Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батмөнх: Хүрэн нүүрсийг эко энергид шилжүүлж ашиглана

Б.МЯГМАРЖАВ

Нийслэлд хамгийн ойр томоохон нүүрсний уурхай бол Багануурт ажиллаж буй. Гэвч иргэд Багануурын нүүрс илчлэг муутай хэмээн голдог. Уг нь, тус уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Иймээс Багануурын хүрэн нүүрсийг үр ашигтайгаар ашиглах зорилгоор  тус  уурхайд  түшиглэн “Монгол Бэст Өннури” компани “Эрдэнэс Монгол” компанитай хамтран цэвэр түлшний цогц үйлдвэр байгуулах төсөл боловсруулжээ. Энэ талаар “Монгол Бэст Өннури” компанийн төслийн менежер Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Танайх бусад төслүүдээс юугаар давуу юм бэ?
-Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа ч ТЭЗҮ  хийгдсэн нь цөөн. ТЭЗҮ-г хийхэд цаг хугацаа  их шаарддаг. Манай төсөл бол ТЭЗҮ-гээ бэлэн болгочихсон гэдгээрээ давуу. Миний ажигласнаар Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам гэхээр дандаа жижиг халаагуур, зуухны талаар ярьж байна. Энэ төсөл хэдийгээр том санагдаж байгаа ч цогцолбор байгуулснаар эдийн засгийн үр өгөөж нь ч өндөр. Нийгмийн талаасаа илүү өгөөжтэй. Иймээс Засгийн газар томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, утааг бууруулах шаардлага тулгараад байна.

-Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах цэвэр түлшний цогц үйлдвэрийн хүчин чадлыг хэрхэн тооцож байгаа вэ?
-Багануурын нүүрсний уурхайг түшиглэн “Эрдэнэс Монгол” ХХК, БНХАУ-ын “ZZMC”-компанитай хам­тарч судалгааны ажил хийсэн. Манай төслийн хувьд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилготой ч нүүрснээс олон төрлийн цэвэр түлш болон нүүрсний давирхай үйлдвэрлэн гаргах ёстой. Төсөл хэрэгжсэнээр жилд 500.0 мянган тонн хүрэн нүүрс боловсруулж, 150.0 мянган тонн хагас кокс, 100.0 мянган тонн хагас коксжсон шахмал түлш болон 25 мянган тонн нүүрсний давирхай үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнээс гадна CNG буюу өндөр чанартай хий гаргана. Одоо манай улс хийг импортоор авч байгаа. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл дотооддоо хий үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Түүнчлэн нийтийн тээвэрт хийн хөдөлгүүртэй автобуснуудыг шинээр оруулж ирэхийг дэмжээд өгвөл агаарын бохирдол буурна. Нүүрснээс асар их бодис ашиглалгүй хаягдаж, хорт утаа болон агаарт замхардаг. Тэгвэл бид түүнийг шууд бус аргаар зууханд боловсруулж хий гаргаж авна. Уг хийгээр жилд нийтийн тээврийн 1000 гаруй автобусыг түлшээр хангах боломжтой. Авто машины дотоод шаталтын хөдөлгүүрээс агаарт дэгдэж байгаа хорт утааг  багасгана. Мөн хагас кокс нь шаталт удаантай илчлэг сайтай учир энгийн нүүрсийг бодвол үр ашиг нь гурав дахин нэмэгдэнэ.

-Дотооддоо хий үйлд­вэр­лэх боломжтой гэж та харж байна уу. Үнэндээ энэ тухай нэг бус удаа л ярьж байна. Өмнө нь MCS компани ч иймэрхүү тө­сөл боловсруулж байгаа дуулдсан?
-Хийн түлш буюу CNG газ нь бензин, дизель түлштэй харьцуулахад бохирдол хамгийн бага ялгаруулдаг. Уг төсөлд CNG хийг нийтийн тээврийн хэрэгсэл таксинд ашигласнаар агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэж тооцоолсон. Учир нь, агаарын бохирдлын 30 хувийг авто машин, 20 хувийг нам даралтын зуух, 50 орчим хувийг гэр хорооллын яндангаас гарч байна гэсэн тооцоо бий. Хүрэн нүүрсийг эко энергид шилжүүлнэ гэсэн үг. Газ, хагас кокс, нүүрсний давирхай нь зах зээлд өргөн хэрэглэдэг сайн чанарын бүтээгдэхүүн.

-Цогцолборыг байгуу­ла­хад хэдий хэмжээний хө­рөнгө шаардлагатай байгаа вэ. Танай төсөл хэрэгжснээр агаарын бохирдлыг хэ­дэн хувиар бууруулах боломж­той юм бэ. Утаа гэхээр биз­нес болгож харах хүн олон болсон?
-Төсөл хэрэгжсэнээр нийс­­лэлийн утааг 50 хувь багас­гана. Төслөө бид бүхэн 2013 оноос судалж ТЭЗҮ-г нь боловсруулсан. Одоо хөрөнгө оруулалтыг нь шийдчих юм бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үйлдвэрийг жил гаруйн хугацаанд барьж босгоно. Өртгөө зургаан жилийн дотор бүрэн нөхнө. Нийт 74 сая ам.доллар босно.

-Энэ технологийг бусад улс оронд хэрхэн ашиглаж бай­на вэ. Гадаад зах зээлд гар­гах тооцоо судалгаа хийсэн үү?
-Үйлдвэрийн технологийг БНХАУ, Индонез улсад өргөн  хэрэглэдэг. БНХАУ-ын  Шанси  мужид байрлах цэвэр түлшний үйлдвэр жилдээ хоёр сая тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний давирхайн үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Уг давирхай нь нефтийн үйлдвэрийн гол түүхий эд. Япон, Өмнөд Солонгост өргөн хэрэглэдэг. Одоогийн байдлаар нэг тонн нүүрсний давирхай дэлхийн зах зээл дээр 350 ам.доллар байна. Манай улс жилд  25 мянган тонныг хэрэглэдэг. Зөвхөн энэ нүүрсний давирхайнаас гэхэд 8 сая 750 мянган ам.доллар олох боломжтой. Дэлхий дээр хямд үнээр борлуулж, нүүрснийхээ жинхэнэ өртгийг олж болно. Төрийн зүгээс манай төслийг илүү үр өгөөжтэй гээд хөрөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлэх юм бол хэрэгжүүлэхэд бэлэн.

-Багануурын нүүрсний уурхайгаас жилд хэчнээн тонн нүүрс нийлүүлэхээр байгаа вэ. Уурхайн хүчин чадлыг хэрхэн тооцсон бэ?
-Судалгаагаар жилд 500 мянга хүртэл тонн түүхий нүүрсийг 15 жил тогтвортой нийлүүлэхээр тооцсон.

-Заавал Багануурын уур­хайг түшиглэсэн ямар учир­тай юм бэ. Эдийн зас­гийн хувьд хамгийн боломжтой сонголт нь байсан уу?
-Төслийг заавал Багануур ч гэлтгүй Шивээ Овоогийн нүүрс­ний уурхайд түшиглэн байгуулж болно. Шинэчлэлийн Засгийн газрын үед Багануурын нүүрсний уурхайг түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах төсөл ч явж байсан. Энэ үед бид судалгааныхаа ажлыг “Эр­дэ­­нэс Монгол” ХХК-тай хам­тарч хийсэн. Багануурт 30 га газар авахаар шийдэгдсэн байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан