Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МСС: Авсан 49 хувийг цуцалвал бүх зардлаа Засгийн газраар төлүүлнэ


-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ОХУ-д буцаж очих гэнэ-


Т.ЦЭЛМЭГ


Монголын зэс корпора­цийн ТУЗ-ийн дарга, “Эрдэ­нэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар, Худал­­даа хөгжлийн банк­ны гүйцэтгэх захирал, “Эрдэ­нэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн О.Орхон, ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд нар өчигдөр 17 цагт мэдээлэл хийсэн. Тэдний үзэж буйгаар хэт нэг талыг барьсан дүгнэлт УИХ-ын ажлын хэсэг гаргаж, тайлбар өгсөн холбогдох хүмүүсийн байр суурийг тусгаагүй хэлж байлаа. Мөн ХХБ-нд Монголбанк шалгалт хийх ёстой, хохирол урчуулсан гэх буруутайг зөвхөн шүүх тогтоодог. УИХ-ын Ажлын хэсгийн энэ дүгнэлт нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөллөө гэсэн бол хамгийн ноцтой нь “Эрдэнэт”-ийн 49 хувь ОХУ-д буцах эрсдэл бий болсон гэлээ. 

Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар:
Ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компани ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлт дөрвөн удаа тавьсан. Гэвч бидэнд боломж олгоогүй. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой бүх төрлийн мэдээллийг манай компани хүргүүлсэн. Энэ сарын 10-ны өдөр О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар миний бие ажлын хэсгийн гишүүдийн асуултад хариулсан. Гэтэл бидний хариултыг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүй, хэтэрхий нэг талыг барьсанд харамсч байна. Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзээд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох талаар яригдсан байна. Хэрэв ингэх юм бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь нь ОХУ руу буцна. Ийм байдал үүсвэл компанийн зардал, ирээдүйд олох байсан орлогыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэх нөхцөл байдал үүсч байна.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн О.Орхон:
ХХБ зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Ажлын хэсгийн дүгнэлт санал дотор ХХБ-ны талаар олон асуудал оржээ. Энэ дүгнэлт нэг талыг барьсан, банкны нэр хүндэд ноцтой халдсан гэж үзэж байгаа. Банк дангаараа 400 сая ам.долларын санхүүжилт хийсэн мэт олголт дүгнэлтээр өгсөн байна билээ. Ийм зүйл байхгүйг хэлье. Өнөөдрийн байдлаар Монголын зэс корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай нийт зээлийн багахан хувийг эзэлж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зориулсан эх үүсвэрийн зээл байхгүй. ХХБ Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн зуучлалын үндсэн үүргээ гүйцэтгэдэг. ХХБ Монголбанкны шалгалтад жилд хоёр удаа ордог. Албан ёсны дүгнэлт хийх ёстой байгууллага нь Монголбанк.

ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ:
ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Банкны үйл ажиллагаа хэвийн болон хэвийн бус явж байгааг Монголбанк, олон улсын аудитын байгууллага дүгнэдэг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтийн цаана манай банкны нэр хүндийг гутаах гэсэн хандлага яваад байна уу гэх хардлага төрж байна. Бид олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон 115 сая ам.долларын төлбөрөө төлсөн. Энэ бол төлбөрийн чадвартай байгаагийн илэр­хийлэл. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ОХУ-д байсан учраас Монгол Улсын хэн ч хохироогүй. Харин энэ үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол нэг талыг барьсан дайралт хийж байна. Түүнд хувийн ашиг сонирхол байна уу гэдэг нь анхаарал татаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд:
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сон­гогч­­дын сэтгэл санаанд нөлөөлсөн. Удахгүй бид хэдэн сарын дараа Ерөнхийлөгийн сонгуульд орох гэж байгаа энэ босгон дээр асуудлыг дэвэргэж байгаа нь ойлгомжтой. Сонгуу­лийн босгон дээр янз бүрийн асуудлыг дөвийлгөж ярьдаг. Хувьчлалаас хойш хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монголын зэс корпораци тодорхой хяналт тавьж эхэлсэн. Хувьчлал явуулж байх үед гадаадын хэд хэдэн компани өрсөлдөгчөөр оролцсон. Ямар нэгэн байдлаар худалдан авч чадаагүй. Учир нь ОХУ, Монгол Улсын хооронд нөхөрсөг найрсаг харилцаа байдаг гэдгийг бодолцож Монголын талд худалдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ наймааг өөртөө ашигтайгаар эргүүлэх сонирхол зарим улс орны аж ахуй нэгжид байгааг үгүйсгэхгүй. Энэ үйлдвэрт бараа шахдагийг өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанаас харж болно. Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон байлаа ч хууль зөрчсөн гэдгийг тогтоодог юм биш. УИХ-ын гишүүн бол хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Гэтэл хууль шүүхийн байгууллагаас ингэж тогтоогоогүй байхад хууль зөрчсөн гэж ажлын хэсэг дүгнэж байна. Хувьчлалтай холбоотой хохирогч, ямар ч нэхэмжлэл гаргаагүй байхад ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэж байна.

0 Сэтгэгдэл
Хүний хөрөнгийг эсвэл баригдах эсэх нь мэдэгдэхгүй байгаа байхгүй зүйлийг барьцаалаад зээл авчихдаг гэнээ. Одоо бид манай нэг найзын тэрний байшин байгаа тэрийг барьцаалаад зээл авч болох нээ ХХбанкнаас. Амьд явахад ч ёстой үзээгүй юмаа үзэх нь дээ
Хамгийн их уншсан