Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уулын хүн

-“Дэлхийг хураасан” орчин цагийн монгол Б.Гангаамаа-

Б.ЦЭДЭВСҮРЭН

Уулчдыг хүсэл мөрөөдлөөр нь хоёр ангилж болохоор. Нэг хэсэг нь 8000 метрээс дээш өндөртэй дэлхийн 14 оргилыг эзлэх, нөгөө хэсэг нь долоон тивийн ноён оргилуудыг эзлэхийг мөрөөддөг. Дэлхий дээрх бүх уулчдаас хоёрдахь хэсэгт хамаарах 180 орчим эрэгтэй, 18 эмэгтэй л мөрөөдлөө биелүүлсэн. Энэ тоог монголоос анх удаа уулчин Б.Гангаамаа нэмж чадлаа. Тэрээр монголын олон уулчны мөрөөдлийг биелүүлж дэлхийн долоон тивийн оргилыг эзэлж чадсан юм. 25 жилийн хөдөлмөр зүтгэл нь түүнд энэхүү түүхэн амжилтыг авч ирсэн. Тэр тэмцсэн, хөдөлмөрлөсөн харин одоо ялалтын эзэн болоод байна. Тэр анх удаа дэлхийн ноён оргил болох Эверестэд гарсан монгол бүсгүй болсон бол одоо дэлхийн долоон тивийн оргилыг эзэлсэн анхны Монгол боллоо. Тэр уулын спортын түүхэнд эх орныхоо нэртэй хамт өөрийнхөө нэрийг алтан үсгээр тэмдэглүүлэх түүхийг бүтээсэн нь энэ байв. Түүний хэлснээр “Дэлхийг хураасан” орчин цагийн Монгол бол яах аргагүй Б.Гангаамаа.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа долоон тив /The Seven summits/-ийн ноён оргилын зургаан оргилд нь хөл тавьж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад байсан. Тодруулбал, 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/, 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/, 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/, 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/, 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м/-д гараад байв. Тэгвэл монголын цагаар өнгөрсөн сарын 26-ны 09.57-д цагаан тивийн ноён оргил болох Винсон Массифт гарч эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан билээ. Тэрээр эх орондоо ирсэн даруйдаа сэтгүүлчидтэй уулзаж, аян замын сонин сайхнаасаа хуваалцсан юм.

Энэхүү авиралтыг хийхээр явахаасаа өмнө тэрээр “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд зорьж тэмүүлж, тэмцэж ирлээ. Дэлхийн долоон ноён оргил дээр эх орныхоо Төрийн далбааг мандуулах сан хэмээн цээжиндээ багтамгүй мөрөөдөлтэй байсан. 2010 оноос эхлэн үүнийхээ төлөө зүтгэсэн. Яг одоогоор зургаан оргил дээр гарсан амжилттай сууж байна. Одоо надад Антрактид тивийн Винсон Массиф гэх оргил үлдээд байна” хэмээн ярьж байсан бол мөрөөдлөө биелүүлж энэхүү оргилыг эзэлчихээд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “...Монголчууд бид Дэлхийн долоон тив буюу бүх дэлхийг хурааж чадлаа. Үүнээс цааш газар үгүй” хэмээн баярт мэдээг хуваалцсан билээ. Харин тэрээр өчигдөр “Дэлхийн долоон ноён оргилд хөл тавьсан Монголын анхны уулчин болж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасандаа баяртай байна. Анхны шанг нь амжилттай татаж чадлаа. Дэлхийн долоон ноён оргилд гарахыг олон жилийн турш мөрөөдсөн, тэмүүлсэн, би. Хамгийн сүүлчийн даваа нь Винсон Массиф байлаа. Энэ удаа ОХУ-ын “7 Summit” клубийнхэнтэй хамт авирлаа. Мэдээж авирахад, оргилд нь гарахад амархан уул гэж байхгүй. Бүх уулчнаас асар их тэсвэр тэвчээр, эр зориг шаарддаг. Далайн түвшнээс дээш 4897 метрийн өндөрт орших Винсон Массиф оргилд амжилттай гарлаа. Авирахад хэцүү оргил байлаа. Их хүйтэн байсан.

Оргилд нь гарахын төлөө л зорьж очсон болохоор ухрах, буцах эрх надад байхгүй. Винсон Массиф оргил Антарктид тивд оршдог болохоор цас, мөс ихтэй. Онгоц буух талбайг хүртэл тусгайлан засдаг юм билээ. Тэмдэглээгүй газар буувал мөс цөмрөх аюултай. Би өмнө нь Деналийг хамгийн цэвэрхэн орчинтой уул гэж бодож байлаа. Харин тийм биш юм байна. Хамгийн цэвэрхэн нь Винсон Массиф юм байна. Мэдээж Деналигаас арай цөөн уулчин авирдаг нь чамгүй их нөлөөлдөг байх. Винсон Массифын оргилд гарч, төрийн далбагаа мандуулж байхад “Дэлхийн долоон ноён оргилд гарч чадлаа. Би чадсаан” гэж бодоод, сэтгэл их хөдөлсөн. Ер нь уулын оргилд нэг их юм бодож, удаан байх боломж хомс. Тиймээс хамгийн түрүүнд эх орон, ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг мандуулж, торгон агшнаа гэрэл зургийн хальснаа буулгалаа. Дэлхийн долоон ноён оргилд гарч, хүслээ мөрөөдлөө биелүүлэхэд минь үргэлж дэмжиж, тусладаг уулын спортод хайртай Монголын ард түмэн, ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


25 жилийн тэртээх Отгонтэнгэрийн орой дээрх охин

Б.Гангаамаагийн амнаас илүү үг унагах, эмэгтэй хүмүүсийн дунд өрнөдөг яриа сонсох гээд хэрэггүй л болов уу. Тэр угаасаа тийм хүн биш. Тэгж суух ч завгүй. 25 жилийн турш зөвхөн мөрөөдлөө нууцхан бодож, түүгээрээ амьдарсан нэгэн аж.

Тэрээр өөрийнхөө хувийн амьдралыг их товчхон ярьдаг. Б.Гангаамаа өөрийнхөө тухай “Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Эрдэнэт, Улаанбаатарын суугуул. 11 хүүхэдтэй өнөр өтгөн айлын долоо дахь хүүхэд болж төрсөн. Аав минь аж ахуйн ажилтныг насаараа хийсэн. 2006 онд өөд болсон. Ээж бас ажилчин хүн. Багаасаа эмээтэйгээ цуг бригадын төвд суурин амьдралаар амьдарч байсан. Бригадын төвийн сургуулийн хөвгүүд цэнхэр дээлтэй, охид нь ногоон дээлтэй байдаг байлаа. Би ганцаараа орос пальтотой, их ганган сурагч байсан юм. Анагаахын коллежийг 1994 онд микробиологич мэргэжлээр төгсөөд Эрдэнэтийн мэргэжлийн хяналтад долоон жил ажилласан. Харин Гангаамаа гэх нэр маань Ганга эх гэсэн утгатай төвд нэр. Эмнэлгээс өгсөн нэр гэдэг юм билээ. Олон хүүхэдтэй айл хүүхдийнхээ нэрийг сугалж өгөх юм уу, эмнэлгээс өгдөг байсан юм шиг байгаа юм. Гэрлэж амжаагүй явна аа” хэмээн ярьсан нь хамгийн урт танилцуулга байсан болов уу.

Харин тэр уул бол өөрийнх нь хувь заяа гэж үздэг. Энэ талаар ярихдаа харин үгээ харамлаад байдаггүй. Тэрээр “Би бурханаас заасан замаараа л явж байгаад уулчин болсон гэж боддог. Багаасаа уулчин болно гэж мөрөөдөж байсангүй. Манай гэр бүлийнхэн дунд уулчин хүн байгаагүй. Хэн нэгэн хүн надад багшлаад, би уулчин болно гэж зорьсонгүй. Би чинь Завхан аймагт төрж, өссөн хөдөөний хүүхэд шүү дээ. Тэр үед уулын спорт битгий хэл зун цастай уул байдаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Гэтэл 1989 онд намайг арван жилээ төгсөх зун “Отгонтэнгэр хайрханд уулчид ирж авирах гэж байна. Чи явахгүй юм уу” гэж нэг ах маань хэлсэн. Би юу ч бодолгүй “Тэгье, тэгье” гээд яваад очсон. Тэгсэн уулчдын багийн ахлагчаар нь явсан Найдан багш намайг дээрээс доош нь гүйлгэж нэг их сүрхий харснаа “Чи чадах юм уу” гэж асуудаг юм байна. Би яахав, хүүхэд юм чинь учрыг нь сайн мэдэхгүй ч гэсэн “Чадна аа” гээд толгойгоо илээд зогслоо. Тэгээд уулчидтай хамт явсан. Энэ миний ууланд авирсан анхны тохиолдол байсан юм. Тэр жилээ би Отгонтэнгэр хайрхандаа хоёр удаа гарч билээ. Түүнээс хойш унтахаараа эрээн алаг майхан зүүдлээд эхэлсэн дээ. Одоо бодоход ууланд орж байсан нь тэр юм байлгүй. Тэгэхэд хүүхэд байсан болохоор юун тэр олон юм бодох. Уулчдын урд нь гарч гүйгээд л, ахмадууддаа загнуулж голд нь ороод явж байлаа. Яг оргил дээр гараад би юу бодсоноо санадаггүй ш дээ. Ямар ч байсан оргил дээр зургаа авахуулсан  байдаг юм. Тэр зурган дээр өмссөн хувцас маань их инээдтэй. Гараар ширээд хийчихсэн өмд, малгай. Би тэр үед гараа буулгаад номхон зогсчихсон, яг л япон хүн шиг гарсан байдаг. Тэр үеэс хойш 25 жил ууланд авирч байна даа. Анхны хоёр авиралтын тухайд тэгж их гүн гүнзгийгээр санаандаа тогтоож аваагүй юм шиг байгаа юм. Одоо бол оргил дээр гараад яасан их юм бодож, алсыг ширтэн зогсох бол” хэмээн анхны авиралтынхаа талаар ярьжээ.

 
Эверестэд гарсан анхны монгол эмэгтэй уулчин

Тэр багаасаа л бие даасан нэгэн байсан учир гэрийнхэн нь анх ууланд авирдаг эсэхийг нь ч мэддэггүй байж. Аргагүй ч биз. Тэр 11 хүүхдийн долоо дахь нь. Гэхдээ хар багаасаа биеэ даагаад, тусдаа амьдардаг болсон түүнийг гэрийнхэн нь аяндаа л ууланд авираад байгааг нь мэдсэн ч хориглоод ч тусыг эс олсон хэрэг. Ингээд тэр их эрсдэл рүү өөрөө орчихож байгаа хүнийг дэмжихээс өөр аргагүйдсэн гэдэг. Б.Гангаамаа 2006 онд анх Эверестэд эмэгтэй уулчидтайгаа багаараа гарах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Тиймээс тэрээр 2011 онд бэлтгэлээ базаан ганцаараа дахин Эверестийг зорьж, дэлхийн зулайд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болсон юм. Энэ үед түүнээс илүү ард нь үлдсэн гэр бүл, монголчууд их баярлаж, түүнд талархаж байв. Тэрээр энэ талаараа “Монголчууд тэгэхэд надаас илүү баярлаж байсан байх. Ээж маань “аав нь байсан болоосой” гэж хэлсэн. Үнэхээр тэгж хэлэхээс өөр арга байхгүй. Аав маань намайг амьдралаа бод гэж их хэлдэг байсан. Намайг ийм амжилтанд хүрчихнэ гэж итгэхгүй л байсан байх. Ээж одоо ингээд больсон нь дээр юм биш үү л гэсэн дээ” хэмээн хожим ярьсан байдаг. Гэхдээ тэр ингээд л дуусгахыг хүсээгүй. Харин ч яг энэ үед л “Дэлхийн долоон ноён оргилд гарвал мөн сайхан аа. Би яагаад чадахгүй гэж” хэмээн өөрийгөө хурцалсан гэдэг.

Тэр хамгийн эрсдэлтэй гэгддэг, оргилд нь гарсан уулчин олимпын алтан медальтай ч харьцуулшгүй үнэ цэнэтэй амжилтыг авч ирдэг К2 оргилыг зориход нь амжилт гаргах нь яах вэ, амьд л ирээрэй гэх хүмүүс түүнийг үдэж байсан. Харин энэ удаа хамгийн өндөр өртөгтэй оргилыг эзлээд ирлээ. Түүнд энэ бүхэн амар байгаагүй тэрээр “Оргилд авирч байхдаа хэзээ ч шантарч байгаагүй. Уулын спорт зардал өндөртэй. Үнэнийг хэлэхэд авирахын өмнө зардал мөнгө, ивээн тэтгэгч олдохгүй, самгардаж яваад эргэлзэх үе гардгийг нуугаад яах вэ. Тэднийх л ивээн тэтгэж, нааштай хариу өгч магадгүй гээд очсон албан байгууллагуудаас бүтэлгүй хариу сонсох л хэцүү. Харин зардлаа босгож, эх орноосоо мордсон үеэс хойш бол ёстой бүхий л нөөц, бололцоогоо дайчилж зүтгэнэ. Больё, буцъя гэх талаар ор тас мартдаг” хэмээн ярив.

 
Үхэл сөрөгч

“Уул эрсдэл ихтэй шүү дээ. Өгсөж байхдаа ч, бууж байхдаа ч гишгэсэн чулуу болгоноо дахин, дахин гишгэж шалгах хэрэгтэй. Ууланд хоёр дахь алдаа гэж байдаггүй. Нэг л алдвал амь насаа алдана” хэмээн ярьсан тэрээр хэтэрхий их зориг гаргаж үхлийг сөрдөг аж. “Айдсаа л даван туулахгүй бол оргилд нь гарч чадахгүй шүү дээ. Тиймээс эх орноосоо мордохдоо л айдасаа давсан байх хэрэгтэй. Хамт явсан уулчид амь эрсдэх харамсалтай үйл явдал тохиолдоно. Мэдээж тэр үед айдас төрөлгүй яах вэ. Гэхдээ ухарч, няцалгүйгээр авиралтаа үргэлжлүүлэх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ер нь олны төлөө гэсэн сэтгэлтэй, олонтойгоо явахад үйлс их сайхан бүтдэг. Би 2013 онд “Алуурчин уул” гэгддэг далайн түвшнээс дээш 8047 метрийн өндөрт орших Броуд пик оргилд авирсан юм. Тус оргилд надтай хамт 67 уулчин авирсан ч харамсалтай нь гурав нь эндсэн. Гурвуулаа манай багийнх байсан л даа. Би авиралтаа шууд зогсоогоод тэр гурван уулчны амийг аврахын төлөө хичээсэн. Харамсалтай нь намайг очихоос өмнө нас барчихсан байсан л даа. 8000 метр өндөр бол үхлийн бүс. Тэнд хэнийг ч надад тусалсангүй гэж гомдоллох эрх байхгүй. Уулын спорт ийм л харгис, хатуу. Хэдийгээр би авиралтаа зогсоосон ч Броуд Пик ууланд эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан. Би авиралтаа зогсоонгуутаа төрийн далбаагаа өөр улсын туршлагатай уулчинд өгөөд, оргилд нь мандуулаарай гэж захьсан юм. Улмаар тэр уулчин Броуд пик оргилд маргааш өглөө нь 12.00 цагт гарч, эх орны маань далбааг мандуулсанд нь их баярлаж явдаг” гэх ярианаас нь хүртэл мань мэтэд айдас төрөх шиг... 

Гэхдээ үхлийг сөрж, айдсаа даван туулж эмэгтэй хүнд хэтийдэх хүнд нөхцөл байдлыг тэсвэрлэн мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн тэр л амталж болох жаргал, харж болох гайхамшигийг мэдэрсэн гэлтэй. Тэрээр нэг удаа “Эверестийн оргил дээр байхдаа би нэг агшинд нэг цэг дээрээс өдөр, шөнө хоёрыг яг зэрэг харж байсан. Тийм ховор тохиолдлыг олон хүн харж чадахгүй байх аа. Үнэхээр гайхалтай санагдсан. Биднийг оргил дээр гарахад яг үүр цайж байсан болохоор нэг талдаа харанхуй, нөгөө талдаа нар мандаж байсан. Би зүүн тал руугаа хараад суучихсан байсан болохоор миний зурагны ард харанхуй байсан. Би өөдөөс маань хараад сууж байсан ширпагийнхаа зургийг авахад цаана нь нар мандаж байсан. Тэгээд би бас туршлагагүй л байгаа байхгүй юу. Нөгөө талдаа гарч суугаад зургаа авахуулчихгүй” хэмээн ярьсныг уншаад хачин их атаархаж байв. Энэ дүр зургийг мэдээж тэр амь насаа золиослон байж харсан болохоор түүний өмнөөс үнэхээр бахархал төрөх.


Уулын “амьдралыг” таашгүй

Түүнд нүсэр бэлтгэл сургуулийн хажуугаар зардал мөнгө хайгаад гүйх хэцүү ч үүнээс илүү хэцүү зүйл бол хамт явсан уулчид нүдэн дээр нь нөгөө ертөнцийг зорьж, ууландаа шингэж байгаа дүр зураг хэмээн тэрээр халаглан ярьсан. “1994 онд бид Увс аймгийн Цагаан дэглий ууланд авираад буцаж байхдаа уулын үерт орж, манай нэг ахмад уулчин нас барсан. Тэр жил маш их үертэй. Бараг уулын ам болгоноос үерийн ус урсаж байсан. Тэгэхэд бид нэг ч хуурай хувцас, майхангүй, хоол унд дуусаад сүүлдээ гялгар уутны ёроолд үлдсэн жаахан элсэн чихрийг аяганд хийгээд голын уснаас хутгаж найруулаад хувааж ууж байлаа. Тэр үед үнэхээр хүнд байсан” гэж хожим дурсан суугаа тэр ийм л хүнд үеийг туулж энэ амжилтад хүрсэн нэгэн билээ. Гэхдээ тэрээр уулын спортоос төлөвшилийг, тэсвэр хатуужил, эрсдлийг даван туулах чадварыг дээр нь хүнлэг байдлыг олж авсан хэмээн ярих дуртай аж. Уулын “амьдралыг” таашгүй. Тэнд зарим хүн амь үрэгдэнэ, зарим нь оргилд гараад баярлана, заримынх нь авиралт амжилтгүй болоод буцна, зарим нь гэмтэж бэртэнэ. Энэ бүхэнд хүн нэг талаараа хатууждаг нөгөө талаараа их хүнлэг болдог аж. Уулчид 8000 метрээс дээш хэт өндрийг үхлийн бүс гэж нэрлэдэг. Үүнтэй холбоотой бичигдээгүй хууль бас бий. Үхлийн бүс рүү орох гэж байгаа бол сайн бодож шийдэх хэрэгтэй. Яагаад гэвэл үхэл, амьдралын зааг учраас. Харин тэр бүс рүү нэвтэрсний дараа эрсдэл учирвал хэн нэгнээс тусламж хүснэ гэж горьдоод ч хэрэггүй. Хүн болгон өөр өөрсдийгөө л авч явах ёстой. Хууль шиг яригддаг зүйл нь нэгдүгээрт, тэнд та эхлээд өөрийгөө авч гарах ёстой. Хоёрдугаарт, туслаж чадах хэн нэгэндээ тусла. Гуравдугаарт, хэн амьд үлдэх найдвартайд нь тусла гэсэн зарчим үйлчилдэг. Гэвч хүссэн хүсээгүй нэгдүгээр зарчим үйлчилдэг. Зарим хүн үүнийг уншаад ямар харгис юм бэ гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ тэр өндөрт тийм нөхцөл байдалтай байхаас өөр арга байхгүй. Бүр энэрэнгүй сэтгэл гаргаад хэн нэгэнд туслах болвол харж байгаад биеийн байдал нь хамгийн сайн байгаа, амьд үлдэх магадлалтай хүнд нь л туслах болдог аж. Ийм байдалтай ч тэрээр нүүр тулсан байна. Энэ бол Эверестэд авиралт хийх үеэр нь болсон явдал. Тэрээр энэ талаар ярихдаа “Эверестэд авирч байхад тохиолдсон явдал байгаа юм. Өндөрт гарахдаа үүрч явах ачаандаа хийх хоол, ус, газ гээд бүх зүйлийг граммаар нарийн тооцож авч явдаг. Тэр хүнд нөхцөлд ачаа үүрээд битгий хэл ганцаараа явахад ч хэцүү. Тэгэхээр тэгж зовж үүрч гарсан ачаанаас, хоол хүнснээс хэн нэгэн авна гэдэг шударга бус явдал юм. Яг тэдэн удаа тийм хэмжээтэй ус буцалгаж ууна гэж тооцоолсон газан дээр өөр нэг хүн нэг удаа ус буцалгаад авна гэдэг бол уулчин өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Эверестэд авирч байхдаа буудаллаж байсан чинь нэг уулчин над руу мөстэй аягаа сарвайгаад үүнийг халаагаад өгөөч гэсэн. Би яаж ч чадахгүй өөрийнхөө ширпа руу л харсан. Ширпа маань намайг амьд гаргах гэж миний юмыг хаа байсан хол газраас үүрч ирсэн, бүх тооцооллыг хийсэн хүн. Гэтэл ширпа шууд үгүй гэсэн. Би яах ч аргагүй дуугуй л болсон. Эмэгтэй хүн чинь өрөвч байдаг болохоор бас хэцүү шүү дээ. Тэгээд ширпагаа майхнаас гараад явахаар нөгөө уулчинд буцалгасан усаа сарвайсан чинь ширпа маань буцаад ороод ирсэн. Тэгээд надад яах ч арга байгаагүй. Би усаа өөрөө уусан” хэмээсэн байдаг. Уулын спорт ийм л хүнд, хэцүү. Хэзээ ч ам гарч болдоггүй гэдэг. Монголчууд эртнээсээ л шүтлэг арвинтай гэхдээ дэлхийн уулчид бүгд л ямар ч ууланд ам гардаггүй аж.

Уултай ярилцагч

Б.Гангаамаа нэгэнтээ “Уул бол нүдтэй, чихтэй, сонсч, мэдэрдэг амьтай зүйл. Зөвхөн манай уулчид сүсэг бишрэлтэй биш юм билээ. Гадны уулчид ч гэсэн сүсэг бишрэлтэй. Уул хайрханууд гаргах хүнээ гаргадаг, гаргахгүй хүнээ бол гаргадаггүй гэж ярьдаг. Гэвч тэр хүн ууланд хэр үнэн сэтгэлээсээ хандаж байна, түүнээс гадна зам мөр нь хэр зөв байна гэдгээс бас их шалтгаалдаг гэж би боддог. Эмэгтэй хүн гардаггүй уул гэдэг зүйл уулчин миний хувьд бол байхгүй. Намайг уулын хүн ууландаа ирлээ л гэж боддог байх. Би ямар ч ууланд авирах гээд очихдоо эхлээд тэр уулнаасаа гуйж, дотоод сэтгэлдээ аргаддаг. Хэзээ ч омогдож болохгүй. Дэнзэнноров гуай хэлсэн байдаг шүү дээ. “Эверестэд би долоон удаа авирч долоо дахь удаагийн оролдлогоороо оргилд нь гарсан. Гарах болгондоо би эхийнхээ энгэр өөд мацаж байгаа хүүхэд шиг авирч гардаг байсан” гэж. Би ч гэсэн яг л ийм бодолтой авирдаг. Гадна, дотны аль ч уулыг зорихдоо уулыг нь баярлуулъя гэвэл тэр нутгийнх нь иргэдийг баярлуулж хүндлэх ёстой гэж боддог. Тэр нутгийн хүүхдэд нэг чихэр өгөхөөс эхлүүлээд аль болохоор хүмүүсийг баярлуулахыг хичээдэг. Мэдээж монгол хүн учраас арц, хүж уугиулж, хайрханд сүүгээ өргөнө. Би Баян-Өлгий аймгийн Цагаан гол суманд сүүлийн долоо, найман жил зусч байна. Нутгийнхан нь намайг манай нутгийн хүн гэдэг. Би анх гавьяатын найраа тэр сумын иргэдтэй хийж байсан. Уулын хормойд багахан найр хийж байлаа. Хэдий Отгонтэнгэр Очирваань хайрхан намайг хүн болгосон ч Алтай Таванбогд намайг уулчин болгосон. Тэгэхээр би тэр хайрханыг, тэр нутгийн ард түмнийг хүндэлж явдаг” хэмээн ярьснаар нь түүний тухай нийтлэлээ төгсгөж байна. Тэр бол уулын мөрөөдлөө биелүүлсэн ууултай ярилцагч уулын хүн билээ.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Баатарлаг эмэгтэй байна аа.
гайхалтай үнэхээр гайхалтай бахархаж байна
Хамгийн их уншсан