Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын “ICBC” банк Монголд салбараа нээх нь

-Хэрвээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдвал “ICBC” банк жилийн дараа Монголд салбараа нээх боломжтой-

Монголбанкны захирлуудын зөвлөл энэ сарын 5-ны өдөр хуралдаж, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банкны удирдлагад (ICBC) Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Энэ мэдээллийг Монголбанк амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд мэдээллээ.

Ингэхдээ “...Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй...” тухай дурджээ. Гэвч, энэ шийдвэр гарсан даруйд ОХУ болон БНХАУ-ын мэдээллийн хэрэгслүүд Монголбанкны шийдвэрийг иш татан ICBC банк Улаанбаатар хотод удахгүй төлөөлөгчийн газраа нээнэ гэж мэдээллээ. Үүний зэрэгцээ тус улсын парламент гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа тухай дурджээ.

Парламентын 30 гаруй гишүүн санаачилж, Засгийн газраас дэмжлэг авсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гадаадын банкны салбар Монголд үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулах анхны хууль болох юм. Энэ хуулийн төсөлд, манай улсад үйл ажиллагаа явуулах гаднын банк нь Монгол Улсад төлөөлөгчийн газраа дор хаяж нэг жил ажиллуулсан байх шаардлагатай тухай заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, ICBC банк нь төлөөлөгчийн газраа нээж, хууль батлагдвал жилийн дараа өөрийн банкны салбараа нээх боломжтой болно. Одоогоор БНХАУ-ын “Bank of China” Улаанбаатар хотод салбараа нээн ажиллуулах хүсэлт гаргасан байдаг ч зохицуулах хуулийн заалтгүйгээс тодорхой шийдэлд хүрээгүй байдаг юм байна.

Монгол банкны мэдээлснээр 2008 онд анхны гадаад банк төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод нээж байсан бол өнөөдрийн байдлаар Голландын “ANG”, Японы “Sumitomo Mitsui Banking Corporation” болон тус улсын “Tokyo-Mitsubishi UFJ” Хятадын төрийн мэдлийн “Bank of China” гэсэн дөрвөн банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна. Харин Хятадын “ICBC” банкинд зөвшөөрөл олгосноор тус банк Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээсэн тав дахь банк болох нь. Харин жилийн дараа салбараа нээх боломж хуулийн дагуу бий болох эсэх нь удахгүй парламентын танхимд яригдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан