Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бокс холбооны дарга хэн нь болсон ч менежмент чухал

Б.ЦЭДЭВСҮРЭН

В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэнэ.  УАШТ-ийг дуусангуут тус холбоо их хурлаа хийхээр тов гаргажээ. Энэхүү хурлаар боксын холбооны удирдлагуудыг сонгох аж. Харин боксын холбооны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг дарга С.Батболд, МАК-ын Б.Нямтайшир нар нэр дэвшиж байгаа аж.

Боксчид Бээжингийн олимпоос алт, мөнгөн медальтай ирж байсан. Харин Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Риогийн олимпоос нэг хүрэл медальтай ирсэн билээ. Үүнээс анзаарч харахад сүүлийн жилүүдэд боксынхны амжилт муудаад байх шиг. Мөн тэмцээний үеэрх булхиатай шүүлт зэргээс үүдэн тамирчид нь мэргэжлийн бокс руу урвасан тохиолдол ч гараад буй. Тиймээс энэ удаагийн олимпын цикльд тус холбоог менежмент сайтай менежер л удирдах шаардлагатай байна. Мэдээж топ таван төрлийн нэгийг удирдах гэж байгаа хүн бэл бэнчинтэй байх нь чухал. Спорт сонирхогчийн хувьд боксын спортод дутагдалтай байгаа гурван зүйлийг нэрлэхийг хичээлээ. Тус холбоог ирэх жилүүдэд хэн нь ч удирдлаа гэсэн эдгээрийг хийж хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгаа билээ.

Нэгдүгээрт:

Боксын спортын манай улсын спортын топ таван төрлийн нэгээр нэрлэгддэг учир ирэх онуудад олимпын эрх олгодог тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авах шаардлагатай байна. Чөлөөт бөх болон жүдо бөхийн төрөл гран при тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч, эхний хоёр гурван жил туршилтаар зохион байгуулж улмаар гран при болтол нь хөгжүүлээд буй. Ингэснээр манай тамирчид өөрийн улсын дэвжээн дээр илүү амжилтыг үзүүлэх боломжтойгоос гадна спорт аялал хөгжихөд бас нэгэн дэмжлэг болох билээ.
 
Хоёрдугаарт:

Дэлхийн хэмжээний шүүгчдийг бэлтгэх. Манай улсын тамирчид олон улсын тэмцээн цаашлаад олимпын дэвжээн дээр оноогоо булхайтай шүүлтээр алдаж байсан. 2008 онд л гэхэд ДАШТ-ий шигшээ тоглолт дээр гавьяат тамирчин Э.Бадар-Ууган булхайтай шүүлтээр ялагдаж, уурандаа Оросын тамирчны нуруу руу цохиод авч байсныг санаж байгаа байх. Хэрэв үүнийг санахгүй байгаа бол гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпын наадамд алтан медалийн төлөө тоглоод өрсөлдөгчөө зодсоор байж ялагдсан. Шарандаа мэргэжлийн бокс руу орчихсон ч олимпын алтан медалийг мөрөөдөж явдаг нь Риогийн олимпын өмнө харагдсан. Учир нь тэрээр AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо олимпын өмнө ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг РИО-2016 олимпын наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарснаар мэргэжлийн бокст хөл тавиад удаагүй байгаа Лондон-2012 олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтод 2016 оны олимпод оролцох боломж гарч ирсэн юм. Тэрээр олон мянган фэнүүдийнхээ “Олимпод оролцох уу?” гэсэн асуултад фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Олимпод оролцох талаар яах ийхээ шийдээд, тодорхой мэдээлэл тавина” хэмээн хариулж, хүлээлт үүсгээд байсан ч зарим мэргэжлийн боксын холбоо тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж хориг тавьсны улмаас тэрээр олимпын наадамд оролцоогүй юм.
Хамгийн сүүлд л гэхэд Риогийн рингнээс гавьяат тамирчин Д.Отгондалай маань мөнгөн  медалийн төлөөх тоглолтдоо ялагдаад нулимстай бууж ирсэн нь монголчуудын сэтгэл зүрхийг урах шиг л болсон билээ. Түүний энэ тоглолтын талаар олон хүн санал бодлоо илэрхийлж, мэргэжлийнхэн булхайтай шүүлт байлаа гэдгийг баталж байсан. Тиймээс ирэх олон улсын тэмцээнүүд, ДАШТ, олимпын ринг дээр энэ явдал дахиж тохиолдохгүй байх үүднээс манайхан мэргэжлийн шүүгчдийг бэлтгэхээс гадна Олон улсын боксын холбооны ажилд идэвхитэй оролцох шаардлагатай болоод байна. Жүдо бөхийн холбоо одоогоор үлгэр жишээ ажиллаж буй ганц холбоо гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Учир нь тэд хэдэн жилийн өмнө боломжгүй мэт байсан олон ажлыг амжуулсан. Риогийн дэвжээнээ монгол шүүгч гарсан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч олимпын наадмын медаль гардуулсан гэх зэргээр. Сайн менежмент үүнээс л эхлэх болов уу.

Гуравдугаарт:

Энэ холбооны зүрх тархи болох дасгалжуулагч, тамирчдын асуудал. УАШТ-ээр олон улсад оролцох тамирчдыг тодруулдаг боловч өнгөрсөн хугацаанд энэ дүрмээсээ няцсан олон будлиантай үйл явдал болсон. Тамирчид нь дэлхийн дэвжээн дээр оноогоо луйвардуулахын хажуугаар дотооддоо холбооныхон нь хагарч, хэрүүл хийх нь утгагүй зүйл гэдгийг хэд хэдэн удаа харуулаад авсан.
Тиймээс холбооны дүрмээ шинэчилж, түүнийгээ нарийн дагаж мөрдөх энэ холбоонд хэрэгтэй байна. Хувийн ч юм шиг хувьсгалын ч юм шиг шалтгаанаар дасгалжуулагч, тамирчдынхаа эрхийг хасчихдаг  тохиолдол олон л гарч байсан. Тэр бүү хэл энэ ойлгомжгүй байдлаас үүдэн эмэгтэй боксчид өрх тусгаарлаж байсан удаа бий. Тиймээс одоо шигшээ багаа шинэчлэн бүрдүүлэх хариуцлагатай үед ирэх жилүүдийн амжилтаа бодож, топ төрөлд багтдаг нэр хүндээ улам өргөх сонголтыг хийхийг Олимпын боксын холбооныхондоо аминчлан захиаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан