Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Батжаргал: Монгол хүн баялаг бүтээхгүй байгаа нь бидний хямрал


- Түүхээс харвал хоёр хөршийн харилцаа сайжраад ирэх үед манай тусгаар тогтнол, эдийн засаг хэцүү байдалд ордог. Харин хоорондоо өрсөлдөж, зөрчилдөөд ирвэл бидэнд жаахан хожоо гарч ирсэн-


Т.ЖАНЦАН

Эдийн засгийн ухааны доктор, профессор, Сити их сургуулийн багш Р.Батжаргалтай монголчуудын эдийн засгийн сэтгэлгээ, аж амьдралын талаар ярилцлаа.

-Улсын маань эдийн засагт хямрал нүүрлэж өнгөрсөн оныг хүндхэн давлаа. Үүнээс гарах ямар гарц байна.  Энэ онд эдийн засгийн нөхцөл байдал ямар байна гэж эдийн засагч, судлаач хүний хувьд харж байгаа вэ?
-Инфляц гайгүй нэг оронтой тоонд байна. Энэ нь эдийн засгийн савлах хөдөлгөөн бага гэсэн үг. Гэвч эдийн засгийн өсөлт уналтын байдалд байгаа. Ер нь  зах зээлийн эдийн засаг дандаа савласан давалгаанд оршиж байдаг. Тэгэхээр эдийн засгийн өсөлт уналаа, хямралаа гээд цочирдох хэрэггүй. Зүй тогтолыг нь мэдэхэд болно.
Харин тэр савлах үйл явцын их бага хэмжээ гэж бий. Манай орны хувьд өнөөдөр эдийн засгийн савлагааны далайц өндөр байна. Үүнийг бид хямрал гэж хэлээд байгаа. Энэ бол аль ч эдийн засагт байдаг л үзэгдэл. Энэ хямралаас гарах гарцын талаар хүн бүр л өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна. Би өөрийн судалгаанд үндэслээд хэлэхэд хямралаас гарах гарц бол хүн бүрт байдаг аж ахуйч чанар юм. Үүнийг л сэргээх хэрэгтэй. Хүн болгон Тунгалаг тамирын Итгэлт баян шиг болох албагүй. Гэвч монголчууд бид аж ахуйч чанараа л нойрноос нь сэрээх ёстой гэж бодож байна. Ингэж чадвал энэ хямралаас хялбархан, хохирол багатай гарч чадна. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захиралууд, эмнэлгийн ерөнхий эмч нарт нэг сайхан чанар бий. Тэр нь аж ахуйч. Дээр үед тэд байгууллагынхаа хажууд туслах аж ахуй хөгжүүлээд авч явж байсан туршлага олон. Өөрөөр хэлбэл хүмүүн капитал гэж нэрлэдэг хувь хүний аж ахуйч чанарыг ашиглаж байсан юм.  Гэтэл өнөөдөр төрийн аль ч байгууллагад ийм зүйл алга. Төсөв мөнгө ингэж, тэгж үрэх гэж байна гээд байгууллагын туслах аж ахуй гэдэг зүйлийг хаасан. Хэрэв тухайн байгууллага хажуудаа туслах аж ахуй хөгжүүлэх боломжийг бүрдүүлээд өгчихвөл төсөв мөнгө хэмнэх, хөгжиж дэвжих томоохон алхам болно. Туслах аж ахуй эрхлээд байгууллагынхаа ядмаг төсвийг тордоод аваад явах нь улсын ажилд тустай. Нөгөө талаар тэр хүний манлайлал нь ажилчид, бусад хүмүүст эерэг нөлөөтэй юм. Түүнээс хүн бүр үлгэр жишээ авч өөрсдөө аж ахуйч болж эхэлнэ. Иймд хүмүүн капитал гэдэг зүйлийг гаргаж ирэх цаг нь болсон гэж би боддог.

-Тэгэхээр туслах аж ахуй нэрээр өч төчнөөн хөрөнгө мөнгө идэж уусан. Төрийн өмчийг хувьдаа завшсан гээд бөөн хэрэг мандах байх даа. Үүнийг хардах өнцөгөөс л хүмүүс харах юм биш үү?
-Тийм. Өнөөдөр бид бие биенийгээ хэтэрхий хардаж байна. Яагаад гэвэл итгэлээ алдчихсан. Манай нийгмийн алдаа нь энэ. Уг нь хүнд итгэл хүлээлгэж урам өгч байж аливаа ажилд амжилт гардаг. Гэтэл татвар, хяналтын байгууллагууд төсвийн мөнгө төгрөгийг ингэсэн байна, тэгсэн байна гэж дандаа хянаж шалгаж ухаж төнхөх болсон. Ийм нөхцөлд хүн ажлаа олигтой хийж чадахгүй. Тэгэхээр энэ хааж боодог зүйлээ суллаж итгэл хүлээлгэж тэр хэмжээгээр хариуцлага нэхэж ажиллах нь манай нийгэмд маш их хэрэгтэй байгаа юм. Хямралыг давж гарах гарц бол ерөөсөө л энэ.

-Дан ганц уул уурхайд суурилсан эдийн засаг хямралын шуурганд өртөх нь амархан. Иймд сүүлийн үед судлаачид  эдийн засгийн бусад салбар, тэр дундаа хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх ёстой гэж ярих болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-То ван гэж хүн аж ахуйч байх ёстой гэж сургасан. Мөн Ерөнхий сайд асан П.Гэндэн “Монголчууд баяжихтун” гэсэн лоозон дэвшүүлж байлаа.  Дахин хэлэхэд Монголчууд бидэнд өнөөдөр ч аж ахуйч чанар дутаад байна. Манлайлагч, удирдан зохион байгуулах чадвар, аж ахуйч чанар гэдэг бол нийгмийн хамгийн том нөөц. Үүнийгээ л хардаж сэрдэх, дүрэм журмаар хайрцаглахаа больж чадвартай хүмүүсийнхээ хөдөлмөрийг ашиглаж байж бид хөгжинө. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд эдийн засгийн олон тулгууртай болох тухай тусгасан. Энэ дагуу л ажил хийж байгаа гэж ойлгож байна. Бид энэ зөв, буруу ингэнэ, тэгнэ гэж ид шидтэй эм хайж болохгүй. Ийм эм байхгүй. Эдийн засгийнхаа хуулиар л явж буй хэрэг. Нэг салбараас хараат байсан бол нөгөөд нь шилжээд л явдаг жамтай. Ямар бололцоо байна түүнийгээ ашиглана гэсэн үг. Нэгээс нөгөөд шилжлээ гээд огцом мундаг өөрчлөлт гарах зүйл биш. Мухардалд орохгүйн тулд өөрт байгаа боломж, гарцаа л  эрэлхийлж буй явдал гэж бодож байна. 

-Тэгвэл манайх шиг хоёр том гүрний дунд байршилтай, жижиг эдийн засагтай улсад тохирох эдийн засгийн загвар байгаа болов уу?
-Эдийн засгийн ухаанд онолын загварууд нь өнөөдөр мухардаж хямралд орсон гэж үзэх боллоо. Томоохон эрдэмтэд бодит эдийн засаг гэдэг зүйл байхгүй болсон гэж байгаа юм. Энэ нь эдийн засгийн онолыг мухардалд хүргээд байна. Сүүлийн үед Хятадын эдийн засаг социализмаас зэх зээлд шилжиж буй орнуудад тохиромжтой загвар юм байна гэж үнэлэх болсон. Манай улс зах зээлийн эдийн засагт огцом шилжсэн нь сургамж болж байгаа юм.

-Судлаачид Монголд гадаад эдийн засгийн шок их өндөр байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал шууд нөлөөлдөг болсон гэдэг. Та эдийн засагч, судлаач хүний хувьд энэ талаар юу гэж дүгнэж байна вэ?
-Манай улсад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал гэхээс илүү хоёр хөрш их нөлөөтэй. Хятад, Оросын эдийн засаг, улс төрийн бодлого манайд хамгийн их нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл бид хоёр том гүрний глобал бодлогын дотор л байгаа юм. Хоёр хөрш эдийн засгийн асуудлаа хэрхэн шийдэх, яаж тохирч ажиллахаас шалтгаалж манайх хавчуулагдаад явах эсвэл орхигдоод л үлдэнэ  гэсэн үг. Жишээ нь манай улсыг тойруулаад төмөр зам тавьчихлаа шүү дээ. Бид том глобал бодлогын л нөлөөнд оршиж байгаа улс. Хоёр хөрштэйгээ зохицож, сайн харилцаатай байх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш бид цээжээ дэлдээд тэгнэ, ингэнэ гэж олон таван юм бодож том том ярьж хадуурч давхиад нэг их амжилтад хүрэхгүй л байх.  Түүхээс харвал хоёр хөршийн харилцаа сайжраад ирэх үед манай тусгаар тогтнол, эдийн засаг хэцүү байдалд ордог. Харин хоорондоо өрсөлдөж, зөрчилдөөд ирвэл бидэнд жаахан хожоо гарч ирсэн түүхтэй.

-Эдийн засгийн өнөөгийн хямралыг судлаачид янз бүрээр л тайлбарлаж байгаа. Та хямралын гол урхаг юунаас үүдэлтэй гэж харж байна вэ?
-Монгол хүн баялаг бүтээхгүй байна. Бүгд залхуудуу болчихсон. Аливаа зүйлийг зүгээр сууж байгаад авчих гэсэн сэтгэлгээ гүнзгий суучихсан гэж боддог. Энэ л хямралын үндэс юм. Хүн ажиллаж хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг. Гэтэл бэлэн зэлэн зүйл гэнэт ороод ирэх юм бодоод суугаад байдаг. Жишээ нь зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжээд байх үед мөнгөө гурав дахин  өсгөж авна гээд хадгаламж зээлийн хоршоодод хулихдуулсан үе бий. Үлгэрт л өнөөдөр нэг алтан зоос булаад маргааш гурав болж ургана гэж гардаг. Гэтэл ийм гэнэн зүйлд итгэж хууртдаг  сэтгэлгээнээсээ өнөөг хүртэл салж чадахгүй байна. Ерөөсөө л гэнэт нэг сайхан үйл явдал болж биднийг сайн сайхан болгож бүхнийг өөрчилж өгнө гэж хий дэмий зүйлд найдаад байдаг. Хамгийн гол нь өөрийгөө өөрчлөх, бүтээх сэтгэлгээ тэр бүр төрж өгөхгүй байна гэж би хардаг. Бусад улс орнууд бид ийм тийм зүйл бүтээж хийж байна. Үүнийгээ худалдан авая, дэмжие гээд л хөгжилд хүрч байгаа. Харин манайд ийм сэтгэлгээ алга гэхэд хилсдэхгүй болов уу. Ний нуугүй хэлэхэд монголчууд өөрсдөө сайхан зүйл хийж чадна гэдэгт итгэдэггүй.

-Тэгвэл олон жил бугшсан бэлэнчлэх сэтгэлгээг яаж арилгах вэ?
-Ажил хөдөлмөр хийж л байвал дэмжиж л байх ёстой. Хятдад л гэхэд захын ТҮЦ-нд бүхий л төрлийн бараа зарж болдог. Гэтэл манайд хийж эхлэхээс өмнө стандарт яриад эхэлдэг. Ингээд ажил хөдөлмөр хийх сэтгэлийг нь унтрааж орхидог. Уг нь монголчууд “Урмыг нь хугалахаар ууцыг нь” гэдэг дээ. Төрийн байгууллагын хүнд суртлын янз бүрийн дарамт, хяналт шалгалт, олон зөвшөөрөлтэй тулгарч ёстой нөгөө хад мөргөөд л хийж бүтээх, хөдөлмөрлөх ямар ч урамгүй болдог юм. Тэгэхээр тэр хүнд ажил хийх гэсэн сэтгэлгээ байна. Түүнийг нь төр засаг нь дэмжээд л өгөх хэрэгтэй.

-Монголчуудын хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг төрийн хүнд суртал, хууль, дүрэм журам үгүй хийж байна гэж ойлгож болох нь ээ дээ?
-Монгол хүний онцлогт таарсан хууль дүрэм, журам хэрэглэхгүй байна. Дандаа гадны зүйл хуулж ирдэг. Өөр соёл, язгуур үндэс угсаатай, өндөр хөгжсөн улсуудын зүйлийг шууд хуулчихаар болохгүй байгаа юм. Чи бод л доо. Зургаан вольтын хүчин чадалтай зүйлийг 220 вольтод залгавал шатдаг биз дээ. Үүн шиг л зүйл болоод байх шиг. Аль болох бид дотоодоос л хайж өөрсдийн нөөц бололцоогоо ухах хэрэгтэй. Дашийн Баямбасүрэн гуай 25 жилийн өмнө “Монголчууд  алтан дээр суусан гуйлгачин” гэж хэлсэн.   Гэтэл өнөөг хүртэл энэ байдлаа өөрчилж чадсангүй.

-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ. Ингэж байж ажлын байр олноор гарна. Иргэдийн амьдрал сайжирна гэж төр засгаас чамгүй мөнгө зарцуулсан. Энэ нь бэлэн зүйл хүсдэг сэтгэлгээнээс салах нэг гарц байсан юм болов уу. Харин үр дүн нь төдийлөн гараагүй гэсэн дүгнэлтийг зарим эдийн засагчид хийдэг. Таны бодлоор энэ бодлого ямар үр дүнд хүрсэн бэ?
-Өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл гэдэг нь зах зээл жижиг газрын арга. Бүтээмж гаргах гэж буй санаа нь сайхан. Гэхдээ хурд удаан, өгөөж бага юм. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг нь маш том зах зээлд инновац хийж гарах л асуудал. Бид аливаа зүйлийг өөдрөг талаас нь харж сурах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал тодорхой үр дүнд хүрэлгүй л яахав. Аливаа зүйл алхам алхамаар л урагшилна. Харин бид яараад цөм хийнэ л гээд байдаг шүү. Улс бодлого гаргаж мөнгө зарсан. Энэ нь дараагийн шатанд амжилтаа бататгаад л урагшилна гэсэн үг. Ингэж байж л хөгжилд хүрнэ.

-Зарим эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүй болсон. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа сэргээн татах нь хямралаас гарах нэг гарц гэж байгаа.  Мөн олон улсын санхүүгийн байгууллагаас зээл, тусламж авах талаар төр засаг гэрээ хэлцэл хийж байна. Үүнийг улсын өр нэмэх асуудал. Түр зуурын гал унтраах маягаар хандаж байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Та эдийн засагч хүний хувьд эдгээр асуудлын талаар юу гэж бодож байна вэ?
-Хүн болгон л өнөөдөр хөрөнгө оруулалтын талаар ярьж байна. Одоо ч бүр ойлгодог ч юм шиг, ойлгодоггүй ч юм шиг болчихлоо. Төр засгийн удирдах албан тушаалтнууд энэ талаар гүнзгий ойлгодог л байх. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь ашиг олох л гэсэн үйл ажиллагаа. Гэтэл тэр ашгаас нь ингэж тэгж саана, та нар манай улсын төлөө ажил хий гээд байгаа юм шиг надад санагддаг.  Монголд тусал, та нар алдагдалтай ажилла гэсэн маягаар дээр доргүй хандаж байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол ашиг олох гэсэн бизнес гэдгийг ухаарах хэрэгтэй болов уу.
Олон улсад хэрэглэдэг зохимжтой арга тул ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах нь зүйтэй. Ямар шаардлага тавина түүнийг биелүүлээд явах нь зүйн хэрэг. Энэ бол эдийн засгийн хямрал эмчилдэг эм. Уг эмийг аваад уух л хэрэгтэй. Хүн өвчин тусаад эм ууж л эдгэдэг биз дээ. Энд буруу зөвийн тухай ярих хэрэггүй юм. Хамгийн гол нь тэр эм ууж байгаа өвчтөн өөрөө эдгэе өөрчлөгдөе гэж бодох хэрэгтэй. Энэ арга зам нь монголчууд хүмүүн капиталаа гаргаж тавих боломжийг нээж өгөх явдал. Аж ахуйч дарга, захирал, иргэн олон болоосой гэж бодож байна. Бидний хардаж сэрдэх өвчин хэмжээ хязгаараасаа хэтэрсэн. Ажилсаг хүмүүстээ ажлаа хийх боломж гаргаж өгч байж л бид хямралаас гарна гэж би боддог. Тэгэхгүй бол энд тэндээс зээл тусламж аваад ч нэмэргүй. Энэ бол хөгжил биш болно. Гаднаас юм авахаас илүү Монгол хүн өөрийн оюун ухаан, нөөц бололцоо, ур чадвараа ашиглах ёстой юм.

-Эдийн засагчид болон эрх баригчдын хамгийн их ярьж, санаа зовоож байгаа зүйл бол өр. Ирэх гуравдугаар сараас өрөө төлж эхэлнэ гэж байгаа. Манай улсад өнөөдөр өрөө төлөх боломж хэр бий гэж та харж байна вэ?
-Ер нь бол Төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг жирийн иргэд энэ талаар бодох ч хэрэггүй.  Тэртэй тэргүй бид төр засгаа итгээд сонгосон. Тэд үүний төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэдний л толгойны өвчин, шийдэх асуудал. Энгийн иргэд, жирийн судлаачид түүний төлөө шаналах шаардлага байхгүй. Өр ширнээс гарах гарц нь олдоно. Олохын тулд бид төр засгаа сонгосон гэж бодож байна. Жирийн бид өртэй байна гээд шаналаад байвал нөгөө баялаг бүтээх сэтгэлгээ унтарна. Нэг хүн төдөн төгрөгийн өртэй болж гээд л тоо бодоод байх нь баялаг бүтээх сэтгэлгээгээ л үгүй хийхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

-Яагаад. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас иргэдийн аяганы хийц, хоногийн хоол хамааралтай болохоор хүмүүс өрөө яаж төлөх үү, цаашдаа яаж амьдрах уу гэж санаа зовоод байгаа юм биш үү?
-Нэг их хүнд хямраад аягатай хоол нь алга болсон асуудал биш. Бид ядуу байгаагийн гол учир нь ажил хийж баялаг бүтээхгүйд, хөдөлмөрлөхийг хүсэхгүйд л байгаа юм.   Ядуурлын түвшингөөс доош орсон хэсгийг төр засаг тусална, аварна гэж оролдож байна. Энэ бол хэрэггүй. Ядуу хүн гэдэг бол бүх зүйлээр ядуу байдаг. Хэчнээн тордож өөд нь татах гээд нэмэргүй. Тэгэхээр хаях л хэрэгтэй. Төр хатуу байх ёстой юм. Тэр хүний өөрийн хариуцлага, сэтгэлгээ болохгүй байна гэсэн үг.

-Тэгэхээр Монголын хүн ам цөөхөн. Алдаж унаж яваа нэгнээ өөд нь татах ёстой. Үүнд төр засгийн үүрэг голлох ёстой гэсэн шүүмжлэл дагуулах л байх даа?
-Зах зээлийн нийгэмд хувь хүн өөрөө хүчтэй байх ёстой. Гэтэл тэр хүн яагаад өөрөө өөрийгөө авч явж чадахгүй бусдаар, төрөөр тэтгүүлэх гээд байгаа юм. Тэр хүн үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй л биш бол ажиллаж хөдөлмөрлөх л ёстой. Хамгийн гол нь түүнд хариуцлага алга. Хүн бол нийгмийн үнэт капитал. Энэ капиталаа ашиглаж эргэлтэд оруулж сайхан амьдаръя гэж бодохгүй байгаад учир бий. Үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй би ядуу зүдүү байна надад тусал гэж хэлж болохгүй. Манайд ийм хандлага их байна. Энэ хандлагаас салж байж бид баялаг бүтээж аж ахуйч хөгжилд хүрнэ гэж би хардаг.

-Та яриандаа хүмүүн капитал гэж дурдаад байгаа. Тэгэхээр энэ яг юуг хэлээд байна. Үүнийг яаж ашиглаж, хөгжүүлэх ёстой юм бэ?
-Монгол хүний дотоод ертөнцөд унтаж байгаа зүйл. Үүнийгээ бид сэрээх ёстой. Хүмүүн капитал гэдэг бол хувь хүнд байгаа мэдлэг, чадвар, авьяас, дадал, эрүүл мэнд гээд  бүхий л зүйлийн нийлбэр цогцыг хэлж байгаа юм. Хүн бүрт хүмүүн капитал бий. Үүнийгээ л ашиглаж хөгжүүлж амьдрах учиртай. Хүмүүн капиталын хөрөнгө оруулалт гэдэг тодорхой онол байдаг. Жишээ нь боловсрол, эрүүл мэнд, ажлын байр хайх зэрэг нь хүмүүн капиталдаа хөрөнгө оруулалт хийж зараад байна гэсэн үг. Энэ талаар судалгаа хийсэн бүтээлүүд олон. Миний бодоход хамгийн чухал нь аж ахуйч чанар юм. Монголчууд овсгоо самбаатай, хэмнэж чаддаг, хөдөлмөрч хүнийг аж ахуйч гэж хэлдэг. Тэр ч бас чадвартай хүн дээ гэж хэлэх нь бий. Энэ нь тэр хүний хүмүүн капиталын хэмжээг нь хэлээд байгаа ойлголт. Товчхондоо бүтээх чадвартай гэсэн үг. Бид л ялгаж харахгүй байгаа болохоос монголчуудын хүмүүн ка­питал хөгжиж л байгаа. Жишээ нь хөдөө орон нутгаас хот суурин га­зарт хүмүүс их шилжиж байна. Энэ нь хүмүүн капиталдаа хөрөнгө оруу­лалт хийж буй нэг хэлбэр. Учир нь ажиллах ашигтай байр олох л гэж буйн илрэл. Бид үүнийг судалж ялгаж салгаж цэгцлэхгүй л байгаа юм.

-Зарим судлаач Монголын эдийн засаг уул уурхайд хэт шүтсэн тул “Голланд өвчин” тусчээ. Шинж тэмдэг нь илэрч байна гэдэг. Таны бодлоор манай эдийн засагт үнэхээр энэ өвчин тусчихсан уу?
-Яг “Голланд өвчин” туссан гэж хэлж болохгүй. Ганц хоёр өнцөгөөр харж дүгнэхэд өрөөсгөл. Монголын эдийн засаг 17 хувиар өсч байсан удаа бий. Гэтэл өнөөдөр бараг хасах утга руу орчих гээд байна. Тэгэхээр савлагаа асар их өндөр байгаа юм.  Гэвч энэ савлагаа бол боломж гэж харах ёстой. Үүнээс айх хэрэггүй. Ингэж байж бид бодит эдийн засагт орж ойлгоно. Хямрал бол дандаа боломж авч ирдэг. Учир нь аливаа зүйлийг өөр өнцөгөөс харж эхэлдэг юм.

-Тэгэхээр манай эдийн засгийн тоо баримт дүн мэдээ өнөөдөр бодит тоон утгаараа харагдаж байна гэж ойлгож болох нь ээ дээ?
-Ерөнхийдөө тийм. Хиймэл хоосон харагдаж байсан зүйлээсээ салж байна гэсэн үг. Гэхдээ бодит гэдэг бол харьцангуй утга. Яагаад гэвэл эрх баригчдын үзэл бодол, намуудын амлалт гээд янз бүрийн хүчин зүйл, төрийн зохицуулалт нөлөөлж л  таарна. Статистикийн мэдээлэл их асуудалтай.

-Өнөөдөр худалдан авалт буурсан дүн мэдээ бий. Монголчуудын амьжиргааны түвшин ямар байна вэ?
-Нийтээрээ жаахан уруудсан. Гэхдээ туйлдаа хүрээгүй. Хөдөлмөрлөе гэвэл олон ажлын байр байна.  Жишээ нь олон малтай малчин айл зун ирээд цагаан идээ аваад өгөөч гэдэг. Гэтэл тэнд очиж ажиллах хүн гарахгүй л байгаа юм. Энэ нь дахин хэлэхэд монголчууд хүмүүн капиталаа сэрээж баялаг бүтээе гэсэн сэтгэлгээ байхгүйтэй л холбоотой. Тэгэхээр ажил хийхгүй байгаа хүмүүст төр засаг зээл авч өгөх ёстой болж таарч байна уу. Тэгэхээр бид өөрсдийгөө өөрчлөхгүй л бол болохгүй нь. Хувь хүн бүр эдийн засгийн сэтгэлгээтэй болж аж ахуйч байх ёстой гэдгээ ухаарах хэрэгтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан