Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилохыг хэлэлцэв. Тус Байнгын хорооноос санал болгож, зургаан жилийн хугацаатай томилдог юм байна.
Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Аринунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшсэн. Тэднийг томилохыг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ. Одоогийн байдлаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Ж.Ядамсүрэн, гишүүнээр Х.Ганбаатар, Ч.Энхбаатар, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Д.Нямаа, Ж.Үнэнбат нар ажиллаж байгаа юм. Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж байгаа байдал, Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих үүрэгтэй.