Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэсийн үнэ өснө.....өсөхгүй.....

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, тэрбумтан Дональд Трамп ялсан нь дэлхийн зах зээлд огт санаанд оромгүй эргэлт, таамаг бий болгосон. Тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр сурталчилгаандаа америкийн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд дэд бүтцийн томоохон төслүүдийг нэг их наяд ам.доллараар санхүүжүүлнэ гэж амласан нь зэсийн үнийг Шанхайн бирж дээр огцом өсгөхөд шууд нөлөөлсөн юм. Өнгөрөгч оны хоёрдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын эцэс хүртэл Шанхайн хөрөнгийн бирж дээр нэг тонн зэсийн үнэ 38 хувь буюу 5150 ам.доллараас 7130 доллар болтол өссөн.

Данийн Saxo Bank банкны таамаглалаар бол 2017 он буюу энэ жил манай гаригийн том эдийн засагтай АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалтын том том төсөл хэрэгжиж эхлэх байх, улмаар өнгөт металлын эрэлт хэрэгцээ үнэ өсөх байх гэсэн хүлээлт байгаа ч харамсалтай нь зэсийн эрэлт хэрэгцээ нэг их өсөхгүй болов уу гэсэн байна.

Асуудлын гол нь Трамп том том төсөл, хөрөнгө оруулалт ярьж байгаа ч импортын шинэ татвар бий болгоно гэсэн нь нөлөөлөх аж. Энэ нь бүхэлдээ дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах дүгнэлт гарахад нөлөөлжээ. Үүнээс гадна Хятадын зах зээлд үйлдвэрлэлийн металлын эрэлт буурах төсөөлөл бий. Ингээд нэг тонн зэсийн үнэ 4410  ам.доллар болж буурах гэнэ.

2015 оны эцсээр америкийн хөрөнгө оруулалтын BofA-Merrill Lynch банк өнгөрсөн оны төлөвийг гаргахдаа зэсийн хувьд уг нь таатай таамаг гаргасан байдаг. Үнэхээр ч 2016 оны зургадугаар сар гэхэд дэлхийн зах зээл дээр зэсийн дутагдал 83 мянган тонн болж байлаа. Иймдээ ч өнгөрсөн оны эхний хагас жилд үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ өмнөх 2015 оныхоос 4.5 хувиар илүү байсан юм.

Хамгийн сонирхолтой нь Хятад, АНУ, бусад том гүрнүүдийн эдийн засаг өсөхийн хэрээр зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэж Олон улсын зэсийн зах зээл судлалын хүрээлэн (ICSG) үзэж байна. Тэдний нийтлүүлсэн таамгаас үзвэл 2017 онд энэ эрэлтийг дагаад зэс үйлдвэрлэл удаан хүлээсэн балансаа барьж магадгүй бололтой. 2016 онд зэсийн эрэлт үйлдвэрлэлийн зөрүү 120 мянган тонн байсан бол 2017 онд энэ зөрүү 60 мянган тонн болж буурах гэнэ.

Америкийн Freeport-McMoRan Inc. компанийн ахлах дэд ерөнхийлөгч Х. Таргетта бас шинэ 2017 оноос зах зээл дээр зэсийн эрэлт ихэснэ гэж таамагласан байдаг. Тэрээр 2020 он хүртэл жил тутам зэсийн эрэлт хэрэгцээ хоёр хувиар нэмэгдэнэ. 2017 оноос хэрэгжих шинэ шинэ төсөл хэрэгжиж зэсийн хомсдол нүүрлэнэ. 2020 он гэхэд зэсийн дутагдал 500 мянган тонн болсон байхад гайхаад байх зүйлгүй гэсэн байна.

Ингэхээр үнэ тэгтлээ өснө гэдэг юу л бол....Тэгээд ч АНУ-ын шинэ ерөнхийлөгч ажлаа авч, тангаргаа өргөчихөөгүй, дэд бүтэц, зам гүүр хөгжүүлэх тэр том төслүүд нь ажлын талбайдаа бүү хэл цаасан дээр буугаагүй байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан