Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

40:60


Дональд Трамп

Америкчууд өнөө­дөр өөрсдийг нь хүртэл гайхаш­руулсан шинэ Ерөнхийлөгчөө угтан авч байна. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр албан ёсоор тангараг өргөн, үүрэгт ажилдаа орж буй билээ. Хачирхалтай нь, ажилдаа ч ороогүй шинэ төрийн тэргүүний рейтинг ердөө 40 хувьтай байна. CNN ба ORC тэргүүтэй нэлээд хэдэн судалгааны байгууллагын хийсэн санал асуулгаар америкчуудын тал хувь нь ч шинэ Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхгүй байгаа нь харагджээ. Гэтэл өнөөдөр ажлаа өгч буй Б.Обама гэхэд 68, Жорж Буш 57 хувийн рейтингтэйгээр тангараг өргөж байлаа.

Харин Дональд Трамп рейтингийн тааруухан мэдээг урьдын л адил будилуулсан тоо хэмээн няцааж, үл анзаарах гэж хичээж байна. Тэрээр сонгуулийн өмнө санал хураалтыг будилуулж магадгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Үнэндээ Д.Трамп сонгуулийн санал хураалтаар сонгогчдын 46 хувийн дэмжлэгийг л хүлээсэн. Харин өрсөлдөгч Хиллари Клинтон хоёр хувиар илүү буюу 48 хувийн санал авсан билээ. Гэвч сонгуулийн коллегийн төлөөлөгчдийн саналаар Д.Трамп ялалт байгуулснаар олонхийн санал авсан Хиллари Клинтон ялагдал хүлээсэн.  Эндээс харвал Д.Трампын рейтинг бусад Ерөнхийлөгч шиг анхнаасаа өндөр байгаагүй тул гайхах зүйл үгүй мэт. Гэхдээ албан ёсоор ажлаа ч эхлүүлээгүй байхдаа олны итгэл хүлээхгүй байгаа нь удирдагч хүний хувьд сайн мэдээ яавч биш. Учир нь, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, бодлого, хөтөлбөр  бүхэн хууль тогтоогчдоос дэмжлэг авч байж батлагддаг. Харин түүнийг нь Конгресс, Сенат дэмжих эсэхэд Ерөнхийлөгчийн өөрийн нэр хүнд, нөлөөтэй байдал шийдвэрлэх үүрэгтэй. Ерөнхийлөгчийн рейтинг унахад хууль тогтоох байгууллагад асуудлаа шийдвэр­лүүлэх, дэмжлэг хүлээх магадлал төдий хэрээр багасдаг болохыг улс төрийн хүрээнийхэн сайн мэддэг. Ялангуяа Д.Трамп шиг өөрийнхөө намынхантай хүртэл үзэлцдэг, санал бодол зөрөлддөг Ерөнхийлөгчийн хувьд хууль тогтоох байгууллагад дэмжлэг хүлээхгүйгээр өөрийн гэсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Д.Трампын рейтинг ийм муу байгаад нэг талаар түүний эрс хатуу үзэл баримтлал, нөгөө талаар ирэх жилүүдэд юу болох бол гэсэн тодорхойгүй байдал, олны  хүлээлт, айдас ч холбоотой. Тэрээр худалдааны ашгийн төлөө хамгийн том түнш Хятадтай хүртэл сөргөөцөлдөхөөс буцахгүй гэдгээ харуулсан. Хэрэв газар нутагт нь үйлдвэрээ барихгүй бол гадаадын томоохон компаниудад өндөр татвар ногдуулна гэж анхааруулсан. Цагаачдын урсгалыг хахир хатуу аргаар таслан зогсоож, дэлхийн тэргүүлэгч гүрний хувиар бусад улс орныг дэмжин туслах үүргээсээ татгалзана гэж мэдэгдээд байгаа. Энэ мэт бодлогын эрс өөрчлөлт шинэчлэл нийгмийн нэг хэсэгт  айдас болгоомжлол төрүүлж байгаа бол нөгөө хэсэг нь үнэхээр ийм зүйл болох эсэхэд эргэлзэж, байдлыг харзнаж буй. Тийм ч учраас Д.Трамп ямар Ерөнхийлөгч байх бол, улс орноо хэр сайн удирдаж чадах вэ гэдэгт итгэлгүй байгаа юм. 

Гэхдээ амжилттай бизнесмэн учраас Трампын эрх барих жилүүдэд улс орны эдийн засаг сайжирна гэдэгт америкчууд нэлээд итгэлтэй байгаа нь “Вашингтон Пост”-ын явуулсан санал асуулгаас харагджээ. Оролцогчдын 61 хувь нь түүнийг эдийн засгаа сайн авч явж, ажлын байр шинээр нэмж чадна гэдэгт итгэлтэй байна.  Харин эмэгтэйчүүдийн эрх, арьс өнгөний үзэл гэх мэт эмзэг асуудлууд гаарч магадгүй гэж эмээж байгаа нь судалгаанд оролцогчдын 57 хувь нь түүнийг энэ тал дээр маруухан байх болов уу хэмээн таамагласнаас харагдана.
Мексикчүүдийг “хар тамхины наймаачид”, “хүчирхийлэгчид” гэж хэлэхээс эрээлхэж нэрэлхээгүй шигээ муслимуудад таагүй ханддагаа нуугаагүй Д.Трамп Ерөнхийлөгч болвол Америкийн нутаг дэвсгэр дээр исламын шашны сүм үзэгдэхээ болино, ижил хүйстнүүдийн эрхийн тухай ярих ч хэрэггүй болно, үр хөндөлтийг хориглоно гээд таамгууд хөвөрч байсан. Тэр бүү хэл, дэд Ерөнхийлөгчөө реалити шоугаар тодруулна, тун удахгүй 10 долларын дэвсгэрт дээр Трампын хөрөг заларна гээд хошин аястай хэтрүүлгүүд ч цахим ертөнцөөс эхлээд олны ам дамжин тарж байлаа.

Гэвч “Трамп Ерөнхийлөгч болвол...” гэдэг асуулт хий хоосон төсөөлөл, түүний хариулт нь ч инээдэм наргиа байхаа болилоо. “Америкийг агуу болгоно” гэж амласан Трампын баттай хийж чадах ганц зүйл бол төрийн тэргүүний дасал болсон амьдралын хэв маягийг өөрчилж, уламжлалт дүр төрхийг нь эвдэж магадгүй юм. Цагаан ордныг алтаар будъя гэж хүсвэл тэр хувиасаа мөнгөө гаргаад хийж чадна. Үүнийгээ ч тэр эхнээс нь харуулсан. Өнөөдөр Д.Трамп тангаргаа өргөснөөр гэр бүлийнхэн нь Цагаан ордонд нүүж ирэх ёстой ч Ерөнхийлөгч тогтсон уламжлалаас илүү бага хүүгийнхээ  боловсролыг эн тэргүүнд тавьж, энэ хичээлийн жил дуусах хүртэл хуучин сургуульд нь үлдээхээр шийдсэн. Улмаар тэргүүн хатагтай хүүтэйгээ хамт Нью-Йорк дахь Трамп цамхагтаа хавар хүртэл амьдрахаар болсон билээ. Ингээд ганц биеэр Цагаан ордонд нүүж ирснээс эхлээд Д.Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах жилүүд үе үеийн төрийн тэргүүнийхээс өөр байх нь дамжиггүй. Харин түүнийг одоо харах л үлдлээ.

БАРАК ОБАМА

Одоогоос яг найман жилийн өмнө АНУ-ын түүхэнд шинэ хуудас нээж, анхны хар арьст Ерөнхийлөгч болон тангараг өргөж байсан Барак Обама өнөөдөр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Цагаан  ордныг орхиж байна. Тэрээр 60 хувийн рейтингтэйгээр албаа өглөө. Өөрөөр хэлбэл, америкчуудын 60 хувь нь түүний өнгөрсөн найман жилийн ажлыг хангалттай сайн  хэмээн дүгнэжээ. Б.Обама анх тангараг өргөх үед рейтинг нь 68 хувьтай байсантай харьцуулбал төдий л унаагүй нь түүний засаг захиргааны ажлын үр дүнг сонгогчид үнэлж байгаагийн илрэл. Тиймдээ ч тэрээр сар га­руйн өмнө ярилц­­лага өгөхдөө хэрэв хуулиар хүлээн зөвшөөрдөг байгаад дахин нэр дэвшсэн бол магадтай гурав дахь ялалтаа авчрах байсан хэмээн итгэл төгс ярьсан билээ.

Гэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд бүхэлдээ Ерөнхийлөгчийн нэр хүнд өндөрт гялалзаад, америкчууд бодлого зорилтыг нь дандаа дэмжиж байсан гэвэл үнэнээс зөрнө.  Тухайлбал, 2009 оны эхээр эдийн засгийн хямрал ид үргэлжилж байх үед хүн амын ердөө 21 хувь нь л улс орон зөв зүгтээ явж байна гэж үзэж байв. Харин хямралаас гарч, ажлын байр нэмэгдэн, АНУ-ын эдийн засаг урьдын адил хэвийн горимдоо орсноос хойш Ерөнхийлөгчийн рейтинг нэмэгдэж, хоёр дахь удаагаа тангараг өргөх үед 49 хувьд хүрсэн юм.

Ерөнхийдөө Б.Обамагийн бүрэн эрхийн жилүүдийн дундаж рейтинг 63 хувьтай байгаа нь тун сайн үзүүлэлт. Түүнээс өмнө Билл Клинтон (66 хувьтай), Рональд Рейган (64 хувь) гээд тоотой хэдхэн Ерөнхийлөгч 60 хувь давсан рейтингтэй ажлаа өгч байжээ. Санал асуулгад оролцогчдын 25 хувь нь Б.Обамаг улсынхаа хамгийн агуу төрийн тэргүүний нэг гэж өндрөөр үнэлсэн байна. Үүгээрээ тэрээр Р.Рейган, Б.Клинтоныг ч ардаа орхижээ.

Мэдээж, түүнийг хамгийн муу Ерөнхийлөгч гэж үзэх хэсэг ч америкчууд дунд байна. Гэхдээ тэд ердөө 23 хувийг эзэлж байгаа нь жишээлбэл өмнөх Ерөнхийлөгч Ж.Буштай харьцуулбал хоёр дахин бага байгаа юм. Ж.Бушийг Цагаан ордныг орхих үед хамгийн муу төрийн тэргүүн гэж үнэлэх хүмүүсийн хувь 46-д хүрч байжээ.
Б.Обама өнгөрсөн найман жилд юу хийж бүтээсэн учраас америкчууд түүнийг хамгийн  шилдэг удирдагч гэж дүгнэв хэмээн үзвэл дараах ололт амжилтуудыг товчхон дурдаж болно.

-Эдийн засгийг хямралаас гаргасан.
-13,7 сая ажлын байр шинээр бий болгосон.
-Ажилгүйдлийн түвшинг таван хувьд хүртэл бууруулсан.
-17,6 сая иргэн түүний санаачилсан хуулиар Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан.
-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины санаачилгад тэргүүлэх үүрэгтэй оролцсон.  
-Иракийн дайныг дуусгасан.
-АНУ-ын эрэн сурвалжилж байсан №1 алан хядагч Осама Бин Ладеныг устгасан.
-Кубатай харилцаагаа сэргээсэн.
-Ираны цөмийн хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт, тохиролцоонд хүрч чадсан.
-Транс Номхон далайн түншлэлийн гэрээ байгуулсан.
-Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Б.Обамагийн бүрэн эрхийн хугацаандаа хүрсэн ололт амжилтыг тоочвол үүнээс урт жагсаалт гарах нь дамжиггүй. Мэдээж түүнд бас хийнэ гэж амласан боловч улс төрийн эсэргүүцэлтэй тулгаран бүтэлгүйтсэн, хойш тавьсан ажил ч олон бий. Олон улсын тавцанд Сирийн дайн, Ойрхи Дорнодын хямрал гээд цөөнгүй асуудалд Б.Обамагийн засаг захиргааг сул дорой эсвэл харгис балмад бодлого явуулсан гэж шүүмжилдэг.

Гэвч Б.Обама ажлаа өгөх эцсийн мөчид америкчуудийн ихэнх нь 44 дэх Ерөнхийлөгчөө талархсан сэтгэлээр үдэж байна. Өнгөрсөн жилүүдэд хайр дүүрэн гэр бүлийн жишээг улс орондоо үлгэрлэн үзүүлж чадсан Обамагийнхныг санана даа гэх сэтгэгдэл интернэтээр дүүрэн хөвөрч байна. Энэ л удирдагч хүний, улстөрчийн эцсийн зорилго биз ээ. Харин Б.Обама зорилгодоо хэдий нь хүрч чаджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан