Б.ЦЭДЭВСҮРЭН
Манай улсын спортын топ таван төрлийн нэг болох жүдогийнхон өнөө жилийн Улсын аваргаа тодруулж байна. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн тавдахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн жүдо бөхийн УАШТ-ийг IJF-ийн шүүгч, Олимпын зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка, ОХУ-ын олимпын зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар шүүж байна.
Өнөө жилийн УАШТ-д оролцож буй тамирчид хариуцлагатай байх ёстой. Учир нь Олимпын шинэ цикль эхэлж байгаа тул шигшээ багийг шинэчлэн байгуулахад тэмцээний амжилт чухал нөлөө үзүүлэх юм. 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байгаагаас хамгийн олон өрсөлдөгчтэй нь эрчүүдийн -60 кг жин байв. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг-ийн барилдаан явагдаж дүнгээ гаргасан юм. Энэ удаагийн УАШТ-ийг Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэчлэгдсэн дүрмийн дагуу шүүж байгаа анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Жил бүрийн УАШТ-ий хөнгөн жингүүдэд сонирхолтой барилдаан өрнөдөг. Тэгвэл өнөө жил ч мөн л таамаглаагүй барилдаан олон гарлаа. Тив, дэлхийд алдраа дуурсгасан тамирчдаас гадна дотоодынхоо уралдаан тэмцээнд амжилттай барилддаг жүдочид болон өсвөр үе, залуучуудын тэмцээнд амжилт гаргаж яваа залуус энэ удаагийн УАШТ-ий тааврыг өөрчилсөн сонирхолтой барилдаануудыг үзүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэг гавьяат босоо байж хошой аварга болсон. Харин өнгөрсөн жил аваргалсан Э.Базаррагчаа мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг ОБЕГ-ын бөх Ж.Чанцалдулам, Хилчин-2 багийн Э.Уртнасан нар хүртлээ.
Харин хамгийн олон өрсөлдөгчтэй эрчүүдийн -60 кг-ийн жингийн барилдаанд цоо шинэ аварга төрлөө. -60кг жинд шигшээ барилдаанд Ж.Амарболд Б.Мягмардоржийг даралтаар цэвэр ялж насанд хүрэгчдийн улсын аваргад 20 насандаа анх удаа түрүүллээ. Хоёр жүдочийн хувьд Сүлд спорт хороонд Ц.Шийрэв багшийн удирдлагад хамтдаа бэлтгэл хийдэг аж. Ж.Амарболдын хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшинг илт давуугаар ялснаар шигшээ хүртэлх замаа зассан юм. Хүрэл медалийг ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Амартүвшин нар хүртэв.
Энэхүү жинд улсдаа төдийгүй, олон улсад чансаагаараа тэргүүлдэг бөхчүүд цөөнгүй. Гэхдээ энэ удаа гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Г.Хэрлэн жин өгсөж 66 кг-д барилдсан. Г.Болдбаатар гавьяат шигшээ наймд үлдэх барилдаанд ОУХМ О.Алтансүхэд ялагдсан. Мөн -66 кг-д дэлхийн шилдэг бөх болох Д.Төмөрхүлэг маань эхний тойргийн барилдаанд ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Рио-2016 олимпын наадамд эрэгтэйчүүдийн -60кг-д эх орноо төлөөлөн зодоглосон ОУХМ Ц.Цогтбаатар жин өгсөж 73 кг-д барилдсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдал хүлээсэн юм. Тэрээр өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг ялж түрүүлж байсан юм.
Харин дэлхийн шилдэг жүдочдоос жин өгсөж -66 кг-д зодоглосон ОУХМ Г.Хэрлэн анх удаа улсын аварга болов. Тэрээр аваргын төлөө Б.Эрхэмбаярыг цэвэр ялсан юм. Хүрэл медалийг Д.Алтансүх болон М.Ганболд нар хүртсэн. Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүллээ. Энэ жинд -52 кг-аас өгсч барилдсан А.Цолмон мөнгөн медаль хүртсэн бол Г.Отгонцэцэг, Т.Мөнгөнтуяа нар хүрэл медаль хүртсэн юм.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй -70 кг, -78 кг, +78 кг жингийн барилдаан болно. Мөн УАШТ-ий нээлт болох бөгөөд үүний дараа Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очирын зодог тайлах ёслол болох юм байна. Маргааш багийн эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй: -70 кг, -78 кг, +78 кг жингийн барилдаантай.