Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Амгалан: Бөхөн хорогдож байгаад аврал байхгүй. Байгалийн шалгарлаар л үлдэх байх

Т.ЖАНЦАН

Монгол орны баруун хязгаар нутагт Монгол бөхөн, хар сүүлт, цагаан зээрийн сүрэгт өвчин дэгдэж хорогдож буй харамсалтай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Амьтан судлалын салбарын эрхлэгч шинжлэх ухааны доктор Л.Амгалантай ярилцлаа.

-Бөхөн дэлхийн болон Монгол Улсын Улаан номд орсон амьтан. Ер нь нийтдээ хэдэн тоо толгой бөхөн Монголд байна вэ?
-Монголд хоёр төрлийн бөхөн байдаг. Нэг нь Казахстанд бий. Үүний үлдэгдэл нь манай Зүүн гарын говьд байж байгаад 1950, 60-аад оны үед устаж алга болсон. Одоо зөвхөн манай улсад байгаа Монгол бөхөн үлдсэн юм. Энэ амьтан Шаргын говь, Хүйсийн говь, Түргэний уулсын баруун талын нутгаар тархасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол бөхөнг Дэлхийн байгаль хамгаалах сан, манай хүрээлэн, Байгаль орчны яамнаас судалгаа хийж хамгаалж байна. Одоо тоо толгой нь овоо өссөн. Гэхдээ тоо толгойн нь их хэлбэлзэлтэй. Ялангуяа зуднаар их хорогддог амьтан. Тухайлбал, 2002 оны их зуд болоход Монгол бөхөнгийн 80 хувь нь хорогдож байсан. Гэвч богино хугацаанд өсч үрждэг. Одоогоос хоёр жилийн өмнө бид Монгол бөхөнгийн тооллого хийсэн. Тэр үед 14 мянган тоо толгой гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн онд бид бас тоолсон. Тэгэхэд 10 мянга орчим тоо толгой үлдсэн гэсэн тооцоо хийгээд байгаа. Иймд ноднин өвөлийн их хүйтэнд дөрвөн мянга орчим тоо толгой хорогджээ гэж  үзсэн.

-Тэгвэл одоо мялзан өвчинөөр Ховд аймгийн нутагт тархан бэлчээрлэдэг бөхөн хорогдож байна гэсэн. Хэдэн тоо толгой бөхөн хорогдоод байна вэ?
-Харин тийм. Ховд аймагт өнгөрсөн ес, аравдугаар сард мялзан өвчин гарсан. Малыг улсаас анхаарч хөл хорио тогтоож вакцин тарьж эмчилгээ хийж дарж авсан. Харин бөхөнгийн сүрэгт энэ өвчин дэгдэж байгалийн зэрлэг амьтадад халдаж эхэллээ. Учир нь ямаа, хонь, бөхөн, цагаан зээр, аргаль, янгир гээд салаа туурайтай амьтадын хооронд бэлчээрээр янз янзын өвчин халдварлах нь их байдаг.
Говь-Алтай, Ховд  аймгийн онцгой   комиссоос бөхөн үхэж эхэлсэн мэдээлэл ирсэн. Үүнийг тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллага мялзан өвчин байна гэж тогтоогоод байна. Одоо Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Чимэддорж гэдэг залуу газар дээр нь очиж судалгаа хийж байгаа. Араваад хоногийн өмнө Ховдын онцгой байдлын газраас 250 толгой бөхөн хорогдсон гэж байсан. Сүүлийн үеийн тоо баримтаар 700-д хүрсэн. Онцгой байдлын албаныхан үхсэн бөхөнг устгах ажил хийж байна. Үүнээс гадна бөхөн хамгаалагчид хаана хорогдож байгааг олж тогтоож өгч яваа. Хамгийн гол нь бэлчээрээр халдаж байгаад л аюул бий.

-Тэгэхээр бөхөн болон салаа туурайтай зэрлэг амьтадыг хамгаалах талаар ямар ажил хийж байна. Вакцин тарих эмийн эмчилгээ хийх арга бий юу?
-Зэрлэг амьтадыг барьж вакцин хийх боломж өнөөдөр алга. Байгалийн шалгарлаар үхэх нь үхэж шалгарч л үлдэх байх. Хамгийн гол нь тэр өвчин тархахыг хязгаарлаж болно. Хүйсийн говиос Шаргын говьд орох замыг хааж хаших хэрэгтэй. Бөхөн болон бусад зэрлэг амьтад байнга нүүдэллэн амьдардаг. Ховд аймгийн нутаг Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт анх бөхөн хорогдож эхэлсэн мэдээлэл гарсан. Үүнээс урд зүгт тархаж байгаа. Бөхөн болон салаа туурайтай зэрлэг амьтан Хүйсийн говиос Шаргын говьд ордог хоёр гол зам бий. Эхнийх нь Говь-Алтай аймгийн Дарви сумын Өвөр хоолой. Энэ хоолой 20-30 км орчим өргөнтэй. Үүнийг хашиж байгаль хамгаалагчид нь үргээлэг хийж буцааж болно. Нөгөө зам нь Дарвын нурууны зүүн үзүүрийн жим бий. Энд бас хязгаарлалт хийх ёстой гэсэн зөвлөгөөг бид өгөөд байгаа. Түүнээс биш дахин хэлэхэд, байгалийн шалгарлаар л үлдэнэ гэж бодож байна. хамгийн гол нь бусад нутаг бэлчээрт тархаахгүй арга хэмжээ даруй авах ёстой.

-Заавал нэг бүрчлэн барьж эм өгч тариа тарьж болдоггүй юм гэхэд бэлчээрт замыг нь угтуулан эмчилгээ хийж болох уу?
-Бэлчээрт нь эмчилж, тэжээж болдоггүй. Цас ихтэй жил бэлчээрт нь тэжээл, өвс тавьж өгөөд иддэггүй. Тэр бүү хэл бөхөн хамгаалагчид өвсөө багц багцаар нь боож  ургасан юм шиг цасанд суулгаад өгч үзсэн. Бүр бэлчээрлэдэг хөндийг нь тэр чигт нь өвс суулгаж өгсөн юм. Тэгээд холоос дурандахад тэр суулгасан өвсийг биш цас малтаад бэлчээрлэж байсан. Хүний бэлчээрт нь тавьж өгсөн хужир, өвс тэжээлийг тооддоггүй.

-Бөхөн гэдэг амьтан дэлхийд ховордсон гэдэг. Монголоос өөр оронд  хаагуур нутаглаж байна вэ?
-Монгол бөхөнгөөс гадна Соргог бөхөн гэж бас бий. Энэ амьтан Казахстан, Узбекстан, Оросын Халимагт байдаг. Хуучин нийгмийн үед Оросууд жилд нэг сая толгой бөхөн агнаж махыг нь хүсэнд хэрэглэдэг байсан. Гэтэл ЗХУ задарсанаас хойш бөхөнгийн хулгайн ан ихэсч эврийг нь Хятад руу гаргаж тоо толгой нь цөөрсөн юм. Өнгөрсөн онд Казахстаны соргог бөхөнд халварт өвчин дэгдэж тоо толгой нь цөөрсөн. Гэхдээ ямар өвчин дэгдсэнийг нь тодорхойлж зарлаагүй.

-Тэгэхээр Монгол бөхөн хорогдож буй өвчнийг тодорхойлсон гэсэн үг үү?
-Тийм. Ховд аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн алба дээж авч Улаанбаатарт ирүүлж шинжилгээ хийлгэсэн. Дээж ирсэнээс хойш 20 хоногийн дараа хариу нь гардаг. Ингээд мялзан өвчин дэгдэж гэдгийг тогтоосон юм.

-Тэгвэл бөхөнгийн эвэр үнэтэй гээд мөнгө олох гэсэн хүмүүс олшрох л байх даа?
-Харин тийм, үхсэн бөхөнгийн эвэр цуглуулж яваа хүн мэр сэр байна гэсэн мэдээлэл бий. Хээр үхсэн бөхөнд ойртож гараар барьж болохгүй гэж анхааруулмаар байна. Энэ бол маш аюултай. Үүнийг хэвлэл мэдээллээр сайн сурталчилж ойлгуулах ёстой. Учир нь мялзан гэдэг өвчин хүнд халдварладаг. Энэ өвчин бол хоол боловсруулах, амьсгалын эрхтэнийг өвчлүүлдэг вирус. Хүн амьтан ялгаагүй л өвчилнө гэсэн үг.

-Бусад зэрлэг амьтад халдварласан гэсэн мэдээлэл бий. Үнэн үү?
-Янгирт халдсан мэдээдлэл бий. Мөн хар сүүлт зээр олноор үхэж эхэллээ гэсэн. Одоохондоо эдгээр амьтны бэлчээрээр явж тодруулсан зүйл алга. Ховд аймгийн Чандмань сумын малчид  бөөнөөрөө янгир үхэж гэж мэдээлсэн. Үүнийг орон нутгийн Онцгой байдалын хэлтэс, Мал эмнэлгийнхэн анхааралдаа авч магадалж байгаа гэсэн.   Хэрэв ингэж тархсан бол аргаль, цагаан зээрт ч халдварлана гэсэн үг. Хамгийн гол нь өвчин гарсан голомтоос бусад нутгийн бэлчээрт тархаж болзошгүй тул хязгаарлалт сайн хийх ёстой.

-Бөхөн хамгаалах чиглэлээр манай улс сүүлийн жилүүдэд ямар ямар ажилд хийж байна вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар л Монгол бөхөнг хамгаалах ажил хийдэг. Түүнээс биш төр засгаас нэг их анхаардаггүй. Байгаль хамгаалах сангаас бөхөн тархан бэлчээрлэдэг нутгийн хэдэн малчдыг Ховдын их сургуульд сургаж байгаль хамгаалагчийн мэргэжил олгосон.  Тэдэнд тодорхой хэмжээний урамшуулал өгдөг байсан. Гэвч санхүүгийн боломж тааруу болсон юм. Гэвч уул ус, байгаль орчиндоо хайртай нутгийн малчид зэрлэг амьтдаа хамгаалж л байгаа. Үүний хүчинд бөхөнгийн хулгайн ан зогсч тоо толгой нь өсч эхэлсэн юм. Урьд нь анхаарч ирээгүй л дээ. Манай хүрээлэнгийн доктор Дуламсүрэн гуай 1980-аад оноос эхэлж бөхөнгийн талаар судалгаа хийж дэлхийд ховор амьтан гэдгийг таниулсан юм. 

-Бөхөнгийн гарал үүсэл дэлхийн үүсэл хөгжлийн хэдийн үеэс улбаатай вэ?
-Их эртний амьтан. Цэрдийн галавын үед арслан заантай цуг л бэлчиж явсан гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тэгэхээр олон мянган жил байгаль эхийн шалгуур дааж өнөө цаг үед хүрч ирсэн амьтан юм. Тухайн цаг үед ямар амьтан байсан тэр хэвээрээ л байгаа. Өндөр уулын хярд дагжуур хөрстэй хялгана ургадаг газарт амьдарч ирсэн. Бөхөн шиг хатирч явдаг зэрлэг амьтан Монголд байхгүй. Тэгэхдээ 90 км цагийн хурдтай хатирдаг. Хар сүүлт, цагаан зээр цогиж явдаг. Товчхон хэлэхэд бөхөн бол ийм л онцлогтой.

-Нэг сүрэгт хэд орчим тоо толгой байдаг юм бол?
-Улирал, жилээр янз бүр. Тухайлбал, орооны үе буюу өвөлд 100-200 тоо толгойгоор сүрэглэх нь бий. Хавар зун шаргачингууд нь төллөх болохоор ганц нэгээрээ салаад алга болдог. Эр бөхөн нь 10, 20 хэдээр нийлж сүрэглэх нь байдаг. Бөхөнгийн шаргачингийн 80 гаруй хувь нь ихэр янзага гаргана. Ийм болохоор үржил нь их хурдан. Өнгөрсөн өвөл их хүйтэн байсан. Үүнээс болж хээл хаях нь их байсан. Иймд өнгөрсөн зун хийсэн судалгаагаар долоон хувь нь ихэр  янзага гаргасан байна лээ. Гэтэл одоо өвчин тархаж хорогдол их гарч байна. Иймд тоо толгой нь маш их хорогдох байх гэж харамсч байна.

0 Сэтгэгдэл
Хэдийг барьж вакцин хийж үлдэх нь зөв дөө
Yanaa.yah veee
МУУ ШҮҮ
Хамгийн их уншсан