Гадаадад амьдарч буй монголчууд үндэснийхээ их баяр наадмыг өөрсдийн суугаа улсдаа өргөн дэлгэр тэмдэглэдэг болсоор удаж буй. Бэй арэагийн монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 11-нд ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Түүнчлэн энэ өдрийг Монголын өв соёлын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд улсынхаа төрийн далбааг СанФранциско хотын захиргаанаас гарган өмнөх талбайд нь албан ёсоор мандуулсан байна. Бэй арэагийн баяр наадамд 32 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат залуу бөх Төмөрхуягийн Чагнаадорж түрүүлж, Дорноговь аймгийн начин жүдо бөхийн ОУХМ О.Болд-Эрдэнэ үзүүрлэжээ. Баяр наадмын үйл ажиллагааг Калифорнийн монголчууд студи сурвалжлан хүргэжээ.