Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Трамп анхны өдрөөсөө хэвлэлтэй дайтаж эхлэв үү


Б.СЭВЖИДМАА

Д.Трампын тангараг өр­гөх ёслолыг үзэхээр ирсэн хүмүү­сийн тоог Б.Обама­гийнхтай харьцуул­сан зураг шинэ засаг захиргааныхны нүүрийг улалзуулж байна. Өөрийнх нь тангаргийн ёслолд өмнөх Ерөнхийлөгчийн үеийнхээс цөөн хүн ирсэн гэдэг мэдээнд уурссан Трамп “Тэнд сая, сая хүн цугласан байсныг би харсан” гэж хэлсний дараа Цагаан орд­ны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерт яаралтай үүрэг өгч, хэвлэлийн хурал зарлуул­жээ. Харин энэ хурал дээр хэвлэлийн төлөөлөгч нь “Түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тангаргийн ёслол болсон” хэмээн мэдэгдээд, сэтгүүлчдээс асуулт ч авалгүй гарч одсон юм. Мэдээж түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Учир нь, бодит байдлыг харуулсан зургийг хэдий нь олон нийт харсан билээ. Үүний дараа бүр ч долоон дор явдал болж Д.Трампын ахлах зөвлөх Келианн Конвей NBC-гийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцов. Түүнээс сэтгүүлч “Яагаад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч анхны хэвлэлийн бага хурлаараа худал мэдээлэл цацав. Яагаад та нар хэвлэлийн төлөөлөгчдөө худал мэдээлэл өгсөн юм бэ” гэж асуухад “Бид Шон Спайсерт худал мэдээлэл өгөөгүй. Харин өөр баримт өгсөн” гэжээ. Харин сэтгүүлч “Өөр баримт гэдэг чинь баримт биш. Тэр чинь худлаа мэдээлэл шүү дээ. Танай засаг захиргаа яагаад цугласан олны тухай ийм хөгтэй заль гаргаж байгаа юм бэ” гэж мэтгэхэд  “Манай хэвлэлийн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хөгтэй гэж нэрлэх нь таны ажил биш шүү” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

2013 оны нэгдүгээр сарын 20.                            2017 оны нэгдүгээр сарын 20.

CNN-д ярьсан нэгэн эх сурвалжийн хэлснээр харьцуулсан зургийг хараад Д.Трамп галзууртлаа уурласан учраас хэвлэлийн алба, туслахууд нь түргэн авсан нь тэр байж. Ерөнхийлөгчийн хэр их уурласан нь нэгэн яамны харьяа төрийн байгууллага хүртэл дээрх харьцуулсан зургийг Твиттертээ дахин жиргэсэн байснаа устгас­наас харагдана. Тэд устгаад зог­сох­гүй бүр зохисгүй үйлдэл гарга­лаа гэж уучлал гуйжээ. Гэвч Трампын засаг захиргаа уурлаж уцаарлаад ч асуудлыг шийдэж чадсангүй. Вашингтоны тээврийн газрын гаргасан зорчигчдын статистик мэдээнээс харахад л Трампын тангаргийн ёслолд Б.Обамагийнхаас цөөн хүн ирсэн нь батлагдаж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 20 буюу Трампын тангараг өргөсөн өдөр Вашингтоны метрогоор нийтдээ 570 мянган хүн зорчсон бол Б.Обамагийн хоёр дахь тангаргийн ёслолын өдөр 782 мянган хүн тээвэрлэсэн байна. Гэтэл Трампын тангаргийн ёслолын дараах өдөр болсон эмэгтэйчүүдийн жагсаалын өдөр метрогоор сая гаруй хүн үйлчлүүлжээ. Ингээд хөдөлшгүй тоо баримтаар Трампын ёслолд цөөн үзэгч ирсэн нь нотлогдож байна.
Магадгүй энэ явдал ганц зурагнаас үүссэн жижиг явдал мэт боловч цаана нь том агуулга нуугдаж байгаа юм. Тухайлбал, Трамп ажлынхаа анхны өдрөөс л ингээд хуурамч мэдээлэл цацаад эхэлвэл цаашид түүний засаг захиргааны гаргасан мэдээ мэдээлэлд яаж итгэх болж байна гэдэг асуултыг АНУ-ын сэтгүүлчид хөндлөө. Цаашид шинэ засаг захиргаанаас зарлах баримт мэдээлэлд итгэж болох уу гэдгийг тэд хөндөхдөө Д.Трампын хэвлэлийн албаны энэ үйлдлийн цаашдын үр дагавар нь маш хор урхагтай гэж анхааруулсан юм. Нөгөө талаас Д.Трамп өөрт нь таалагдаагүй зургийг Твиттерт жиргэсний төлөө төрийн байгууллагыг донгодож, зөвлөх нь телевизийн студид ирээд сэтгүүлчийг загнаж байгаа бол түүний эрх барих жилүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халтай байж магадгүй нь гэсэн эхний дохиог ч өглөө.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан