Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Трампын хоосон орхих орой зайг Си Зиньпин нөхөж чадах уу


Б.СЭВЖИДМАА


Швейцарийн уулын бяцхан тосгон Давост улсынхаа тэргүүн баячуудыг дагуулан сүр бараатайхан буусан Си Зиньпиний үгийг дэлхий нийт анхаарал тавин сонслоо. Хэдийгээр хийж бүтээхээсээ ярих нь их, үр дүн муутай гэж Дэлхийн эдийн засгийн форумыг өдгөө үнэлдэг болсон ч АНУ-ын Ерөнхийлөгчийн тан­га­раг өргөх ёслолоос гурав­хан хоногийн өмнөх сиймхийг ашиглан Си Зиньпин Давост ирэх­­дээ дэлхий нийтийн ан­хаар­лыг татахыг л гол зо­рилгоо болгосон. Санасандаа ч хүрлээ.

Си Зиньпин хэлсэн үгэндээ “Худалдааны дайнд хэн ч хожихгүй” гэсэн нь АНУ-д, тус улсын шинэхэн Ерөнхийлөгчид хаягласан мэт байлаа. Дэлхийд тэргүүлэх байр сууриас илүүтэй АНУ олон улсын худалдааны талбарт ашиг олох нь нэн тэргүүний ашиг сонирхол гэж үзэж байгаа Д.Трамп Хятадтай харилцан ашигтай худалдааны гэрээ байгуулахгүй бол зохих шийтгэлийг нь онооно, үндэстэн дамнасан компаниуд АНУ-ын нутаг дэвсгэрт бизнесээ явуулахгүй бол бараа бүтээгдэхүүнд нь өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж эхэлсэн. Б.Обамагийн засаг захиргааны гол ололтын нэг гэж үзэж байсан Транс-Атлантын худалдааны гэрээг ажилдаа ормогц цуцална гэж мэдэгдсэн Д.Трампын байр байдлаас АНУ-ын шинэ засаг захиргаа дэлхийг тэргүүлэх  нээлттэй бодлогоос илүүтэй өөрийгөө хамгаалсан, дотоод руугаа чиглэсэн бодлого барих нь гэж ажиглагчид, тоймчид дүгнэж байгаа билээ.

2016 онд дэлхийг донсолгосон Д.Трампын ялалтаас гадна Их Британи Европын холбооноос гарахаар шийдсэн нь дэлхийн улс орнууд даяарших бус дангаарших бодлого руугаа эргээд чиглэх нь үү гэсэн ханд өгөөд байгаа. Улс орнууд, тэр дундаа дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ олон улсын эрх ашиг, бүс нутгийн интеграц, хамтын хөгжил гэдэг зүйлээс ухарч буй мэт сэтгэгдэл олон нийтэд зүй ёсоор төрж буй энэ үед дэлхийг манлайлах үүргийг Хятад өөртөө хүлээх хүсэлтэй байна гэж ажиглагчид харж буй.

Си Зиньпин хэлсэн үгэндээ даяаршил, эдийн засгийн интеграцчлал бол хүн төрөлхтнийг хүчирхэгжүүлж, хэдэн сая хүний ахуй амьжиргааг дээшлүүлсэн хэмээн үнэлж, “Өдгөө дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлын ихэнх нь эдийн засгийн глобальчлалтай огт хамааралгүй. Дуртай ч бай, үгүй ч бай дэлхийн эдийн засаг бол зугтах аргагүй далай юм. Бид чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын талд зогсох ёстой. Худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах ёстой” гэсэн юм.

АНУ дэлхийг тэргүүлэх амбицаа түр хойш нь татаж байгаа мэт энэ үед Си Зиньпин маш өргөн бүрэлдэхүүнтэй Давосын чуулганд оролцсон нь, даяаршлыг дэмжиж ийм үг хэлсэн нь “Тэгвэл бид тэр орон зайг чинь эзлэе” хэмээн ханцуй шамлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

АНУ-д шинэ Ерөнхийлөгч нь тангараг өргөхөөс гурав хоногийн өмнө ийнхүү олон улсын анхаарлыг Давос руу татсанаараа Си Зиньпин дэлхийн тавцанд Дональд Трампын хоосон орхиж болзошгүй орон зайг нөхөж, нөлөө бүхий удирдагч болох гэсэн амбицаа харууллаа хэмээн ажиглагчид үзэж байна. Дэлхийг жанжлах гэсэн эрмэлзэл тэмүүллээс илүү эдийн засгаа сэргээх гэсэн дотоод бодлогод л хамаг анхаарлаа тавина хэмээн таамаглаж буй шинэ Ерөнхийлөгч Д.Трамп бол “АНУ эхлээд эдийн засгийн хувьд хүчирхэг байх ёстой, бид л сайхан амьдарвал дэлхийн өмнө хүлээх үүрэг хариуцлага яах вэ” гэсэн албан бус байр суурьтай. Тиймдээ ч, “НАТО үеэ өнгөрөөсөн”, “АНУ бусдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тэгж их зардал гаргах ёсгүй”, “Бусад улсын хэрэгт АНУ оролцох шаардлагагүй” гэх мэтээр хэлэх болсон.  Өдгөө дэлхийд эдийн засгаар хоёрт бичигдэж яваа БНХАУ энэ боломжийг хэрхэн алдах билээ. Хоосон орой зайд дэлхийн шинэ тэргүүлэгч болох хүслээ гүйцэлдүүлэхийг хичээж байна.
БНХАУ 1979 оноос хойш Давосын чуулганд төлөөлөгчдөө илгээж эхэлсэн байдаг. Гэвч саяхныг хүртэл Хятадын төлөөлөгчид зочдын дунд чимээгүйхэн зогсч байдаг, индэр дээр гарч үг хэлэх нь ховор, бүр хүний анхаарал ч татдаггүй байлаа. Харин одоо бол Бээжин юу хэлэх бол гэж дэлхий тэр чигээрээ анхаардаг боллоо. Ялангуяа дэлхийн хамгийн том зах зээлийн хувьд эдийн засгийн ямар бодлого чиглэл баримтлахыг бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид чих тавин чагнаж суух болсон. Ийм л анхаарлын төвд Си Зиньпин улсынхаа тэргүүн баячуудыг дагуулан Швейцарьт ирээд  нээлтийн үгийг нь хэлдэг болж, цаг эргэжээ.
Түүнийг дагалдан яваа бүрэлдэхүүнд “Алибаба” группийн захирал Жэк Ма, “Далиан Ванда” группийн захирал Ван Жианлин, “Хуавей Технологи”-ийн захирал Сун Яфан тэргүүтэй бизнесмэнүүд багтжээ.  Жэк Ма 31 тэрбумын хөрөнгөтэй бол, Ван Жианлин 34 тэрбум долларын хөрөнгөтэй, Хятадын тэргүүн баян. Тэдний хөрөнгө дэлхийд ч дээгүүр үнэлэгдэнэ. Гэхдээ энд тэдний хувийн хөрөнгийн хэмжээ чухал бус. Тэдний хийж чадах бизнес, хөрөнгө оруулалтын цар хүрээ хамгийн их сонирхол татаж байна. Саяхан л гэхэд Жэк Ма Дональд Трамптай Нью-Йоркт уулзаж, тус улсад нэг сая ажлын байр бий болгоход туслана гэж амласан. Ийм хэмжээнд бизнес ярьдаг болсон учраас өнөөдөр Хятадын төлөөлөгчид Давосын гол зочид болжээ. Дэлхийн эдийн засгийн форумын Хятад дахь төлөөлөгч Дэвид Айкман дэлхийн удирдагчид, гүйцэтгэх захирлууд Ерөнхийлөгч Си Зиньпиний үгийг сонсохыг хүсч байгаа гэдгийг чуулганы өмнө мэдэгдсэн байна.

Тэдний хүлээлт ч талаар болсонгүй. Си Зиньпин товч тодорхой, маш энгийнээр санаагаа илэрхийлж чадлаа гэлцэж байна. Тэр даяаршлыг хүчтэй дэмжиж байгаа нь БНХАУ худалдаа, эдийн засгийн чөлөөт бодлогын ачаар 1978 оноос хойш хэрхэн гэрлийн хурдаар өсч дэвжсэнийг өөрийн биеэр мэдэрснийх гэж харж байна.

Өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын хувьд дэлхий нийттэй худалдааны нээлттэй бодлого явуулах нь Хятадад мэдээж чухал. Гэвч Трампын Хятадад хатуурхдаг нь үндэслэлгүй хэрэг огт биш. Өнгөрсөн хэдэн арван жилд Хятад худалдааны талбарт хамгийн их ашиг хүртэж, харин харилцагч нь алдагдал хүлээж байснаараа өөрсдөө худалдааны дайныг эхлүүлсэн гэдэг. БНХАУ-ын эдийн засаг хүчирхэг болсон атлаа экспортоо хүчээр нэмэхийн тулд юанийн ханшаа зориуд доогуур барьж, түүнээс нь АНУ тэргүүтэй улсууд хохирч байна гэж Трамп буруутгадаг билээ. Тийм ч учраас даяарчлал бол  “хоёр талдаа иртэй илд” гэж Си Зиньпин хэлсэн. Тэглээ гээд эрсдлээс айж, өөрийгөө тусгаарлах нь алдаа болно гэдгийг ч тэр хэлсэн юм.

Гэхдээ ажиглагчид нэг зүйлийг тэмдэглэж байгааг энд дурдах ёстой. Хэдийгээр БНХАУ АНУ шиг дэлхийн хэмжээний тоглогч болох эрмэлзэлтэй ч жишээлбэл Америкийн хэмжээнд үүрэг хариуцлага хүлээх чадвартай гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Яагаад гэвэл Хятад бол өөрийгөө л сонирхдог улс буюу өөрийн улсыг л илүү чадавхижуулахыг хүсдэг гүрэн. Тэд АНУ шиг дэлхийн цагдаа хийгээд бүх асуудалд манлайлан оролцож ирсэн туршлага болоод сэтгэл зүй байхгүй. Дэлхийн ужиг бэрхшээлүүдийг шийдвэрлэх хүсэл, потенциаль ч байхгүй гэж Жорж Вашингтоны их сургуулийн Хятадын бодлого судлалын хүрээлэнгийн захирал Дэвид Шамбо хэлснийг мартаж болохгүй.

Тэгэхээр үүрч чадахгүй хэт нүсэр үүрэг хариуцлагыг Си Зиньпин дээр тохоож, Бээжингээс их зүйл хүлээх нь гэнэн хэрэг гэж үзэх ажиглагчид ч байна. Ямартай ч, Давосын чуулганд Си Зиньпин оролцсоноороо олны анхаарлыг хүссэнээрээ татаж, зорилгоо биелүүлж чадсан ч харин үйл хэрэг болгох тал дээр түүний юу хийж чадахыг харах л үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан