Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны борлуулалт саарч, үнэ буурч байна


Н.УУГАН


Утаа гэх асуудал зөвхөн Улаанбаатар хот төдийгүй суурьшил төвлөрсөн зарим аймгийн төвд ч асуудал болж эхэлсэн. Хэдийгээр утаанаас сэргийлэхийн тулд шүүлтүүртэй маск зүүж, утаа бага гаргадаг зуух түлш хэрэглэж, гэрээ дулаалж байгаа ч утаа гаргахгүй гал түлэх тухай ойлголт одоогоор байхгүй учраас энэ асуудлаас гарах цор ганц гарц барилгажилт гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх нь зүй. Төрийн бодлогоор хэрэгжсэн ипотекийн бага хүүтэй зээл, өрхийн орлогын чадамж зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 80 гаруй мянган өрх шинэ орон сууцанд тухалсан гэх мэдээлэл бий. Гэвч одоогийн байдлаар нийслэлийн гэр хороололд 214 мянган өрх амьдарч байна. Харин 30 орчим мянган орон сууц эзнээ хүлээж буй статистик бий. Хэдийгээр орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал, ажлын байрны хомсдлоос үүдэн ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх чадвартай нь хомсдсоор. Үүний нөлөөгөөр орон сууцны үнэ ч тодорхой хэмжээгээр буурч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас орон сууцны үнийн индексийн талаарх мэдээллийг өгсөн. 2008 онд орон сууцны үнэ дээд цэгтээ хүрч, үндсэндээ хөөсөрсөн үнэтэй болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Хэт их эрэлт, ипотекийн зээлээс үүдсэн үнэ аажимдаа унасаар 2015 оны сүүлээр 19 хувиар буурсан бол 2016 оны 12 дугаар сарын мэдээг энэ дүнтэй харьцуулбал 4,3 хувиар буурсан гэнэ. Дунджаар орон сууцны ам.метр талбайн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 60-100 мянган төгрөгөөр буурсан нь судалгаанаас харагдаж буй юм.

Судлаачид өнөөдөр орон сууц бодит үнэдээ худалдаалагдаж байгаа хэмээн тодорхойлдог.  Дэлхийн бусад улс орны орон сууцны үнийн дундажтай харьцуулахад Улаанбаатарынх тийм ч бага үнэтэй биш. Дунджаар шинэ орон сууцны ам.метр талбайн үнэ нь хоёр сая төгрөг байгаа нь өрхийн орлого, ДНБ-ий төвшин, ипотекийн зээлийн хүүтэй харьцуулахад өндөр гэж болно.

Өнөөдөр жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан иргэд өрхийн орлогынхоо 60-аад хувийг зөвхөн зээлээ төлөхөд зарцуулж байна гэсэн баримт бий. Гэсэн ч ипотекийн зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь 3,3 орчим байгаа нь бусад зээлийн эргэн төлөлттэй харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт хэмээн дүгнэдэг.

2017 онд ипотекийн зээлийн хувь хэмжээ төдийлэн өсөхгүй. Учир нь ипотекийн зээлд  тусгайлан зарцуулах хөрөнгө байхгүйгээс өмнө нь зээл авсан иргэдийн эргэн төлөлтийг буцаан зээл болгон олгохоор тусгасан. Сард ойролцоогоор 25 тэрбум төгрөгийг найман хувийн хүүтэй зээлээс төвлөрүүлж, буцаан зарцуулж буй гэсэн үг. Энэ нь нэг талаар орон сууцны борлуулалтыг сааруулах муу талтай ч нөгөөтэйгүүр үнийг бодит төвшинд барих эерэг талтай.Орон сууцны үнэ нь тухайн улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын гол үзүүлэлт учраас орон сууцны үнэ унасаар байгаа нь барилгын салбарын идэвх унаж, үүнийг дагасан үл хөдлөх хөрөнгө зуучлал, санхүүгийн салбарын ч орлого буурдаг. Мөн хувь хүний үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж буурах нь санхүүгийн эргэлтийг сааруулж, эдийн засгийн нийт өсөлтөд ч нөлөөлдөг гэдэг.

Гэвч барилгын салбар удаан зогсонги байдалд байвал бусдыгаа татах эрсдэл буй. Албан бус тоогоор энэ салбарт зургаан их наяд төгрөгийн хөрөнгө түгжигдчихсэн гэдэг. Тэгвэл энэ бүх хөрөнгийг хэрхэн эргэлтэнд оруулах ёстой вэ.

Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг эрчимжүүлж байгаа ч энэ нь барилгын салбарын хөрөнгө оруулалтад дорвитой нөлөөлж чадахгүй. Гэвч борлуулалтыг дэмжих боломж нь хомс. Дэлхийн бусад улс оронд нь орон сууцны борлуулалт буурсан, үнэ унасан байдал өнгөрсөн жилүүдэд ажиглагдсан боловч энэ жилээс бага зэрэг өндийх байдал ажиглагдаж эхэлснийг шинжээчид онцолжээ. Ялан­гуяа эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн төвшин буурах зэрэг нь ипотекийн зээ­лийн тааламжтай бодлого хэрэг­­жүүлэх боломжоор хангаж буй юм. Европын олон оронд иймэрхүү дүр төрх  ажиглагдаж, хөрөнгө оруу­лагчдыг ч татах болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан