй болжээ.

Нийгмийн аль бүлэгт хамаарагдаж байгаагаас үл шалтгаалаад айл бүхэн хүлээн авдаг байсан нялхсын хайрцаг олон мянган гэр бүлд сайн сайхан дурсамж үлдээжээ. Хүний хэрэглээ, бүтээгдэхүүний чанар өөрчлөгдөхийн хэрээр жил ирэх тусам хайрцаг доторх эд зүйлсийн сонголт, өнгө нь хүртэл өөрчлөгддөг тул финляндчууд энэ жил хайрцагт юу орсон байна гэж ойр дотных нь гэр бүлд шинэ хүн мэндлэхэд сонирхон үздэг, хуучин цагийнхтай харьцуулан дурсч, хууч яриа дэлгэдэг ажээ. Тийм ч учраас өнөөгийн элбэг хангалуун нийгэмд ч энэ бяцхан хайрцгийг онгойлгох гэж ээж аавууд догдлон хүлээдэг хэвээрээ гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан