Б.МЯГМАРЖАВ
Эдийн засаг хямралтай байгаа энэ үед банкууд зээлийн босгоо чангалсан талаар иргэд ярих болсон. Тэгвэл банкуудын Монголбанканд ирүүлсэн зөвхөн арваннэгдүгээр сарын зээлийн тайланг авч үзье. Үүнд арилжааны банкууд 2016 оны арваннэгдүгээр сард 986782.3 сая төгрөгийн зээл олгожээ. Эндээс хамгийн их буюу 471491.0 сая төгрөгийг бусад зээлд олгосон бол түүний дараагаар 359865.5 сая төгрөгийг цалин, хэрэглээ, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан картын зээл хэлбэрээр 692787 иргэнд олгожээ. Ингэхдээ нэг жил хүртэлх хугацаатай зээлд 216170.8 сая төгрөг, нэгээс тав хүртэлх жилийн хугацаатай зээлд 139975.0 сая төгрөг, таваас дээш жилийн хугацаатай зээлд 4319.0 сая төгрөгийг олгосон байна. Зээл олгосон тухайн сард хугацаа хэтэрсэн болон хэвийн бус муу зээл гарч ирээгүйг дурджээ.
Үүний дараа бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээний салбар зуузай холбон орж орж буй. Энэ салбарт 171412.5 сая төгрөгийн зээлийг арваннэгдүгээр сард гаргасан байх аж. Харин хамгийн бага буюу 108.0 сая төгрөгийг мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны зардлыг дэмжихэд олгожээ. Зээлийг нэгээс тав хүртэлх жилийн хугацаатайгаар нийт 45 иргэнд олгоод байгаа гэнэ. Тус зээлийн жигнэсэн дундаж хүү 22.6 хувьд хүрчээ. Харин зээлийн дундаж хугацааг 24.9 сараар тооцож. Дээрхээс харахад монголчууд ямар нэгэн баяр ёслол дөхөхөөр цалингийн болон тэтгэвэр, хадгаламж барьцаалсан картын зээл авдаг нь тодорхой. Удахгүй үндэсний уламжлалт баяр “Цагаан сар” болно. Тэгвэл хоёрдугаар сард хэрэглээний болон цалингийн зээл нийт зээлийн дийлэнх хувийг эзлэх нь лав. Өнгөрсөн жилүүдэд “Цагаан сар” дөхүүлээд тэтгэврийн зээл авах гэсэн ахмадууд банканд дугаарлан зогсох байдал хэвийн үзэгдэл байсан.
Монголбанкны хувьд банкуудаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад олгож буй зээлийн тайланг улирал тутам авч нэгтгэдэг. Ингэхдээ банкны салбарын нэгдсэн зээлийн тайланг гаргадаг.Тухайн улиралд олгосон, төлөгдсөн зээл, үлдэгдлийг тухайн зээлийг авч буй салбар болон улс, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, иргэд хэмээн ангилдаг. Мөн олгосон зориулалтаар гаргадаг. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллыг ҮСХ, Сангийн яамтай хамтран Олон улсын аргачлалын дагуу боловсруулан гаргасан. Мөн олгосон зээлийн дээд, доод жилийн хүүгийн хязгаарыг тусган харуулдаг онцлогтой.
1072 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна
Иргэдийн хувьд хэрэглээний зээлээс гадна орон сууцны зээлийг хамгийн их сонирхдог. Тэгвэл 2016 оны арваннэгдүгээр сард арилжааны банкууд барилгын салбарт 36806.8 сая төгрөгийн зээлийг 2700 зээлдэгчид олгожээ. Тухайн сард 1072 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 88 мянга 555-д хүрчээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3,979.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3,082.9 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна. Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 9.2 хувьтай байлаа. Арваннэгдүгээр сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 18.8 жил байна. Нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ дунджаар 60.3 сая төгрөг хүрсэн нь өмнөх сараас 8.7 сая төгрөгөөр өссөн. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.1 хувь, чанаргүй зээл 1.3 хувьтай байна. Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 86.5 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар буурчээ.
Нийт ипотекийн зээлтэй иргэдийн 64 мянга 868 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд хамрагдсан. Үүнээс 3916 нь таван хувийн хүүтэй зээлд, 1331 нь найман хувиас таван хувь руу шилжсэн зээлд хамрагджээ. Харин 20 мянга 470 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдаад байна.
Санхүүгийн байгууллагын чанаргүй зээл өсчээ
Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас гурван хувь буюу 351.5 тэрбум төгрөгөөр өсч, 12.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд М1 мөнгө 8.4 хувь, бусад хадгаламж, харилцах 1.9 хувиар өссөн нь нөлөөлөв. Мөнгөний бодлогын зөвлөлийн 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар Бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 14 хувь болгох шийдвэр гаргасан. Тухайн сард Монгол улсын Хөгжлийн банк улсын байгууллагууд болон хувийн хэвшилд олгосон 3.2 их наяд төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлсэнтэй холбоотойгоор санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл буурч 16.3 их наяд төгрөг болов. Харин санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.6 нэгж хувиар өсч 6.5 хувьд хүрэв. 2016 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар санхүүгийн байгууллагуудын зээлийн 76.4 хувийг хадгаламжийн байгууллагууд, 23.6 хувийг бусад санхүүгийн байгууллагуудын олгосон зээл бүрдүүлж байна. Нийт зээлийн 48.1 хувийг иргэдэд, 45.4 хувийг хувийн хэвшилд, 6.5 хувийг улсын байгууллагуудад олгожээ. Хадгаламжийн байгууллагуудын нийт зээлд хугацаа хэтэрсэн зээл 7.3 хувь, чанаргүй зээл 8.5 хувийг эзэлж байна. Татан буугдсан банкуудын мэдээллийг хасч тооцвол чанаргүй зээл долоон хувийг эзлэх болов.