Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салбар нь томдоод, сайдын толгой эргээд байна уу


Б.СОНОР


Засаг солигдох бүрт л яамдын нэр өөрчлөгдөж, тэр хэрээр үйл ажиллагааны чиглэл нь ч хувирдаг үзэгдэл нэгэнт хэвийн үзэгдэл болж ой тойнд тогтлоо. Ялангуяа “Боловсрол”-оор эхэлсэн нэртэй яам. Боловсролоор эхэлсэн гэдэг нь зарим намын засгийн үед аз таарвал боловсрол шинжлэх ухаанаа дагуулаад нэг яамны асуудал болно. Жаахан азгүйтвэл урлагийн салбар бөөрөнд нь ирээд наалдчихна. Харин энэ удаа спорт нөгөө бөөрөнд нь ирээд наалдчихсан. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Засгийн газарт хамгийн өргөн агуулгатай яам нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болоод байна. Боловсролын салбарт угтаа монголын гурван сая гаруй иргэн тэр чигээрээ хамаарна. Гэтэл энэ том салбарын дагавар хүүхдээр нь хүнээ соён гэгээрүүлэх их айл болох урлаг, хүнээ байтугай улс орныхоо нэрийг энгэртээ авч явдаг спортынхныг тавьчихаар ёстой л нөгөө зах нь харагдахгүй их далай болчихож байгаа юм. Тэгээд дээр нь энэ их далайн лусын хаанаар туршлагаар дулимаг хүн суучихаар ард иргэдэд ч дарамт болж байна.
Ингэж хэлэх учир нь тодорхой. Шинэ сайд ажил байдалтайгаа ч танилцаж амжаагүй байхдаа Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг солиодхов. Гэтэл эрдэмтэд нь хоёр хуваагдаж зөвшөөрнө, зөвөөрөхгүй гэсээр арай гэж сайдтан өөрийн сонголтоо албан ёсных болгоод байтал спортын салбарынхан шуугиад эхлэх нь тэр. Тэдний шуугианаас оюутнуудынх хүчтэй байв. Учир нь, Засгийн газар Төрийн сангийн нэрийг өөрчлөн зээл өгдөг журамд нь жаахан өөрчлөлт оруулаад Оюутны тэтгэлэг гэх юмыг цоо шинээр гаргаж ирж буй мэт зохиол бичсэн нь Төрийн сан, оюутан, их дээд сургуулийн дунд саадгүй явагддаг байсан зээлийн замыг сунжруулж Арилжааны банк гэх дүрийг шинээр оруулж будлиан үүсэх нь тэр. Тэр нь ч нөгөөх ажил ихтэй сайдад асуудал болсон ч намжааж чадсан.

Ингээд спортын салбар руу ороод явчихлаа, сайдтан. Риогийн олимп өндөрлөж, олимпын шинэ цикл эхэлснээс 90 хоногийн дотор  Монгол Улсын үндэсний шигшээ багийг шинэчлэн байгуулах учиртай. Спортын холбоод сайдынхаа тушаалыг хүлээсээр шинэ онтой золгов. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шигшээ багаа нэхээд, холбоод будлиан тариад эхлэхээр тулгамдсан шинэхэн сайдтан маань өмнөх сайдынхаа тушаалыг ба, бэ гүй хуулаад гарын үсгээ зурж, тамгаа дараад тарааснаар сая нэг спортын салбартаа өрнөөд буй асуудлыг шийдэх нь тэр. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатарт утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрснөөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах асуудал хөндөгдсөн. Асуудлыг анх Эрүүл мэндийн сайд хөндөж, Нийслэлийн Засаг даргад санал тавьсан ч Засаг дарга дангаараа шийдвэрлэх боломжгүй тул өнөөх ажил ихтэй сайдын маань амыг хараад суучихав. Сурагчдын амралт дуусахтай уралдаж, сая нэг сунгах шийдвэр гаргахдаа, баахан будлиан үүсгэв.

Соёл урлагийн салбарт хурц асуудал өрнөх нь бага л даа. Гэхдээ л сайдтан маань энэ салбарт хайр энэрэлээ харамгүй зориулж буй. Тэрээр Үндэсний дуу бүжгийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгон өөрчилсөн. Мөн өнгөрсөн онд ОХУ-д ажлын айлчлал хийхдээ соёл урлагийнхныгаа л сэтгэлдээ тээж явсан гэхэд болно. Тэрээр энэхүү айлчлалаасаа үүдэн Хөгжим бүжгийн коллежийг консерватур болгон өөрчилсөн юм. Гэхдээ сайдыг нэр сольж явах хооронд урлаг соёлын салбарт илүү олон асуудал өрнөсөөр л байна. Саяхан л гэхэд монгол охин Дэлхийн миссийн тэмцээнд түүхэн амжилт гаргасан, бүргэдчин охин маань дэлхийн хэмжээнд од болж байна, циркчид олон улсын шагнал авлаа, бас гурван циркчин маань хөдөө орон нутагт тоглолтоор явж байхдаа харамсалтайгаар хорвоог орхилоо гээд салбар яам нь оролцвол зохих олон л асуудал өрнөх юм. Сайд сонсоо л байлгүй дээ...

Өө бас, өнөөх нэрийг нь солиод орхисон Үндэсний урлагийн их театрынхан “Хэзээ бид албан ёсны батламжаа авч, тамга, тэмдгээ солих юм бол” хэмээн хүлээж суугааг сайдтан мартчихаагүй л байгаа даа.

Энэ их ажлын хажуугаар хөөрхөн халаа сэлгээ хийгээстэй. Төрийн өмчийн таван сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийг тушаал гаргаж, сэмхэн сольчихсон. МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл, орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг нарыг таалж, сонгосон. Харин ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Л.Цэдэвсүрэн нарыг сонгосон бол АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогджээ. ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдсон байна. СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар тус тус ажиллахаар болсон бол МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нарыг томилсон юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш нарыг томилж, Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарыг таалжээ.

Энэ бүхнээс харахад их ажлын хажуугаар халаа сэлгээ хийж, томоохон албадад хүнээ тавихаа мартаагүй бололтой. Гэхдээ сайд маань хамгийн чухал зүйлээ мартчихаа юу даа гэдгийг олон хүн анзаарч байгаа. Тэр бол боловсролын систем. МАН засаг барьж байхдаа Кембриджийн системээр явна гээд өөрчлөлт хийж байсныг АН Засаг барьж байх үедээ 360 градус эргүүлчихсэн. Шинэ сайдыг ажлаа авахад түүнийг хэрхэн хөдлөхийг, боловсролын системийг өөрчлөх нүүдэл хийх эсэх дээр түүний гарыг харж амьсгаа даран суусан хүн олон. Гэхдээ ажлаа аваад багагүй хугацаа өнгөрчихөөд байхад дорвитой хөдөлгөөн хийгээгүйд “Сайдтан ер нь боловсролын салбараа ойлгож байгаа болов уу” гэх яриа гараад эхэллээ.
Үүнтэй зэрэгцээд нөгөөх урлагийнхан чинь удахгүй шинэ орон байр нэхээд эхэлнэ. Дуурийн театрын байранд их засвар хийх шаардлагатай болж байгаа. Үндэсний урлагийн их театрынхан нэрээ өөрчилсөн учраас байртай болно гээд баярлаад сүйд. Циркийнхэн ч гэсэн биднийг харж үзсэнгүй гээд барьцана. Тэгж байтал сургууль, цэцэрлэгийн барилга актлагдана, хүүхдүүд сургуульгүй болно.

Спортынхон тэмцээн уралдаанд явна гэнэ, олон улсын тэмцээн эх орондоо зохионо, цалингаа нэмүүлнэ гэх л байх. Оюутнууд сургалтын төлбөр ярина. Эрдэмтэд нээлт хийчихснээрээ бахдаж, дэмжвэл тэдийг олно хэмээн шүлс гойжуулсан тоо ярина. За тэгээд сайдыг хормойдох асуудал мундахгүй их гарна.
МАН энэ Засгийн газраа “Мэргэжлийн” гэж тодотгож байгаа. Ийм их өргөн агуулга бүхий салбарын сайдаар Ж.Батсуурийг томилсон нь нэгийг бодож, хоёрыг тунгаасан явдал биз ээ. Ж.Батсуурийн намтарт 1983-1994 он хүртэл одоогийн ШУТИС-д багшаас эхлээд дэд захирал болтлоо дэвшээд Чехийн Прагын Техникийн их сургуульд докторант багшаар дөрвөн жил ажиллангаа суралцаж ирээд багшийн мэргэжлээр ажиллахаас залхсан уу, дэвших боломжийг алдахгүй ашигласан уу хоёр жил Улаанбаатар хотын “Ус орчин” ХХК-нд Ерөнхий захирлаар ажилласан хэмээн тэмдэглэгджээ. Үүний дараа 2000 оноос тэрээр улс төрийн карьериа эхлүүлж төрсөн нутаг болох Дорноговь аймгийнхаа МАХН-ын хороон дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийнхаа Засаг даргаар ажилласан нэгэн. 2008 онд УИХ-ын гишүүн болж, хоёр ч удаа сонгогдсон. Түүнийг намын харьяаллаа сольж явснаас нь үүдэн “Говийн Түгжил” ч гэдэг юм билээ. Харин 2016 оны сонгуулиар нам нэгт “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн ерөнхий захирал Б.Дэлгэрсайханд зам тавьж өгснөөр оронд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэх зах хязгааргүй далайд эзэн суух завшаан тохиосон хэрэг. Түүний намтар товчхондоо ийм. УИХ-д найман жил суухдаа тоотой үг хэлж, Эдийн засгийн байнгын хороонд хэсэгхэн харьяалагдаж байсан түүнийг социализмын үед 11 жил багшилсан хөдөлмөрийг нь үнэлж “Мэргэжлийн” Засгийн газарт багтаасан бололтой. Гэвч түүний 11 жилийн хөдөлмөр лусын эзнээр залрахад арай л жулдаад байх шиг.

0 Сэтгэгдэл
балайсэлэнгэ ахуяг сбалаг ж эрдэнэбатаас дордоно гэж байхгүй.
Батсуурь ажилаа САЙН ХИЙЖ бн Боловсролын салбарыг дээш татах ШУДАРГА хун дээ
ene hun amjihgui bhooo er n manaid ene meregjiliin bus tomilgoo mungunii tomilgoo ntr bolihgui bol hezeech uragshlahgui ulam dampuurna
ЭНЭ БАТСУУРЬ МАШ УДААН ХӨДӨЛЖ БАЙНА. ТҮҮНЭЭС НААШТАЙ ЗҮЙЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ЮМ ШИГ...ДЭЭР БАЙГАА ДАРГА НАРЫНХАА АМАНД БАГТЧИХСАН АМЬТАН ЮМ УУ ДАА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ТҮҮНД ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙ АЛГА...
ЭНЭ БАТСУУРЬ МАШ УДААН ХӨДӨЛЖ БАЙНА. ТҮҮНЭЭС НААШТАЙ ЗҮЙЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ЮМ ШИГ...ДЭЭР БАЙГАА ДАРГА НАРЫНХАА АМАНД БАГТЧИХСАН АМЬТАН ЮМ УУ ДАА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ТҮҮНД ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙ АЛГА...
Хамгийн их уншсан