Японы мэргэжлийн сүмогийн Хацу башё үргэлжилж байна. Өчигдөр буюу дөрөвдэх өдрийн барилдаанд монгол бөхчүүдээс түрүүлэн барилдсан Ичиножёо А.Ичинноров Нишигикиг ёрикири мэхээр давсанаар 3-1 харьцаатай боллоо. Харин Такайнова А.Баасандорж Чиёонокуниг цукитоши мэхээр давсанаар 4-0 амжилттай барилдаж байгаа юм.
Чиёошима Г.Мөнхсайхан гуравдахь даваагаа хашир бөх Такеказегаар авсан. Эвгүй өрсөлдөгчөө тэрээр мөргөлдөөд татаад зайлах мэхээр өвдөг шороодуулсан юм. Шинэ сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Такаяасуд боломж олголгүй ошидаши мэхээр давсан байна. Тэрээр Хацу башёд наймаас дээш даваа авбал цолоо хадгалах улмаар озеки цол руу тэмүүлэх боломжтой билээ.
Аваргуудаас Харумафүжи аварга нутаг нэгт Араваши Э.Дөлгөөнийг даван хоёр өдөр дараалан унасан алдаагаа заслаа. Харин ёкозүна Хакүхо Точиношинд ямар ч боломж олгосонгүй дэвжээнээс түрэн гаргав. Хацу башёг Хакүхо, Кисеносато тэргүүтэй таван бөх 4-0 үзүүлэлттэй тэргүүлж байна.