Н.УУГАН
2008 оноос хойш зөвхөн Монголд гэлтгүй дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөж, орон сууцны үнэ ихээхэн хэмжээгээр унасан байдаг. Ялангуяа эдийн засгийн өндөр чадамжтай улс орнуудад үл хөдлөх хөрөнгийн зах зээл, тэр тусмаа орон сууцны борлуулалт үндсэндээ зогсонги байдалд орсон хэмээн дүгнэсэн юм.
Гэсэн ч шинжээчид хөрөнгө оруулагчдыг үл хөдлөхийн зах зээлд анхаарлаа хандуулахыг хүсч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ эрчимтэй унасан ч энэ жилээс нэлээн тогтворжиж, цаашдаа өсөх хандлагатай гэж үзжээ. Жишээ нь, 2017 онд Европын найман хотод орон сууц худалдаж авахыг зөвлөсөн байна. Бухарест, Мадрид, Барселон, Софи, Дублин, Братислав, Лиссабон, Варшавыг хамгийн түрүүнд онцолсон байгаа юм.
Румыны Бухарест хотод өнгөрсөн найман жилийн турш орон сууцны үнэ 35,4 хувиар унаснаар ам.метр талбайн үнэ 1771 еврогоос 1144 евро / 3 сая төгрөг/ болтлоо буурсан байна. Гэхдээ 2016 онд өнгөрсөн оны мөн үетэйгээ харьцуулбал орон сууцны үнэ таван хувиар өссөн дүн гарчээ. Учир нь тухайн улсын ДНБ 2015 онд 3,7 хувиар өссөн нь Европдоо өндөр үзүүлэлт болоод буй.
2017 онд үл хөдлөх хөрөнгийн худалдаачдын хамгийн их сонирхол татсан зах зээл нь Мадрид, Барселон байна хэмээн шинжээчид онцолж. Испанийн нийслэлд өнгөрсөн найман жилийн хугацаанд орон сууцны үнэ 23,3 хувиар буурсан байна. 2016 оны гуравдугаар улирлын мэдээгээр орон сууцны ам.метр дунджаар 2906 / 7,5 сая төгрөг/ евро байгаа юм. Харин Барселонд 3667 евро /9,5 сая төгрөг/ байгаа нь 2008 оныхоос 13 хувиар унасан үнэ гэнэ. Испанийн хувьд сүүлийн жилүүдэд ажилгүйдэл эрчимтэй буурч, ипотекийн зээлийн хүү багасч, орон сууцны эрэлт ч нэмэгдэж байгаа гэнэ.
Тэгвэл Болгарын нийслэл Софи хотод сүүлийн найман жилд үл хөдлөх хөрөнгийн үнэ 20 хувиар буурчээ. 2016 оны гуравдугаар улирлын мэдээгээр орон сууцны ам.метрийн үнэ дунджаар 450 евро /1,2 сая төгрөг/ байна. Барилгын салбарын хөгжил нь удааширсан учраас үнэ нь бага багаар өсөх магадлалтай гэж үзжээ. Тэгвэл Дублин хотод сүүлийн найман жилд орон сууцны үнэ 18 хувиар буурсан ч 2013 оноос эхлэн өссөн байна. Дублины төвд орон сууцны ам.метр нь дунджаар 5 мянган еврогоор үнэлэгддэг байна. Словакийн Братислав хотод 1818 / 4.7 сая төгрөг/ еврогоор нэг ам.метр талбайг үнэлдэг бол Португалийн нийслэл Лиссабонд 1308 / 3,4 сая төгрөг/ евро байна.
Польшийн нийслэл Варшавын хувьд энэ жил үл хөдлөхийн үнэ өсөх хүлээлт байгаа гэдгийг судлаачид бичжээ. 2008-2016 оны хооронд орон сууцны үнэ 2314 еврогоос 1992 евро болтлоо 13 хувиар унасан боловч ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа юм. Учир нь Польшийн Засгийн газраас ипотекийн тааламжтай нөхцөл санал болгож, иргэдийн эрэлтийг өсгөж чадсан байна.
Грекийн нийслэл Афинд ч үл хөдлөхийн тааламжтай зах зээл одоогоор байгаа гэнэ. 2008 оноос хойш орон сууцны үнэ 43,8 хувиар унаж, энэ жилдээ өсөх хандлага алга гэж үзсэн байна. Хэрвээ тус улсын Засгийн газраас ипотекийн уян хатан бодлого хэрэгжүүлбэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өндийх боломж гарах ч одоогоор тус улсын төв банкны зүгээс дорвитой алхам авахгүй гэдгээ илэрхийлж буй гэнэ.
Тэгвэл Берлин, Лондон, Вена, Стокгольм, Хельсинк, Люксембург зэрэг хотын орон сууцны үнэ 2020 он хүртэл аажмаар өсөх өсөлтөө хадгална гэсэн мэдээлэл бий. Берлин хотод өнгөрсөн найман жилийн хугацаанд орон сууцны үнэ 186 хувиар өссөн гэнэ. Нэг ам.метр нь 1610 ам.доллараар үнэлэгдэж байсан бол өнөөдөр 4613 /12 сая/ евро байгаа юм. Ийн өсөх болсон шалтгааны хүн ам нэмэгдсэн, ажилгүйдэл багассан, ипотекийн хамгийн тааламжтай нөхцөлийг / жилийн хүү нь 1 хувь/ санал болгосон зэргээр тайлбарлаж байгаа юм. Хөрөнгө оруулагчид ч Берлиний орон сууцны зах зээл дээр идэвхтэй тоглогч хийсний ачаар берлинчүүдийн 80 хувь нь орон сууцаа сольсон гэх дүн мэдээ гарчээ. Лондон хотын хувьд өнгөрсөн оны сүүлийн мэдээгээр төвийн дүүргийн орон сууцны ам.метр нь 18000 еврогоор үнэлэгдэж байна. Европын холбооноос тус улс гарах тухай мэдээний дараа үл хөдлөхийн үнэ 15-25 хувиар унасан ч хамгийн өндөр үнэтэй орон сууцыг тэндээс л авах нь. Тэгвэл Вена хотод орон сууцны ам метр талбай 11 мянган евро байгаа бол Стокгольм хотод 9500 евро байна. Парисын хувьд харьцангуй тогтвортой үзүүлэлт байгаа ч ирэх жилүүдэд өсөх хандлага бий. Учир нь орон сууцны эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт зогсонги байдалд оржээ. 2016 тус улс ипотекийн зээлийн хүүгээ 1,1 хувьд хүргэж, 10 жилээр олгох болжээ. Барилгын бизнес эрхлэгчдийн хувьд дэлхийн томоохон хотуудад аль болох бага талбайтай орон сууц барих нь нэг талаар ашигтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл 20-30 ам.метр талбайтай орон сууц барих нь орон сууц худалдан авч байгаа хүнд очих дарамтыг ч бууруулаад зогсохгүй, хүссэн хотдоо амьдрах боломжийг нь хангахад дэм болж байна гэж үзжээ.