Н.БАТ
“Эдийн засгийн хомсдол яагаад бий болдог юм бэ. Нөөцгүй газар хомсдол бий болж, Хомсдолтой газар хямрал бий болдог гэсэн томъёолол байдаг. Манай улсын хувьд үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа нь эдийн засгаа хомсдолд хүргэж байна. Нөгөө талаас ямар улсыг хөгжсөн эдийн засагтай улс гэх вэ гэвэл статистик үзүүлэлтүүд, үндэсний нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ногдох орлого гэх зэрэг олон томъёолол байна. Гэхдээ эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байгаа гол үзүүлэлт нь хүмүүсээ хувцаслаад, өлсгөхгүй авч явах л гэж би боддог. Гэтэл бидний өмсч байгаа хувцсанд “Монголд үйлдвэрлэв” хэд билээ. Эдийн засгийн хямралаас гарах гарц хаана байна вэ,Үйлдвэрлэл хөгжиж чадаж байна уу. Гар нь “загатнасан” баялаг бүтээгчдийг төрүүлж, өөрсдөө үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүнээ дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг шахаж байж, хөгжлийн гарц тодорхойлогдоно гэсэн байр суурьтай байгаа” хэмээн “Шинэтгэлийн гарц-Судалгааны хүрээлэн” ТББ-ын шинжээч, эдийн засгийн ухааны доктор Д.Мөнхнасантай ярьсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Хямралаас гарах гарц бол үйлдвэрлэл гэж та хэлж байна. Яг үнэндээ баялаг үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж байгааг үгүйсгэх арга алга. Гэтэл өрхийн үйлдвэрлэлээс хэтрэхгүй байна дийлэнх. Энэ талаар таны бодлыг эхлээд сонсъё?
-Баялаг бүтээгчдээ бид дэмжих ёстой. Өрхийн, ахуйн хэрэгцээнд үйлдвэрлэл явуулж байсан ч дэмжих хэрэгтэй. 1995 онд баталсан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогоор өрхийн амьжиргааныхаа хэрэгцээнд бодитойгоор бууж, санхүүгийн хүрэлцээтэй байдлыг тодорхойлж өгөөгүйгээс өнөөдрийг хүртэл тэднийг дэмжээд байгаа мэт харагдавч, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж олгохгүй байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж Монголд бий. Баялаг бүтээгчид маань ажиллаж байгаа ч өрхийн үйлдвэрлэлээ бодит үйлдвэрлэлийн хэмжээнд, жижиг дунд гэх ангилалд хүргэх хөрөнгө санхүүгийн боломж алга. Учир нь, зээлийн хүү өндөр, дотоод зах зээл дээрх иргэдийн бүтээгдэхүүн худалдан авах чадвар муу байгааг хүн бүр мэднэ.
-Төрийн эрх барьж буй аль ч засгийн үед зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл гэлтгүй хүнд үйлдвэрийн асуудал яригддаг. Өнгөрсөн засгийн үед жишээ нь, нефть боловсруулах үйлдвэрийн тухай ярилаа. Гэхдээ ярилаа л гэдэг үг хэрэглэгдсээр байна даа...
-Хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлэхийн тулд эхлээд түүхий эд, бүтээгдэхүүнээ өөрсдөө гаргадаг байх ёстой. Гэтэл бидэнд наад зах нь уул уурхайн түүхий эдээ ухаад гаргах чадалтай механизм хэд байгаа билээ. Хүчин чадал сайтай, бүтээмж өндөртэй механизм авъя гэхээр санхүү хөрөнгө мөнгө, улс орны эдийн засгийн чадавхи, өр зээлийн хэмжээ гээд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Үнэндээ Японоос, Солонгосоос машин зөөж иргэнээ чинээлэг мэт харагдуулах гэж байхын оронд хүнд тоног төхөөрөмжөө зээл, лизингээр худалдаж аваад ажиллуулж байсан бол өнөөдөр энэ салбарын хөгжлийн суурийг тавьчихсан байх байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манайд төмөрлөг, арьс шир гээд баялаг дээр суурилсан нөөц үйлдвэрүүд 99 хувиар бодитой ажиллаж, үйлдвэрлэл явуулж байсан юм. Тэр хэмжээгээр эдийн засгийн бодлого алдагдахгүй явдаг байв. Үйлдвэрлэлтэйгээ худалдааны салбар нь хамтдаа хөгжиж, ард иргэд нь ажилтай орлоготой байсан юм. Зах зээлийн систем бол ажиллаж чаддаг нь ажиллаад, чадахгүй нь хоосон суух зарчим үйлчилдэг. Манай улсын хувьд ажлын байр олноор бий болгох, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байж л гарцаа тодорхойлно. Бусдаар энд тэндээс зээлээр бараа, бүтээгдэхүүн худалдаж аваад эдийн засгаа хөгжихөөр, дараа төлье гэх сэтгэлгээнээсээ салах цаг болсон.
-Үйлдвэрлэл гэдэг зах зээлээ дагаж хөгждөг. Манай улсын хувьд зах зээлийн хязгаарлагдмал байдалтай, үндсэндээ борлуулалт алга гэдэг. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?
-Хүнээ олон болгох ёстой.Өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ тоог эхлээд нэмэх хэрэгтэй. Японы хөгжлийн түүх ийм. Гэхдээ энэ бол хэтийн зорилго. Өнөөдрийн хувьд зах зээл байхгүй гэдэг тодорхойлолтыг үгүй хийхийн тулд экспортын бүтээгдэхүүн л үйлдвэрлэх шаардлагатай. Дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарсныг гадагш нь борлуулж байж л хөгжлийн нэг үе шат харагдана. Түүнээс яг өнөөдрийн байдлаар дотоодын хэрэглэгч нэмэгдэх байдал харагдахгүй байгаа юм.
-Монгол Улсын өр хямралд оруулчихлаа гэсэн бодол хүн бүрт суучихлаа. Та бүхний үзэж байгаагаар өр л хямралын гол шалтгаан мөн үү?
-Хямралд гол нөлөөлж байгаа эдийн засгийн индикатор бол ДНБ, улсын төсвийн өр, төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэл. Иргэдийн гар дээрээ авч байгаа цалингийн хэмжээ ч нөлөөлдөг. Манай улсын хувьд цалин хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага. Гэтэл амьдрах өртөг нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ерөөсөө эдийн засаг нь өөрөө төлжиж өгөхгүй байна гэдгийн илэрхийлэл бол далд эдийн засгийн хөгжил.
-Хямралаас гарахын тулд төр ямар нэг байдлаар бодлого боловсруулдаг. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Тэгвэл энгийн иргэд бид яах ёстой юм бэ?
-Судлаачид эдийн засагчид, улстөрчид маань эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гээд яриад байдаг. Гэтэл ард иргэддээ “Та юу хийх вэ” гэсэн чиглэл өгч чаддаггүй. Тэгэхээр баялаг бүтээгчдээ, ард иргэдээ үйлдвэрлэлийн хэмжээнд л дэмжих бодлого явуулах нь зүйтэй. Ер нь хүнд хийж чадахгүй зүйл байхгүй шүү дээ. Иргэдийнхээ ажлын туршлагатай нь холбож, та ийм юм хийх боломж байна шүү гэх мэссэжийг сайн өгөх хэрэгтэй. Түүнээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, босгоё гээд яриад байдаг боловч хөгжлийн үзэгдэл ажиглагддаггүй.
-Өнгөрсөн жилүүдэд “Чингис бонд”-оос үндэсний үйлдвэрүүдэд багагүй хөрөнгө оруулалт хийгдлээ. Гэвч ажлын байр төдийлэн нэмэгдэж чадсангүй?
-Бондоор санхүүжигдсэн өр зээл нь үйлдвэрлэлээ босгож, хөгжүүлэх хүчин чадлын хэмжээнд нь хүрсэнгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр бодитой хөрөнгө оруулалт хийсэн ч гэсэн хүрээгүй.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гээд яриад байдаг ч аль салбарт түлхүү татах бодлого баримтлаад байна вэ гэдэг нь тодорхой бус. Уул уурхайн салбарт л дийлэнх хөрөнгө оруулалт чиглээд байгаа ч ашигт малтмалын үнээс шалтгаалж эдийн засгаа бүхэлд нь дэндэгнүүлдэг нь энэ салбар. Энэ тухайд та ямар бодолтой байгаа вэ?
-Уул уурхайн салбарын эдийн засгийн категори бол хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангах. Газрын баялаг бол хязгаарлагдмал нөөц. Үүнийгээ бид бага үнээр гадагшаа гаргаж байхын оронд дахин үйлдвэрлэл явуулах бодитой ажил хийхгүй бол өөрсдөдөө л хомсдлыг бий болгож байна гэсэн үг. Дахин үйлдвэрлэл явуулдаг, зэсийн баяжмалаа, түүхий нүүрсээ дахин боловсруулалт хийж гаргадаг, эцсийн бүтээгдэхүүнийг л үйлдвэрлэх үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхгүй бол түүхийгээр нь гаргаад амжилт олохгүй нь тодорхой.
-Тэгвэл манай эдийн засгийн ноён нуруу болсон бодит сектор нь?
-Өсөлтийн эдийн засгийн хувьд харвал уул уурхайн салбар. Монгол Улс бол газар тариалан мал аж ахуйн орон. Энэ чиглэлээр л хөгжлийн гарцаа л тодорхойлох ёстой, тодорхойлно гэж би харж байна.