Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт монголчуудыг хямралаас гэтэлгэж халаасыг нь түнтийлгэнэ



-Ойрын жилүүдэд нэг унци алтны үнэ 1400 ам.долларт тогтворжино-


Манай улсын эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байна хэмээн судлаачид хэлэх болсон. Өнгөрсөн онд эдийн засаг хүндхэн байж 0.3 хувийн өсөлт үзүүлсэн. Тэгвэл энэ онд 2.3 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. Учир нь гадаад валютын нөөц хасагдах бус нэмэгдэж эхэлсэн, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд, донор орнуудаас мөнгөн тусламж авах болсон, нүүрс, зэс, алт гээд экспортын гол ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсч байна гэсэн олон жишээ дурдаж сэргэлтийн жил хэмээж буй. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495 сая ам.долларын орлого орж иржээ.  Энэ нь өмнөх оныхоос  76 хувь буюу 214  сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Мөн төлбөрийн тэнцэл 289  сая гаруй ам.долларын ашигтай гарсан нь гадаад валютын нөөцийг өсөх чиглэлд зүтгэхэд нөлөөлсөн байна. Эдгээрээс гадна алт тушаалт өссөн нь эдийн засгийн хямралыг эмчлэх нэг тун, ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж юм. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар алт олборлолт манай улсын ДНБ-ий 2.6, экспортын орлогын 9.1 хувийг тус тус эзэлдэг гэдэг.

Монгол Улсын гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 265 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт. Гадаад валютын нөөц ийнхүү өсөхөд иргэд, аж ахуйн нэгжийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нөлөөлөв. Өнгөрсөн онд төв банк 18 тонн алт худалдан авсан байна. Он гарснаас хойш 1.1 тонн алт худалдан авсан мэдээлэл бий. Энэ нь мөн л өмнөх жилүүдээс өндөр үзүүлэлт юм. Иймд энэ онд алт тушаалт 20 тоннд хүрэх төлөв байгаа аж. Иргэдийн дунд “урт нэртэй” хэмээн алдаршсан хууль 2009 онд хэрэгжиж эхэлсэнээс хойш алт олборлолт, тушаалт эрс буурсан билээ. Ингээд 2013 онд алт олборлолтыг дэмжиж татварын таатай орчин бүрдүүлсэн бодлого баримтлах болсон. Үүнээс хойш алт олборлох, тушаалт бага багаар өссөн үзүүлэлт гарч буй юм.  

Мөн Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтоол гаргаад байгаа. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ. Үүний үр дүнд 2020 онд алт олборлолт 25 тоннд хүрнэ хэмээн тооцсон. Учир нь жилд олборлох алтны хэмжээ 2-3 тонноор нэмэгдэнэ хэмээн үзжээ.  Ингээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр улсын төсөвт 33-59 тэрбум төгрөг оруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна алтны хайгуул идэвхижиж нөөц нь 100-150 тонноор нэмэгдэх боломжтой аж.
Монголын экспортын 80 хувь нь Хятадын зах зээлд борлуулагддаг. Жишээ нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэрийг тус улс худалдан авдаг. Иймд манай улсын гадаад валютын орох урсгал тус улсын худалдан авалт, зах зээлийн үнэ ханшаас ихээхэн шалтгаалдаг гэсэн үг. Тэгвэл зөвхөн алт л олон улсын зах зээл буюу Англи, Швейцарьт борлуулагдаж буй юм.

Энэ онд дэлхийн зах зээлд алтны үнийн савлагаа бага байх төсөөлөл гарсан. Нэг унци алтны дундаж үнэ өнгөрсөн онд 1248 ам.долларт хүрсэн юм. Судлаачид энэ онд алтны үнэ төдийлөн өсөхгүй тогтвортой байх төсөөлөл хийгээд байгаа. Учир нь, дэлхийн зах зээлд алтны нийлүүлэлт эрэлтээ давсан хэмээн үзэж буй. Гэвч алтыг эрсдэлээс хамгаалах найдвартай гарц, хөрөнгө санхүүгийн зах зээлд амархан хөрвөх чадвартай хэрэгсэл   гэдэг. Иймд ойрын жилүүдэд нэг унци алтны үнэ 1400 ам.долларт тогтворжино гэсэн төсөөлөл давамгайлж байна.  Үүнд дэлхийн эдийн засгийн хямрал, улс төрийн байдалд шууд нөлөөлөх нь. Тэгэхээр манай улсыг хямралаас гарахад алт гол үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй болж таарч байгаа юм. Дэлхийн банк өнгөрсөн онд гаргасан эдийн засгийн төлөв байдлын тайландаа ашигт малтмалын үнийн төсөөллийг тусгасан байдаг. Уг төсөөллөөр тооцож үзвэл алтны салбар манай улсын эдийн засагт энэ онд 371.8 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь. Харин ирэх онд буурч 284.8 сая ам.доллар болох ажээ. Ингээд алтны ирээдүйтэй хайгуул, олборлоход бэлэн болсон төслийн талаар дор дурдая.
Гацууртын алтны үндсэн орд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт  бий. Энэ ордыг “Сентерра гоулд” компани эзэмшдэг. Ашиглах гэж олон жил ярьж УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан удаатай. Учир нь эртний түүх дурсгалт Ноён уулыг хөндөнө гэсэн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй юм. Тус ордыг ашиглах бэлтгэл ажлаа өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Алтны нөөц нь 50 тонн. ТЭЗҮ-д тусгаснаар жилд 150 тонн хүдэр боловсруулна гэж байгаа. Мөн 3.7 тонн мөнгө олборлох ёстой.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Хармагтай”-н зэс, алтны төсөл хэрэгжиж байна. Уг төслийг “Ханаду Майнз” компани хэрэгжүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх хайгуул хийж буй юм. Одоогоор тус ордод алтны 13.4, зэсийн 88.4 мянган тонн нөөцтэй дэд бүтэц сул хөгжсөн орд.
Монгол орны өмнөд хэсэгт илэрсэн Оюу толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцын хувьд нэг байршилд оршдог газарт “Конкира коппер” компани  алт, зэс молибденын хайгуулын “Бронз фокс” төсөл хэрэгжүүлж байна.  Энд “Айвенхоу майнз Монголиа Инк” компани 2004-2009 онд хайгуулын ажил идэвхтэй хийжээ. Үүнээс хойш “Конкира коппер” компани  2012 онд уг төслийг авч хайгуул хийх болов. Хайгуулын ажлын үр дүнд гурван цэгт зэс, алт, молибден байгааг илрүүлсэн. Ингээд эдгээр ордод ашигт малтмалын томоохон нөөц ил­рэх ирээдүйтэй хэмээн үзэж буй аж. Одоо­гоор 1200 метр гүн өрөмдөхөд хөрс­ний тонн тутамд нь 1.5 гр алт байгааг тогтоогоод байна. Цаашид илүү гүн өрөмдлөг хийвэл алтны агуу­­ламж нь нэмэгдэх магадлалтай гэ­нэ. Тус ордыг ашиглахад хүрвэл дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн юм.
Төв аймгийн Бүрэн суманд Баян-Уулын алтны үндсэн орд гэж бий. Үүнийг Виржиний арлуудаас хөрөнгө оруулалттай “Милленниум сторм” компани эзэмшдэг. Тус ордод алтнаас гадна зэс, молибден илэрчээ. Одоогоор алтны нөөц нь 24 тонн хэмээн үзэж байгаа юм. Гэвч дэд бүтэц сул хөгжсөн тул ашиглахад хүндрэл учирч ихээхэн хөрөнгө мөнгө шаардах нь.

Улаанбаатараас 140 км зайтай Улаанбулагийн алтны үндсэн орд байрладаг. Уг ордыг эзэмшигч нь “Бороо гоулд” компани. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ч одоогоор үйл ажиллагаа нь эхлээгүй. Нэг тонн хүдэрт 1.14 грамм алт агуулагдаж буй. Алтны нийт нөөц 4.2 тонн бөгөөд газрын гадаргаас 30-100 метрт оршиж байна.
Алтан цагаан овоогийн алтны үндсэн орд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд оршдог. Тус ордыг “Сентерра гоулд” компани эзэмшдэг. Одоогоор олборлолт эхлээгүй, 28 тонн алтны нөөцтэй ажээ.
Монгол Улсын алт олборлолт 1992 онд 0.8 тонн байсан. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлж байсан тул хямрал нөмрөн авсан билээ. Иймд хямралыг гэтлэхийн тулд “Алт хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь үр дүнгээ өгч хямралаас гарсан ч байгаль орчин сүйтгэсэн сөрөг үр дагвар гарч ирсэнийг эдийн засагчид хэлдэг. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2005 онд Монгол Улс 24.1 тонн алт олборлож байсан удаатай.  Ингээд 1992-2012 онд нийт  218 тонн алт олборлож  2.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлосон дүн бий.  Монгол улсын Эрдэс баялгийн санд одоогоор 2000 гаруй тонн алтны нөөц бүртгэгдсэн байдаг.
Иймд алт олборлолтоо нэмэгдүүлж эдийн засгийн хямралаас гарах, гадаад валютын нөөцөө өсгөх, хөрөнгө оруулалт татах боломж хэмээн Засгийн газар харж байна.

Т.ЖАНЦАН

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан