Доктор Ажеу Леле
Энэтхэгийн Сансар судлалын байгуулага (ЭССБ) 2016 оны есдүгээр сард найман хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай орууллаа. Энэхүү PSLV C-35 сансарын нислэг олон талаараа өвөрмөц болсон. Энэхүү нислэг нь Энэтхэгийн хамгийн их найдвар бүхий ажлын морь, Туйлын Хиймэл Дагуул Хөөргөх Төхөөрөмж (ТХДХТ) буюу PSLV найдвартай сайн ажиллаж байгааг дахин нотолсон. Энэ бол 36 дахь удаа дараалан амжилттай болсон сансрын нислэг байв. Мөн энэ нислэгээр Энэтхэгийн цаг уурын хиймэл дагуулыг тойрог замд оруулсан. Энэхүү нислэгээр ЭССБ анх удаа ганц оролдлогоор хиймэл дагуулуудыг янз бүрийн тойрог замд оруулсан. Ганц нислэгээр хиймэл дагуулуудыг хоёр өөр тойрог замд оруулах явдал дэлхийд тун цөөн байдаг.
Саяхан Европын Холбооны Вега хөөргөх төхөөрөмж дээрх чадамжийг харуулсан.
PSLV C-35 нь 371 кг жинтэй цаг уурын хиймэл дагуул (SCATSAT-1)-ыг Туйлын нартай нэг тойрог зам (Polar SSO) -д 720 км өндөрт оруулсан. PSLV-н стандартын дагуу хөөрснөөс ойролцоогоор 17 минутын дараа уг хиймэл дагуул тойрог замд орсон байна. ЭССБ-ын эрдэмтдийн өмнө тулгарч байсан техникийн чухал сорилт нь үлдсэн долоон хиймэл дагуулыг харилцан өөр өөр тойрог замд оруулах явдал байв. Энэ бол ЭССБ-ын хамгийн удаан буюу 2 цаг 15 минут үргэлжилсэн даалгавар байв. PSLV-н хамгийн сүүлчийн буюу дөрөвдөгч шатны ажил нь шаардлагатай маневрүүдийг хийх, эдгээрээс гол сорилт нь ойролцоогоор хоёр цагийн хугацаанд хөдөлгүүрийг хоёр удаа асааж унтраах явдал байсан. Дөрөвдөгч шатны ажил дуусмагц, SCATSAT-1 хиймэл дагуул тойрог замд орсон. Нэг цаг таван минутын дараа PSLV-н хоёр хөдөлгүүрийг дахин асааж, 20 секунд асаалттай байлгаад унтраасан. Энэ нь хөлгийг зууван хэлбэрийн тойрог замд ороход тусалсан ба 50 минутын дараа PSLV-н дөрөвдөгч шатны хөдөлгүүрийг дахин асааж дахин 20 секунд асаалттай барьсан. Энэхүү хоёрдогч асаалт нь үлдсэн долоон хиймэл дагуулыг төлөвлөж байсан тойрог замдаа орох бололцоо олгосон.
SCATSAT-1 нь Энэтхэгийн цаг уурын судалгааны тоног төхөөрөмжид чухал нэмэлт хэрэглүүр болсон. Энэ хиймэл дагуул нь Энэтхэгийн цаг уурын урьдчилан мэдээлэх, болж магадгүй циклоны детест хийх болон эрлийн үйлчилгээг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой болсон. SCATSAT-1-г бас 2009 онд таван жилийн хугацаатай тойрог замд оруулсан Oceansat-2-н шинэчилсэн хувилбар хэмээн ойлгож болно. SCATSAT-1 нь техникийн шинэ дэвшилтэт чадамжийг өөртөө шингээсэн учраас өмнөх хувилбараасаа илүү нарийвчлалтай мэдээлэл дамжуулах боломжтой хэмээн үзэж байна.
Энэхүү нислэгийн үеэр цаг уурын хиймэл дагуулаас гадна дээрээ Энэтхэгийн тэмдэг бүхий хоёр өөр хиймэл дагуул байсан болно. Эдгээр нь PISAT ба PRATHAM хэмээн нэрлэгдсэн, боловсролын байгууллгууд хийж, хөгжүүлсэн дагуулууд юм. Үлдсэн дагуулууд нь худалдааны ашиг олох Алжираас гурван хиймэл дагуул (ALSAT-1B, 2B and 1N), Канад (NLS-19) болон Америк (Pathfinder-1)-с тус бүр нэг нэг хиймэл дагуул байсан болно.
Энэхүү сансрын даалгаврын анхаарлын гадна орхиж болохгүй нэг чухал тал нь Энэтхэг нь Их сургуулийн оюутнууд хиймэл дагуул зохион бүтээх ажлыг дэмжиж байгаа явдал билээ. ЭССБ нь сүүлийн хэдэн жилд сансар судлалын хөтөлбөрт оюутнуудыг татан оруулахыг дэмжиж байгаа. 2009 оноос хойш ЭССБ нь оюутнуудын зохион бүтээсэн есөн хиймэл дагуул хөөргөжээ. ЭССБ нь оюутнуудад зохион бүтээх талаарх техник, үйлдвэрлэл ба туршилтын зөвлөгөө өгдөг. Гэхдээ хиймэл дагуулуудыг төлөвлөх, зохион бүтээх ажлуудыг оюутнууд өөрсдөө хийдэг.
Ийм бүтээгдэхүүний нэг нь Бомбайн Энэтхэгийн Технологийн Институт (IIT-B)-ын оюутнуудын бүтээл PRATHAM бөгөөд энэ нь тэдний уйгагүй хүчин чармайлт, сэтгэлгээ, төлөвлөлт, сургалт, туршилт, зохион бүтээлт, үйлдвэрлэлийн бараг нэгэн арван жилийн турш хийсэн ажлынх нь үр дүн юм. Ионосферийн нэг квадрат км огторгуйн торон дахь нийт электроны тоог тооцох арван кг-ын жинтэй микро-хиймэл дагуулыг зохион бүтээсэн. Энэхүү хиймэл дагуулын төсөв нь ойролцоогоор 1.5 кроре (15 сая) болжээ. IIT-B-н оюутнууд мөрөөдлөө бодит ажил болгохын төлөө шургуу ажилласан. Энэ ажлыг санаачлагчид өөрсдийн мөрөөдлөө хоёр жилд хэрэгжүүлнэ хэмээн анх төсөөлж байсан бол төслөө самбарт зурж төлөвлөж байснаас бодит хөөргөлт болж ажлаа дуусгах хүртэл найман жил өнгөрч долоон өөр төгсөлт дамжсан оюутнууд уг төсөлд оролцжээ. Оюутны хамтлаг төслийг удирдахын хамт төгсөж байгаа оюутнууд уг төслийн үндэс суурийг дараачийн оюутнуудад системтэй хүлээлгэн өгч байсан.
IIT-B-ын хиймэл дагуул Ионосферийн нийт электроны тоог тооцох уг мэдээлэл нь цунами детект хийх, холбооны алдааг бууруулах, GPS системийн Энэтхэг хувилбарын нарийвчлалыг сайжруулахад туслах бололцоо олгосон.
PSLV C-35 зөөж тойрог замд оруулсан өөр нэг хамт зорчигч нь Бенгалор дахь PES Их Сургууль, түүний консерциумын оюутнуудын оролцоотой бүтээсэн PISAT хиймэл дагуул юм. 5.25-кг алсын мэдрэмжтэй нано-хиймэл дагуул нь Энэтхэгийн төвлөсөн Дэлхийн фото зураг авах зорилготой бүтээгдсэн. Энэ нь гурвантэнхлэг бүхий дүрс тогтворжуулагч систем, хиймэл дагуулын их биедээ телеметр, телекоммандын системтэй бөгөөд дагуулыг хөөргөсний дараах байршлыг хянах, тогтворжуулахад нь тусална.
PSLV C-35-г сансарт хөөргөсөн явдал бол ЭССБ-ын шинэлэг чанарын илэрхийлэл төдийгүй Энэтхэгийн сансар судлалын агентлаг нь өөрийн сансрын хөтөлбөртөө нийгэм-эдийн засгийн ач холбогдол өгдөг. Урагш тэмүүлсэн байгууллага байж ирсний нотолгоо юм. Одоо залуу оюун ухааныг улам их татан оруулж, пуужингийн өнөө цагийн эрдэмтэд ирээдүйн бүхий л үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлаа “шинэ залуу” цусаар сэлбэн тэтгэх ажлыг идэвхтэй дэмжин хэрэгжүүлж байна.
PSLV-C35-н халуунаас хамгаалах хоёр хавхлагийн хооронд байрлаж буй SCATSAT-1 хиймэл дагуул
Бүрэн угсрагдсан PSLV-C35 үйлчилгээний хөдөлгөөнт таур дахь зогсоолд байгаа нь
Энэ нийтлэл нь 2016-11/12-р сарын ‘ИНДИА ПЕРСПЕКТИВИС’-т хэвлэгдсэн.
Англи хэлнээс орчуулсан
Доктор Я.Нямдорж