Хятадын зүүн нутгийн Зяньси мужид усан сангийн ус татрах үеэр эртний хийцтэй Будда бурхны баримал гарч ирснийг “Синьхуа” агнентлаг мэдээлээд дүрс бичлэгийг нь албан ёсны сайтдаа нийтэлсэн байна.
Усан сангийн хаалтад засвар хийх үеэр сангийн усны түвшин 10 метрээр доошилж, хана хаданд сийлж дүрсэлсэн Будда бурхны баримлын толгой гарч ирсэн гэнэ. Нутгийн иргэд, засварын ажилчид олж илрүүлсэн энэ үнэт олдворыг археологчид судалж, шинжилж эхэлжээ.
Баримлыг Мин гүрний үе буюу 1368-1644 оных байж магадгүй гээд, хамгийн багадаа 350 жилийн настай гэж үзсэн байна.
Эрдэмтэд усан сангийн ёроолд Будда бурхны хөлийн орчим эртний сүм байсан гэж таамаглан усанд шумбагчдын тусламжтайгаар цаашид үргэлжлүүлэн судална гэжээ.