“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарж, терроризмтой хамтран тэмцэхээр АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар тохиролцжээ.
АНУ-ын Ерөнхийөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар бямба гарагт утсаар ярьсан байна. Д.Трамп тангараг өргөснөөс хойш тэд анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм.
Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд “хоёр улсын удирдагчид Украины хямрал, Ираны цөмийн хөтөлбөр болон Солонгосын хойг зэрэг дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн хоёр улсын удирдагчид хэзээ, хаана биечлэн уулзахыг шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар талууд тохиролцсон” гэжээ.
Харин Цагаан ордон ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Гэхдээ ОХУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч Д.Трамп нэг бус удаа илэрхийлж байсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялахад Д.Трампт ОХУ тусалсан гэсэн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын албаныхан гаргасан билээ.