Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турсан Эдийн засгийн зээлийн хүү таргалж байна

Т.ЖАНЦАН

Арилжааны банкуудын нийт актив 25 их наяд төгрөг давсан тухай Монголбанкнаас мэдээлээд байгаа. Монголын банкуудын холбооны статистикаас харвал  нийт гаргасан зээл нь 12.6 их наяд төгрөгт хүрчээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн онд аажмаар өсч нийт зээлийн 9.2 хувь буюу 1.1 их наяд төгрөг болсон бол хугацаа хэтэрсэн зээл 6.3 хувьтай байна. Ялангуяа, уул уурхай, барилгын салбарт олгосон зээлийн чанар хамгийн их муудсан дүн бий. Учир нь, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан, орон сууцны борлуулалт зогсонги байдалд орсон зэрэг нь нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, 2013 оноос эхлэн эдийн засгийн өсөлт буурч өнөөдөр хямралын хэмжээнд хүрсэн явдал чанаргүй зээлийг өсгөж орхисон билээ. Тэгвэл олгосон зээл нь төлөгдөхгүй удах, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх бүрт банкууд алдагдалд ордог. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард арилжааны банкууд 18.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэвч арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн харьцаа нийт активын 17.3 хувьтай байгаа нь Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтээс дээгүүр дүн. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Энэ нь удаан үргэлжилбэл зээлийн чанар улам л муудаж банкууд хүнд байдалд орох нь мэдээж. Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Төв банкнаас арилжааны банкуудаа дэмжих бодлого баримталж тодорхой арга хэмжээ авна. Манай улсад чанаргүй зээлийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, дэд бүтэц сул. Энэ хямралаар чанаргүй зээл эрс нэмэгдэхэд илүү тод илэрч байна. Чанаргүй зээл нь эдийн засаг дахь мөнгөний урсгалыг зогсонги байдалд оруулдаг төдийгүй банкны салбарт хор уршигтай зүйл. Монголбанк чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хууль батлагдвал банкуудаас чанар­гүй зээлийг нь худалдан авч эдийн засгийн эргэлтэд оруулах Активын удирдлагын компани байгуулна. Иймд банкны салбарын хүндэрлийг шийдэх чухал алхам болно” хэмээн мэдэгдсэн билээ.  Тэгэхээр сар, улирал бүр нэмэгдэж буй банкуудын чанаргүй зээлийн асуудлыг шийдэх гарцыг Төв банк ийн олоод буй аж.
 
Зээлийн жилийн дундаж хүү нь 20 хувьд хүрчээ

Монголын санхүүгийн зах зээлийн 94 хувийг банкны салбар эзэлдэг. Хэрэглээнээс өгсүүлээд хөрөнгө оруулалт хүссэн хүн бүр арилжааны банкыг зорьдог гэсэн үг юм. Харин арилжааны банкны зээлийн хүү өндөр, түүнийг буулгах ёстой гэсэн санал шүүмжлэл байнга гардаг. Иймд зээлийн хүү буурахаас илүү өсөх тал руу хэлбийдэг билээ. Үүнийг дагаад хадгаламжийн хүү ч бас өснө. Тэгэхээр зээл болон хадгаламжийн хүүд санхүүгийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, Төв банкны бодлогын хүү, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байдаг. Төв банкнаас хийсэн судалгаанаас харвал 2000-2012 онд зээлийн хүү харьцангуй буурч ирж. Харин өнгөрсөн онд зээлийн жилийн дундаж хүү нь 20 хувьтай болсон байна. Тэгвэл хадгаламжийн жилийн дундаж хүү 13.3 хувьтай байгаа юм. Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгийн судалгаагаар манай улсад арилжааны банкуудын зээлийн хүү өндөр ажээ. Тухайлбал, Монгол Улс дундаас доогуур орлоготой орны ангилалд багтдаг. Ингээд тус ангиллын орнуудтай харьцуулбал тав, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харьцуулбал 10 хувиар тус тус өндөр гэсэн судалгаа гарсан юм. Манай улсын арилжааны банкуудын зээлийн хүү хадгаламжийн хүүнээс ихээхэн хамаардаг жамтай. Тэгвэл хадгаламжийн хүү өндөр тогтоход инфляцын өсөлт, төгрөгийн ханшийн сулралт гол нөлөө үзүүлж иржээ. Монголбанкнаас зээлийн хүүнд хийсэн судалгаанаас харвал зээлийн хүү 2008-2009 онд 17 орчим хувь байж. Харин эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоон дүүлж байсан жилүүдэд 11.6 хувьд хүрчээ. Гэвч эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн өнгөрсөн оны гуравдугаар улиралд зээлийн хүү өсч 14 хувьд хүрсэн байна. Тэгэхээр арилжааны банкны ашигт ажиллагаа эдийн засгийн өсөлт бууралтаас ихээхэн шалтгаалдаг аж. Эдийн засгийн өсөлт өндөр үед банкуудын ашиг нэмэгдэж зээлийн хүү буурч байгаа юм. Иймд эдийн засгийн хямрал удаан хугацаанд үргэлжилбэл арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн сангийн зардал өснө. Ингээд тэд ашигтай ажиллахын тулд зээлийн хүүгээ нэмэх болно.
Хэрэв зээлийн хүү өнөөгийн түвшнээс нэмэгдвэл хэн ч банкнаас мөнгө гуйж очихгүй. Энэ нь цаашлаад “Муу дээр муу, Муухай дээр улцан” гэдэг шиг эдийн засгийн нөхцөл байдлыг улам хүндэрүүлнэ. Мөн банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлэх юм. Судлаачид энэ онд манай улсын эдийн засгийг сэргэнэ хэмээн дүгнэж буй. Гэхдээ хямрал өргөс авсан юм шиг хурдан эдгэж огцом өсөлт гарахгүй нь тодорхой. Тэгэхээр ойрын хугацаанд зээлийн хүү буурах боломж гарахгүй нь.

Нөгөө талаар судлаачид жижиг эдийн засагтай,  импорт өндөр манай улсын хувьд төв банкнаас зээлийн хүүг бууруулах бодлогын арга хэмжээ авахад түвэгтэй. Гэвч төв банкинд зээлийн хүүг бууруулах зоримог алхам хийх сорилт тулгардаг хэмээн тайлбарладаг билээ. Ингээд зээлийн хүү буурахад эдийн засгийн тогтвортой орчин, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь чухал хэмээдэг. Тухайлбал, эдийн засгийн өсөлт тогтворжсон, инфляц зорилтот түвшинд буюу найман хувиас доогуур түвшинд зээлийн хүү бууруулах бодлого хэрэгжүүлбэл үр дүнд хүрэх аж. Үүнээс гадна хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идвэхжиж тус зах зээлд эргэлдэх мөнгөний тоо өсөх тусам зээлийн хүү буурах боломж бүрдэх нь.

Мөн Төв банкны бодлогын хүү, арилжааны банкуудын хадгаламжийн хүү зээл гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Төв банкны бодлогын хүү чангараад байвал зээлийн хүү бас л өндөр тогтдог жамтай.  Бас хадгаламжийн хүү өндөр тогтож байвал арилжааны банкуудын олгох зээлийн хүү тэр хэмжээгээр өснө. Иймд Монголбанкнаас хийсэн судалгаагаар арилжааны банкуудын хадгаламжийн бага хугацаа нь нэг сар байна. Тэгвэл Төв банкнаас байнгын хэрэгслээр зээлдэх боломжтой эх үүсвэрийн хугацааг нэг сар болгон өөрчлөх нь зээлийн хүү буурахад нөлөөлөх нь. Нөгөө талаар арилжааны банкууд эх үүсвэрийн төлөө ашиггүй өрсөлдөж хадгаламжийн хүүгээ өсгөх явдал зогсох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан