Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшигийн хөндийн нисэх буудлын туузыг хэзээ хайчлах вэ


Т.ЦЭЛМЭГ


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл 2006 онд холбогдох шийдвэр нь гарч, бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлсэн. Олон улсын нисэх онгоцны буудал барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Японы “Мицүбиши-Чиёода” компаниудын хамтарсан түншлэл шалгарч нийтдээ 46,5 тэрбум иенийн өртгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж байв.

Японы “Мицүбиши-Чиёода” компанийн хамтарсан түншлэлийн таван инженер, тэдний ерөнхий туслан гүйцэтгэгч “Самсунг Си Энд Ти” компанийн 30 инженер техникийн ажилтнууд Геологи, Геодизийн судалгааны хэмжилтүүдийг хийсэн. Үүнд Жайка байгууллагаар хяналт тавиулахаар шийдсэн.

Төслийг гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулахдаа барилгын ажил 2016 оны арванхоёрдугаар сард дуусна гэж байсан. Тэр дагуу барилгын ажил дуусч, Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс ажиллаж дуусчээ. Өнгөрсөн долоо хоногт улсын комиссын дүгнэлтийг сонссон бол өнөөдөр тус комисс дүгнэлтээ эцэслэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Ингэснээр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг албан ёсоор ашиглалтад хүлээн авах хугацааг тодорхой болгоно. Өчигдөр гэхэд салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Бүгд найрамдах Солонгос Улсын Элчин сайд, Жайка байгууллагын захирал, “Самсунг Си Энд Ти” компанийн төлөөлөл нисэх буудалд ажилласан.
Ашиглалтад албан ёсоор хүлээн авлаа гэхэд манай улсад нэгэн бэрхшээл учирч байгаа нь менежментийн асуудал. Олон улсын стандартад нийцсэн томоохон нисэх буудлыг ажиллуулах менежментийг хэрхэн шийдэх талаар мэдээлэл алга. Түүнээс гадна Монголын талын гүйцэтгэх ёстой зарим барилгын ажил дутуу гэж Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярьсан байдаг. Улсын комисс ажиллахаас өмнө найман ажлын хэсэгтэй техникийн комисс нисэх буудалд шалгалт хийжээ. Ингээд нийтдээ 1164 зөрчил, дутагдал илрүүлсний 240-ийг нь гүйцэтгэгч компани арилгасан байна. Гэхдээ ямар төрлийн зөрчил голдуу байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй. Юутай ч арван жилийн турш ярьсан ч сүүлийн гурван жилд нь бүтээн байгуулалтаа хийж чадсан шинэ нисэх буудал үүд хаалгаа нээх хугацаа ойртоод байна. Магадгүй одоогийн Засгийн газрын хувьд түүхэнд үлдэх томоохон үйл явдал энэ болох биз. Чухам хэзээнээс үйл ажиллагаа явуулж, олон улсын нисэх буудал ажиллаж эхлэх нь тодорхойгүй. Манай улсын хувьд анхны том нисэх буудал тул ажиллах мэргэжилтэн болон ажилтнууд, менежментийг нь хэрхэн хийж, олон улсын жишигт нийцүүлэх туршлага байхгүй. Тиймдээ ч ерөнхий гүйцэтгэгч Японы талын тусламж дэмжлэгийг авах нь буруудахгүйг мэргэжилтнүүд хэлж байгаа. Японы дөрвөн компанийн түншлэл менежментийг хийх саналаа илэрхийлээд буй.  

Зорчигч хүлээн авах 37000 ам.метр талбай, жилдээ 3-5 сая зорчигч болон 22 мянган агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай, 12 сая хүртэл зорчигч үйлчлүүлэх боломжтой гэж тооцсон. Нисэх буудал ашиглалтад орсноор 2000 ажлын байр нэмэгдэж, үүнийг дагаад суурьшлын бүс бий болох боломжтой хэмээн үзэж байгаа. Нисэх буудлын хурдны автозамыг Хятадын талын зээлээр барьж гүйцэтгэхээр болсон.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан