Б.ЦЭДЭВСҮРЭН
Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар болон шинэ дүрэм, шигшээ баг байгуулах зэрэг асуудлаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай тэмцээний үеэр ярилцлаа.
-Өнөө жилийн УАШТ-ээр шинэ залуучууд түрэн гарч ирж байгаа нь эхний барилдаануудаас л харагдаж байна. Олимпын шинэ циклийн эхний УАШТ болж байна...
-Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн тав дахь удаагийн УАШТ маань зохион байгуулагдаж байна. Тэмцээн сонирхолтой, үзэгчдийг уухайлуулсан барилдаануудаар эхэллээ. Өнгөрсөн жилийн УАШТ-ий алт, мөнгөн медальтнууд, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцдог тамирчид маань ялагдаж байна. Дороос түрэн гарч ирж байгаа залуучууд ид дэлхийн дэвжээн дээр барилдаж буй бөхчүүдийг ялж байгаа нь жүдо бөхийн хөгжлийг харуулж байна. Тиймээс их ач холбогдолтой сайхан тэмцээн болж байна.
-Энэ удаагийн УАШТ-д гадаадын шүүгчид ирж оролцож байна. Олимпын зэрэглэлийн шүүгчдэд манай УАШТ-ийг шүүх санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
-Олон улсын жүдо бөхийн холбоонд хүсэлт тавьсны дагуу манайд хоёр шүүгч гаргаж өгсөн. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2017 онд шинэ дүрэм батлагдаад байгаа. Шинэ дүрэмтэй холбоотойгоор багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчдад гурван өдрийн сургалт явууллаа. Энэ удаагийн УАШТ шинэ дүрмээр явагдаж байгаа анхны тэмцээн учир олимпын зэрэглэлийн хоёр шүүгчийг урьж ирүүллээ.
Хоёр шүүгч маань Европын холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн. Чех улсын иргэн Владимир Хнедка, ОХУ-ын шүүгч Владимир Востриков нар ирсэн. Гадаадын өндөр зэрэглэлийн шүүгчдийг урьж авч ирсэн нь нэгдүгээрт, шинэ дүрмийн дагуу тэмцээнийг үнэн зөв явуулах ач холбогдолтой. Хоёрдугаарт, Монголын жүдо бөхийн хөгжил дэлхийн хэмжээнд очсон, өндөр зэрэглэлийн тамирчид байгаа учраас барилдаанууд өрсөлдөөн ихтэй, шүүхэд хүндрэл гардагтай холбоотой.
-Шүүлтийн тухай ярьсных Н.Түвшинбаяр аваргын олимпод хийсэн барилдааны оноог хүчингүй болгосон талаар асуухгүй өнгөрч болохгүй. Харамсалтай мэдээ байлаа. Үүнийг яг тухайн цаг үед нь хянаад, шийдвэрт нь нөлөөлөх боломжгүй байв уу?
-Шинэ оны эхэнд Олон улсын жүдо бөхийн холбооноос шүүгч, дасгалжуулагчдад семинарыг Баку хотноо зохион явуулсан. Семинарын үеэр Түвшинбаярын хийсэн мэхийг авч үзсэн. Өрсөлдөгч нь оноо авах байсан уу, үгүй юу гэдгийг хэлэлцээд оноонд тооцохгүй гэж үзсэн байгаа.
Одоо нэгэнт цаг хугацааг эргүүлж болохгүй учир үнэхээр харамсалтай зүйл боллоо. Олимпын үеийн дүрэм өөр байсан. Тухайн үед бичлэгийг дахин дахин үзээд ерөнхий шүүгч юүко оноо байна гэж үзсэн. Семинарын үеэр шинэ дүрэмтэй холбоотойгоор энэ барилдааныг үзэж хэлэлцээд оноо байхгүй гэж үзсэн.
-2017 онд Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ дүрэм гаргасан гэж байна. Энэ дүрэмд орсон онцлох, томоохон өөрчлөлтүүдийг дурдвал?
-Олон улсын жүдо бөхийн холбооноос зарим өөрчлөлтийг хийсэн. Юүко үнэлгээ байхгүй болсон. Иппон буюу цэвэр ялалт, базари буюу техникийн алдаа, хагас цэвэр ялалт гэсэн үнэлгээ өгч байгаа. Хуучин базари үнэлгээг хоёр удаа авахад автоматаар иппон болоод цэвэр ялдаг байсан бол одоо хэд л бол хэд авч болно. Цэвэр ялалт болохгүй. Мөн ханцуйны буюу гар бууны гэж хэлдэг барьц, халаасны барьц гэж дээрээс ухаж барихад торгууль ирэхгүй. Эрэгтэй, эмэгтэй адилхан дөрвөн минут барилдана. Хуучин торгуулийн илүүгээр ялдаг байсан бол одоо торгуулиар ялахгүй Алтан онооны барилдаанд орно. Хуучин дөрвөн удаа торгоод торгуулиар ялдаг байсан бол одоо гурван удаа торгоод ялагдал хүлээдэг болсон. Мөн идэвхтэй барилдуулах үүднээс өөрчлөлтүүд хийсэн. Хуучин тал барьц, бүстэй барьц, давуулж барих барьцнаас шууд мэх хийхгүй бол торгодог байсан бол одоо боломж олгоод 7-8 секунд хардаг болсон. Тамирчид маань ямар ч барьцнаас барилдахад тодорхой хугацаанд хууралт, хөдөлгөөн хийж байж үндсэн мэхээ хийх нь гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн 10 секунд дарвал базари, 20 секунд дарвал иппон болох байгаа. Энэ мэтчилэн сонирхолтой өөрчлөлтүүд оруулсан. Энэ дүрмээрээ 2017 оны ДАШТ-ийг шүүнэ.
-Энэ хугацаанд туршилтаар хэрэгжиж байгаа гэсэн үг үү?
-Нэг талдаа туршилт. Нөгөө талдаа энэ дүрмийн дагуу явагдаж байгаа тэмцээн уралдаанд оролцож буй багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчдаас санал аваад мэргэжлийнхэн дахиж хэлэлцээд боломжтой бол өөрчлөлт оруулж, батлаад 2020 оны олимпод хэрэгжүүлэх шийдвэр гарна.
-Энэ удаагийн УАШТ-ий дараа шигшээ багаа байгуулна. Шигшээ баг байгуулахад Монголын жүдо бөхийн холбоо ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Монголын жүдо бөхийн холбооноос УАШТ-д барилдаад амжилт гаргасан эхний дөрвөн байранд шалгарсан тамирчдыг холбооны шигшээ багийн тамирчин болгож, баталгаажуулдаг. Өнөө жил ч гэсэн энэ дүрмээрээ явна. Шигшээ багт багтсан тамирчид Монгол Улсаа төлөөлж тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцохоос гадна төсвөөс цалинждаг. Тиймээс манай холбооноос шигшээ багт УАШТ-д амжилттай барилдсан тамирчдаас гадна чансаа өндөр жүдочдоо оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өнөө жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчин Ази тивийн тэмцээнд улсаа төлөөлж оролцох эрх болох хамгийн том шагналыг хүртэнэ.
-Шигшээ багийн бүрэлдэхүүний тоог нэмж, өрсөлдөөнийг нэмснээр үзүүлэх амжилт дээшлэнэ гэдэг ч хэрэгждэггүй. Шигшээ багийнхны тоог нэмэх боломж бий юү?
-Харамсалтай нь, шигшээ багийнхны тоог төсөвтэй уялдуулж тогтоодог. 2012 оны олимпын дараа шигшээ багийнхны орон тоог багасгаж байсан. Одоо ч гэсэн багасгаж магадгүй яригдаж байгаа. Ер нь бол амжилтаа ахиулахын тулд аль болох олон бэлтгэл хангагч, олон багш нартай байх ёстой. Үүнийг бодлого барьж буй яам, тамгын газрын шийдвэр гаргадаг дарга нар анхаараасай гэж хэлмээр байна.
-Чөлөөт бөхийн холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулаад ДАШТ-д оролцох тамирчдыг сорилго барилдаан явуулж сонгохоор болсон. Жүдо бөхийн холбоо ДАШТ-д явах тамирчдаа шигшээ багаас сонгох уу?
-ДАШТ-д явуулах тамирчдаа сонгохдоо УАШТ-д үзүүлэх амжилтыг харгалзана. Мөн олон улсын амжилтыг нь харгалзан үзээд ДАШТ болохоос нэг сарын өмнө тамирчдын нэрсийг зарлана.
-Дасгалжуулагчдын хувьд...?
-Ахлах дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журам гарсан. Манай холбооноос зөвлөлөө байгуулаад шалгаруулалт явуулах ёстой. Өндөр ур чадвартай багш нараар шүүлт явуулж, дасгалжуулагчдаа сонгоно. Гэхдээ холбооны байр суурь бол өнгөрсөн олимпын цикльд багш дасгалжуулагчид маань маш сайн ажилласан гэж үзэж байгаа учраас одоо байгаа бүрэлдэхүүнээ дэмжинэ. Мөн хажуугаар нь шинэ багш нараар багаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа.
-Шигшээ багийнхны цалин тухайн хүнийхээ амьдралд хэр хүрэлцээтэй байдаг юм бэ. Олимпын дараа Х.Цагаанбаатар аварга өөрийн фэйсбүүк хуудсаараас шигээ багийнхны цалин 350 мянган төгрөг байдаг гэж зарласан нь олон хүний гайхширлыг төрүүлсэн л дээ...
-Тухайн тамирчны амжилтаасаа хамаарна. Ер нь дунджаар 350-500 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнийг нэмэх л шаардлагатай. Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Отгонцэцэг маань сарын цалин 5000 евро авч байгаа. Үүнийг харьцуулаад харах юм бол хэцүү л дээ. Зарим тамирчин клубээсээ цалин авдаг л даа. Гэхдээ л бүх юмны үнэ ханш нэмэгдэж байгаа энэ үед тамирчдын цалин амьдралд нь хүрэлцдэггүй. Олон улсын тэмцээн уралдаанд явах тамирчдын зардлыг зарим үед төсөвт суулгачихсан байдаг. Зарим үед тамирчин хувиасаа зардлаа гаргаад явдаг учраас цалин мөнгийг нь тодорхой хэмжээнд нэмэх л шаардлагатай.
-Отгонцэцэг маань үнэхээр сайн барилдаж, оны шилдэг жүдоч болсон. Монголын жүдо бөхийн холбоонд манайхаас тамирчин авах хүсэлт гадаадын орнуудаас хэр ирдэг вэ?
-Арабын нэгдсэн Эмират улс, Кувэйт, Сингапур, Хонконг, Канад, Европын зарим орон, Азарбайжан, Казахстан улсаас санал их ирдэг. Холбооноос эдгээр саналыг чамбай судалж үзээд, зарим тамирчиндаа боломж олгохоор ярьж байгаа.
-Монголын жүдо бөхийн холбооноос “Чингис хаан” гран при тэмцээнийг зохион байгуулах боломжгүй гэдгээ Олон улсын жүдо бөхийн холбоонд мэдэгдсэн байсан. Дараагийн удаа хөрөнгө мөнгөө шийдвэрлэчихээд хүсэлт гаргаад зохион байгуулах боломж байдаг уу?
-Олон улсын гран при тэмцээнийг зохион байгуулах эрхийг дөрвөн жилээр Олон улсын жүдо бөхийн холбоотой гэрээ хийж авдаг. Энэ тэмцээнийг зохион байгуулахад, эрх авахад өртөг өндөр, ажиллагаа их шаарддаг. Манай улсад эдийн засгийн байдал хүнд, төр засгаас дэмжлэг тааруу байгаа учраас энэ тэмцээнээ зохион байгуулж чадахгүй болсноо Олон улсын жүдо бөхийн холбоонд мэдэгдсэн. Жүдо бөх бол олимп, дэлхийн тэмцээнээс медаль авч ирдэг төрөл учраас холбогдох яам, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсч байна. Олимпын оноо олгодог, олон улсын чухал тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авлаа гэхэд төр засгаас 100 хувь дэмждэг байх хэрэгтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” гран при тэмцээнийг зохион байгуулах төсвийн 20 хувийг л төсвөөс гаргаж өгч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус тэмцээнд зориулж Монголын жүдо бөхийн холбоо хоёр сая ам.доллар гаргасан тооцоо бий. Дан ганц холбоо энэ их хөрөнгийг цаашид гаргана гэхээр үнэхээр хүнд. Манай холбооны ерөнхийлөгч хувиасаа хөрөнгө мөнгөө гаргадаг. Жүдо бөхөд хайртай дэд ерөнхийлөгчдийн нуруун дээр л энэ тэмцээн явж ирлээ. Энэ чигээрээ явахад хэцүү болсон.
-Тэгэхээр “Чингис хаан” гран при тэмцээн ирэх дөрвөн жил зохион байгуулагдахгүй гэсэн үг үү?
-Гэрээ сунгагдаагүй. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлэх нь чухал шүү дээ. Бид олон талын арга хайж байгаа. Ямар ч байсан 2018 оноос олон улсын чанартай тэмцээн зохион явуулах эрх авахаар зорьж байна.