Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төгрөгийн ханш өнгөрсөн онд 24.4 хувиар суларсан


Т.ЖАНЦАН


Монголбанкнаас өнгөрсөн оны сүүлчээр эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байсан тухайд мэдээлэл хийлээ. Инфляц 2016 оны наймдугаар сараас хойш хасах утга зааж, дефляцтай гарч байсан. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дефляцаас гарч, инфляц 1.1 хувьтай гарав. Урд нь манай эдийн засагт инфляц хоёр оронтой тоонд эргэлдэж, хэрхэн буулгах вэ гэж Монголбанкны эдийн засагчид толгойгоо гашилгадаг байсан юм. Тэгвэл өнгөрсөн онд эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, иргэдийн худалдан авах чадвар муудсан тул инфляц бүр хасах утга руу анх удаагаа орсон жил боллоо. Дефляц арилхад мах болон бусад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь нөлөөлжээ. Одоогоор махнаас бусад хүнс болон хувцас бөс барааны үнэ баг зэрэг буурсан дүн гараад байгаа. Энэ оны мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Тэгвэл Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Инфляцыг ямар түвшинд барих зорилтыг 2017-2019 оны хооронд тодорхойлсон. Өнгөрсөн гурван жилд эдийн засгийн тодорхой бус байдал үргэлжилж байсан тул инфляц өссөн. Эдийн засгийн уналт улам гүнзгийрэх төлөв байгаа тул мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар инфляцыг барих зорилтот түвшинг тодорхойлоод байгаа.

Гэвч өнгөрсөн онд дөрвөн сар дараалж Улаанбаатар хотод инфляц хасах утга заасан. Ингээд арванхоёрдугаар сард эерэг утгад орлоо. Үүнд зөвхөн махны үнийн өсөлт нөлөөлсөн. Гэвч хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний инфляц буурсан хэвээр байна. Энэ нь иргэдийн орлого, худалдан авалттай холбоотой. Гэхдээ энэ оны эхний хагас жилд инфляц харьцангуй нам төвшинд байна гэж бид үзэж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 19.7, хадгаламжийн хүү 13.1 хувь байна. Арилжааны банкуудад буй нийт хадгаламжийн хэмжээ есөн их наяд 139 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг хоёр сая 854 мянган хүн эзэмшиж буй юм. Тэгвэл банк хоорондын зээлийн хүү 15.5 хувьтай байгаа юм.Төв банкны бодлогын хүүгээ 15-аас нэг хувиар бууруулж 14 болгосон. Мөнгөний бодлогын хүү нь гадаад, дотоодын эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өсгөх, бууруулах эсэх нь тодорхойлогддог. Тэгвэл манай эдийн засгийн өсөлт буурсан, инфляц бага төвшинд байгаа тул эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд бодлогын хүүгээ өөрчилнө гэж Монголбанкны эдийн засагчид мэдэгдлээ.

Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл арванхоёрдугаар сарын эцэст 578 тэрбум төгрөг болов. Үүний 478 тэрбум төгрөг нь долоо хоногийн хугацаатай юм. Харин үлдсэн 100 тэрбум төгрөгийн үнэт цаас нь 12 долоо хоногийн хугацаатай байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголбанк үнэт цаас 1.2 их наяд төгрөгт хүрч байсан билээ.

Монголбанкны үндсэн үүрэг нь валютын ханшийг тогтвортой барих. Тус банк валютын ханшийн хэлбэлзлийг тогтоон барихын тулд гадаад валютын дуудлага худалдаа явуулдаг. Арванхоёрдугаар сарын байдлаар 189 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валют зах зээлд нийлүүлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ам.долларын ханш огцом хөдөлсөн. Иймд тухайн сард төв банк 243 сая ам.доллартай тэнцэх ам.доллар, юань валютын зах зээлд нийлүүлсэн статистик бий. Харин арилжааны банкуудтай хийсэн своп хэлцэлээр 32 сая ам.доллар төв банк валютын захаас татан аваад байна. Шинэ оны эхэнд нэг ам.доллар 2489 төгрөгтэй тэнцэж байв. Ингээд өнгөрсөн онд төгрөгийн ханш 24.4 хувиар суларсан үзүүлэлттэй гарлаа. Төгрөгийн ханш суларсан нь экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нөлөөтэй. Нөгөө талаар импортыг бууруулж дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд нөлөөтэй. Яагаад гэвэл импортын барааны үнэ өснө. Ийм тохиолдолд хэрэглэгчид дотоодын үйлдвэрийн хямд төсөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг сонгоно гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал татарсан учир валютын ханш өсч ирсэн.  Зарим эдийн засагчид энэ онд манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэх тул  ам.долларын ханш буурах төлөв ажиглагдаж буй талаар мэдээлж байгаа. Манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх  нэг хүчин зүйл бол алт. Монголбанкнаас мэдээлж буйгаар өнгөрсөн онд тус банкинд аж ахуйн нэгж, иргэд 18 тонн алт тушаажээ. Он гарснаас хойш 1.1 тонн төв банк худалдан авчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулбал огцом өссөн үзүүлэлт аж. Энэ оноос “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Иймд алт тушаалтыг мөн өсгөх хүлээлт үүсгээд буй юм. Учир нь алт олборлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгох татвар, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгана гэж байгаа билээ. Үүнээс гадна Монголбанк Лондонгийн металын биржийн тухайн өдрийн ханшаар алт худалдан авдаг болсон. Иймд алт тушаалтыг өсгөх нэг шалтгаан болсон байна.

Тэгвэл Монголбанкны Зах зээлийн газрын Дотоод зах зээлийн хэлтсийн захирал Б.Батбаатар “Ам.долларын ханш өнгөрсөн оны сүүлчээр сулрах хандлагатай болсон. Харин он гарснаас хойш тогтворжих хандлага ажиглагдаж эхэлсэн. Учир нь Монгол Улсад орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэж байна. Он гарснаас хойш ам.долларын орох урсгал 28 сая ам.доллараар нэмэгдлээ. Ингэснээр валютын захын ханш өсөх хүлээлт арилж тогтворжиж эхлээд байгаа юм. Төв банк энэ онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогод валютын дотоодын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд гадаад валютын арилжааны нэгдсэн платформтой болно. Одоогоор ажлын хэсэг байгуулж судалгаа хийж байна. Ингэснээр валютын захад оролцогчдын мэдээллийн тэгш бус байдал арилна. Мөн эрэлт, нийлүүлэлт тодорхой болсноор валютын ханшийн огцом хөөсрөлт үүсэх, огцом савлах эрсдэлгүй болно. Бид хэд хэдэн хувилбар боловсруулсан. Энэ онд багтааж үндсэн судалгааны ажлаа дуусгана” гэж мэдээллээ. Ийм нэгдсэн платформтой болох нь валютын арилжааг төв банк хянахад хялбар болно гэсэн үг. Манай улс шиг шилжилтийн эдийн засагтай орнууд үүнийг хэрэгжүүлэхэд дор хаяж хоёр жилийн хугацаа шаардсан байдаг аж.
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн онд огцом өсөв. Тухайлбал, 12 их наяд 75 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт. Манай улсын нийт экспорт 4.9 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 3.3 тэрбум ам.доллар байгаа юм. Ингээд гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үнэ ханш, хэмжээ нь Хятадын зах зээлээс шууд хамаардаг. Ийм ч учраас нийт экспортын бүтээгдэхүүний  79.3 хувийг Хятадад гаргасан бол ОХУ-д 1.1 хувийг нь гаргасан дүнтэй байна. Тэгвэл нийт импортын барааны 36.6 хувийг Хятадаас, 26.3 хувийг ОХУ-аас авчээ.

Эдийн засаг хямралтай байгаа ч арилжааны банкуудын үйл ажиллагаа хэвийн байна. Монголбанкнаас  арилжааны банкуудын нийт актив 25.3 их наяд төгрөгт хүрсэн хэмээн мэдээлэв. Харин арилжааны банкууд 12 их наяд гаруй төгрөгийн зээл олгоод буй дүн бий. Гэтэл банкуудын чанаргүй зээлийн хэмжээ сар сараар өсч ирсэн. Ялангуяа, уул уурхайн салбарт олгосон зээл чанаргүй зээлд жин дарж байгаа. Ингээд чанаргүй зээл нэг их наяд 47 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь нийт олгосон зээлийн 8.5 хувийг эзэлж буй юм. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нь нийт активийнхаа 18.6 хувийг эзлэж буй юм. Тэгвэл төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 41.4 хувьтай байна. Эдгээр нь Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг шалгуур үзүүлэлтүүд хангалттай биелүүлж буй дүн ажээ. Монголбанк арилжааны банкуудын эрсдэлийг бууруулах үүднээс дүрмийн санг нь үе шаттай нэмэгдүүлсээр ирсэн. Уг ажил энэ оны эцэст дуусна. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Ихэнх банк дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлсэн. Арилжааны банк бүр тус тусдаа дүрмийн сангаа нэмэгдүүлэх гарфик гаргаад ажиллаж байгаа” гэлээ.

Өнгөрсөн онд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн хэсэг хугацаанд санхүүжилтгүй болж зогссон. Одоо ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр нь санхүүжүүлж байна. Ингээд сард ипотекийн зээлийг 20 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа аж. Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс дөрвөн их наяд 18 тэрбум төгрөгт хүрэв. Энэ зээлийг нийт  89156 өрх аваад байгаа юм. Гэвч нийт олгосон зээлийн 1.4 хувь нь чанаргүй, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оржээ. Эцэст нь хэлэхэд Монголбанкны эдийн засагчид энэ онд эдийн засагт сэргэлт гарна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн онд эдийн засаг ямар байсан нэгдсэн тайлан судалгаа гуравдугаар сард гарах гэнэ. Уг тайлан судалгаа гарсны дараа энэ онд манай улсын эдийн засгийн төлөв байдал ямар байх төсөөллөө гарган тавина гэдгээ мөн мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан