Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэмэгдэхүүний байрыг солилоо ч нийлбэр өөрчлөгддөггүй биз дээ

-Д.Дагвадорж огцорч, Д.Сумъяабазар тэргүүлэх болов-

Б.СОНОР

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ сарын 6-нд хуралджээ. Энэ үеэр МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний мөрийн хөтөлбөртэй танилцаж, удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ерөнхийлөгчөөр дэмжсэн байна.

Тэрээр өмнө нь холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. МЧБХ-ны удирдах зөвлөл 17 гишүүнтэй бөгөөд шигшээ баг бүрдүүлэх журам батлагдсантай холбоотойгоор заасан хугацаанд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг томилохоор ажиллаж байна. Түүнчлэн өмнө нь холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Баянмөнх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. Оронд нь шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бол өчигдөр түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо.

Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж зургаан жилийн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбоог тэргүүлсэн. Олимпын хоёр ч циклийг өнгөрүүлсэн. Мэдээж, амжилт, ялалт бүр нь монголчуудын нүдэн дээр байсан ч түүний чөлөөт бөхийн холбоог толгойлох болсон цаг үеийн өрнөл ч нэлээд маргаантай.

Дүрмийн дагуу, их хурлаар түүнийг гар өргөөд сонгосон зүйл байгаагүй. Хуучин ерөнхийлөгч Л.Чинбат нь түүнд дур мэдэн тамгаа шилжүүлснээр түүнд холбоог толгойлох эрх мэдэл очсон юм. Тэрээр энэ талаараа “Хүний нутагт хөлсөө урсгаж олсон хэдээрээ дампуураад байсан Чөлөөт бөхийн холбоог босгосон” хэмээн ярьдаг. Хэдийгээр тэр хөрөнгө санхүүгээр энэ холбоог өөд татсан ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тарж бутарсан эв нэгдлийг нэтгэж чадсангүй.

Дасгалжуулагч О.Пүрэв­баатар, Ц.Цогтбаяр нар түүнийг хууль бусаар холбоог удирдсан талаар удаа дараа ярьж асуудал болгосоор үүнийгээ  ч баталсан юм. Гэхдээ асуудал зөвхөн үүгээр дуусахгүй. Түүнийг холбоог толгойлж байх хугацаанд тамирчдын нэр дээр хамаагүй хүмүүс гадаад руу авч явдаг, үүнээс нь болж тамирчид нь саатуулагдаж, тэмцээн уралдаандаа орж чадахгүй асуудал үүсдэг. Шагналын тавцанд хаа хамаагүй хүн гарч манайхны шагналыг авдаг, тамирчид, дасгалжуулагчидтай таагүй ханддаг гээд шалдар булдар асуудал тасраагүй. Энэ бүхэн түүнийг сайн тамирчин болохоос сайн менежер биш гэдгийг батлаад өгсөн.

Рио олимпын наадмын өмнөхөн л түүнийг холбооны ерөнхийлөгчөөс огцруулах талаар ярьж эхэлсэн. Ингэхдээ дасгалжуулагчид түүний зарим хууль бус үйлдлийг баримтаар нотолж, холбооны Удирдах зөвлөлд хандаж байсан. Энэхүү шаардах бичигт “...Ер нь Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон гол зорилго МЧБХ-д тулгардаг мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж л оруулж ирсэн байж таарна шүү дээ. Яг үнэндээ Д.Дагвадоржоос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны наад захын соёл байхгүй болохыг өнөөгийн бодит байдал бэлхнээ харуулаад байна. МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар өөрийг нь олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь “зөөлөн буулт’ хийлгэж чөлөөт бөхтэй ямар ч хамаагүй хүнийг МЧБХ гэдэг айлд оруулж ирсний гай өнөөдөр ийнхүү тодорч байна. Мөнгө санхүүгээр дэмжинэ гэж айлд дайрч орж ирээд хүүхдүүдийг нь ад үзэж байх суух газаргүй болгож, дэмжиж туслах нь байтугай улсын төсөв, хандивын мөнгийг нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна...” гээд олон бусармаг явдлыг баримтаар нотолж байсан билээ.

Хамгийн гол нь юу юунаас илүү чөлөөтийнхөн Рио олимпын наадмын ганц хүрэл медалиа луйвардуулчихаад үүний араас явахгүй, торгуулиа төлөөд, дасгалжуулагчдынхаа эрхийг хасуулаад хүлцэнгүй сууж байгаад л холбооны тэргүүнээ чичлэх үндэс болсон. Хүрэл медалийн барилдааны дараа шүүгчдийн бүрэлдэхүүнтэй очиж уулзах албаны хүн байгаагүй, жүдогийнхон очиж уулзах гэсэн ч албаныхан ордог мандатаар хаа хамаагүй хүмүүс орчихсон байсан учир боломж олдоогүй гэдгийг ч олимпын дараа ярих хүмүүс байсан. Гэтэл энэ бүхний ард Монгол Улсын нэр хүнд яваа гэдгийг нэг л ойшоохгүй байх шиг.

Энэ бүхний эцэст Дагваа аварга “Хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэсэн зургаан жил байлаа. Баярын ялалт, ялагдлын нулимсыг үзсэн зургаан жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна. Тэртээ зургаан жилийн өмнө эх нутагтаа ирээд монгол хүний хийморь бахдлыг бадраах юмсан гэсэн өөрийн чин хүсэлдээ уягдаж сөнөсөн байсан Чөлөөт Бөхийн Холбоог өөднө татах гэж, тэр тусмаа гадаад орон зайнд чамгүй ажиллаж өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон нэр төр жаахан зоосоо энэхүү спортын төлөө зориулжээ. Одоо миний явах цаг болсон мэт... Үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье. Эр хүн хаяа нэг алгадуулчих шийртэй байх хэрэгтэй. Монгол хүнд хатуу үг хайрын ташуур хэрэгтэй. Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад хариуцлага алдсан байна. Баяртай Монголын мянга мянган хийморьлог залуучууд минь. Бөх хүн ховын үгээр биш хожмын үгээ бодож алсуур харж явдаг юм. “Токио 2020” олимпт бахдам амжилт хүсье. Туслах зүйл байвал хэлээрэй. Харамгүй тусална аа. Баяртай бөхийн гэрийн бүл минь, Амжилт хүсье!”  хэмээн сошиалаар зарласан ч хэлснээрээ эр хүн шиг явчихсангүй. Төрсөн ахыгаа өөрийнхөө суудалд суулгачихлаа. Түүнийг чөлөөт бөхийн холбооноос явсан гэж хэлэхэд ч хэцүү, бас яваагүй гээд хэлэхэд ч хэцүү болчихов. Ямартаа ч Үндэсний шигшээ баг байгуулах тухай салбарын сайдын журам гарчихсан учраас холбоо бүр УАШТ-ээ зохион байгуулж, шигшээ багаа бүрдүүлэхээр ажиллаж байгаа үед Чөлөөт бөхийн холбоо тэргүүнээ сонгож. Гэхдээ нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг Чөлөөт бөхийн холбооноос энэ гэр бүл салж хагацаж чадахгүй байгаа нь ашигтай учраас л тэр байх гэсэн харыг төрүүлж байна. Ялангуяа Дагваа аварга бүтэн зургаан жилийн хугацаанд доромжлолыг амсчихаад, өөрийн саналаар суудлаасаа буусан мөртлөө ахыгаа тэр зовлонг хүртээсэй гэж хүсэхгүй л баймаар...

Хов жив хөөцөлдөж, хутгалдаж суусаар дөрвөн жил харавсан сум мэт өнгөрч Токио 2020 олимп ирчихнэ. Риод орсон шиг манай шигшээ баг бүтэн багаараа оролцож, шархаа нөхөхийн төлөө явах хэрэгтэй. Гэхдээ л амжилт, ялалт нь нэг жарнаар хэмжигдэх энэ холбоонд цөөн хэдэн аваргуудаар азарга тавьчихаагүй л баймаар. Спортын менежмент ойлгодог нэгэн гарч ирэхгүй л байх даа...

0 Сэтгэгдэл
zavhartsarsiin
Хамгийн их уншсан