Б.СЭВЖИДМАА
Дональд Трамп улсынхаа өмнөд хил дээр “Хэн ч нэвтэрч чадашгүй том, өндөр, хүчирхэг, гоё хана босгохыг хүсч байна” гэж хэдэн сарын өмнө хэлэхэд наргиан мэтээр ойлгосон хүмүүс цөөнгүй бий. Гэвч энэ тоглоом, шоглоом биш байсныг Трамп ажлаа авсан зургаа дахь өдрөө харуулж, жинхнээсээ хана барих зарлигт гарын үсэг зурлаа. Одоо харин Трампын хүсээд байгаа тэр хэн ч нэвтэршгүй хана нь хэр өндөр, хэр хүчирхэг, бас хэр “гоё” болохыг бодитойгоор ярих цаг иржээ.
АНУ-Мексик хоёр улсын хил 1900 миль буюу 3100 км үргэлжилдэг. Үүнээс 1000 милийг нь Трамп ханаар тусгаарлахыг хүсч байгаа юм. Уг нь, одоо хоёр улсын хилийн 600 шахам миль газарт хашаа татсан байгаа ч Трамп хашаанд үл итгэн, зөвхөн хана барихыг л хүсч буй.
Түүхэнд “Трампын хана” гэж тэмдэглэгдэх нь дамжиггүй хилийн энэ хаалтын зардлын төсөв найман тэрбум ам.доллар гэж эхэндээ тооцож байсан ч 10-12 тэрбум ам.доллар болж магадгүй хэмээн сүүлд нэмэгдсэн. Гэхдээ энэ зөвхөн Трампын тооцоо бөгөөд Массачусетсын их сургууль 1000 миль хана барихад 27-40 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж зарлажээ. Тэгвэл “Bernstein” хэмээх судалгаа, хөрөнгө оруулалтын фирмийн тооцож үзсэнээр 15-25 тэрбум ам.долларын зардал элбэг гарахаар байгаа аж.
Үргүй зардлыг бууруулна гэж амлан, Ерөнхийлөгчийн онгоцыг шинэчлэхээс ч татгалзсан Д.Трамп хилийн хана барих энэ нүсэр өртөгтэй ажилд улсаасаа мөнгө гаргахгүй санаатай байгаа. Тэрээр мексикчүүдийн эсрэг хана бариулчихаад мексикчүүдээс мөнгийг нь гаргуулах бодолтой байгаа юм. Гэхдээ яаж хөршийнхөө халааснаас мөнгө гаргах вэ гэдгээ Д.Трамп одоохондоо зарлаагүй. Ямартай ч, эхлээд өөрсдөөсөө мөнгө гаргаж барьсан ч яваандаа Мексикээр 100 хувь нөхөн төлүүлнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн.
Зүв зүгээр сууж байгаад 40 шахам тэрбум ам.долларын “өрөнд” уначихсан мексикчүүд одоо хэрхэх бол гэдэг сонирхол татаж байна. Трампын мэдэгдэлтэй зэрэгцээд Мексикийн улстөрчид уур бухимдал, эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ. Тэр дунд Мексикийн Ерөнхийлөгч асан Винсент Фокс Твиттерт Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерт хандан “Хараал идсэн хананд чинь бид мөнгө төлөхгүй” хэмээн жиргэсэн нь мексикчүүдийн эсэргүүцлийг хамгийн товчхоноор илэрхийлсэн хэрэг боллоо. Тэд Д.Трампын шийдвэрийг улс орныг нь доромжилсон хэрэг гэж үзэж байна.
Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето ирэх долоо хоногт АНУ-д айлчилна. Айлчлалын өмнө зочлогч улс нь ийм алхам хийсэн нь гарцаагүй Мексикийг доромжилж буй хэрэг гэж улстөрчид нь үзэж, төрийн тэргүүнээ айлчлалаа цуцлахыг шаардаж байна.
Харин Ерөнхийлөгч Энрике Пена Ньето айлчлалаа цуцалсангүй. Гэхдээ АНУ-ын барих хана хэрэмд Мексик улс мөнгө төлөхгүй гэдгийг тодорхой мэдэгдлээ. “Мексик улс ямар ч хананд мөнгө төлөхгүй гэдгийг давтан хэлье” гэж видео мэдэгдэл хийсэн Ньето Вашингтонд ажиллаж буй албаны хүмүүсээ ямар мэдээтэй эргэж ирэхийг хүлээж байгаа аж. Тус улсын төлөөлөгчид ойрын өдрүүдэд Трампын засаг захиргааныхантай уулзах бөгөөд энэ уулзалтын дараа Мексикийн тал хэрхэхээ шийдэх гэнэ.
Ямартай ч, Энрике Ньето Гадаад харилцааны яам болон АНУ дахь 50 Консулын газартаа өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахыг даалгасан байна. Тэрээр мөн улсынхаа хууль тогтоох байгууллагыг зарлан хуралдуулж, цаашид цагаач иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах тухай хэлэлцэхээр болсон байна.
Мексикийн улс төрийн тавцанд уур амьсгал ширүүн байгаа ч төрийн тэргүүн нь мэдэгдэлдээ АНУ-д хүндэтгэлтэй хандаж байгаагаа дурдаад, үүний хариуд мөн хүндлэл хүсч байна гэдгээ ч хэлсэн. Харин Д.Трамп түүний хүсээд байгаа хүндлэлийг үзүүлж чадах уу гэдэг эргэлзээтэй.
“Америкчууд Нэгдүгээрт” гэсэн бодлого баримталж буй тэрээр Сири, Ирак, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен зэрэг дэлхийн халуун цэг болсон үймээн самуунтай байгаа Хойд Африк, Ойрхи Дорнодын улс орны иргэдэд виз олгохгүй гэсэн зарлиг гаргаж магадгүй байна. Энэ нь нэг талаар улсынхаа иргэдийг терроризмын аюулаас сэргийлэх гэсэн зорилготой боловч АНУ-ын нутаг дэвсгэр дээр алан хядлага үйлдсэн этгээдүүд эдгээр улс орны иргэд байгаагүй гэдгийг сануулах хэрэгтэй. Есдүгээр сарын 11-ний халдлагад холбогдсон хэрэгтнүүдийн 15 нь Саудын Араб, хоёр нь Эмират, нэг нь Египет, өөр нэг нь Леваны иргэн байсан юм. Сүүлд АНУ-д гарсан халдлагууд ч дандаа исламын шашинт өөрсдийнх нь иргэд байсан билээ.