Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрч Монголбанк 44 сая ам.доллар зарлаа


Монголбанкнаас гадаад валютын огцом өсөлт зогсч тогтворжсон гэж үзэж буй. Гэвч ам.долларын ханш өчигдөр бас л өсөх чиглэлд зүтгэж эхлэв. Оны эцэст нэг ам.доллар 2470 төгрөгтэй тэнцэж байж. Тэгвэл өчигдөр нэг ам.доллар 2500 төгрөг боллоо. Гадаад валютын ханшийн түүхийг сөхвөл 2013 оны эхэнд нэг ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байсан. Үүнээс хойш зугуухан өсч ирэв. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард 2720 төгрөгт хүрч огцом өссөн ч эргээд бууж байсан билээ. Гэвч ханшийн савалгаа дахин эхэлсэн бололтой. Гадаад валютын ханшийн энэ өсөлт нь импортын барааны үнийг нэмэгдүүлж иргэдийн худалдан авах чадварыг доройтуулсаар. Мөн тэр хэрээр монгол төгрөгийн ханш суларч ам.долларт дээрэлхүүлсээр байгаа юм. Монголбанк гадаад валютын ханшийн савалгааг зохицуулах зорилгоор ам.доллар, юанийн дуудлага худалдаа зохион байгуулдаг. Ингээд өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар 2497 төгрөгийн ханшаар 44 сая ам.доллар арилжааны банкуудад худалдав. Үүнээс гадна 2362 төгрөгийн ханшаар 10 сая юань худалдаад байна.  

Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн арваннэгдүгээр сард 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Монголбанкнаас мэдээлсэнээр энэ нь гадаад валютын нөөц 25.5 хувь буюу 265 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ийнхүү нөөц өсөхөд Монголбанкинд иргэд, аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтны хэмжээ, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн явдал нөлөөлсөн байна. Тухайлбал, өнгөрсөн оны арван нэгэн сарын байдлаар Монголбанк 17.6 тонн алт худалдаж авсан билээ. Үүний 14.2 тонныг буюу 80.6 хувийг мөнгөжүүлжээ.  Мөн 3.3 тонн буюу 132 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг цэвэршүүлж гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлсэн мэдээлэл бий. Нөгөө талаар дэлхийн зах зээлд  зэс, нүүрсний үнэ өссөн. Иймд Монгол Улсад орж ирсэн гадаад валютын хэмжээ нэмэгдэв. Жишээ нь нүүрсний экспортоос 495.3 сая ам.долларын орлого банкны системээр дамжин  орж иржээ. Уг мөнгийг 2015 онтой харьцуулбал  76 хувь буюу 214.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Үүнээс гадна манай улсын төлбөрийн тэнцэл арваннэгдүгээр сард 289.7 сая ам.долларын ашигтай гарсан билээ.

Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргаад буй. Тус сангийн эдийн засагчид манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд явсан. Одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа. Гэвч  ОУВС “Стэнд бай” хөтөлбөртөө хамруулах нааштай хандалга бий гэдэг. Тус сангийн төлөөлөгчид энэ сарын 20-иор Улаанбаатарт ирэх сураг гаргаад буй. Иймд манай улсад орж ирэх ам.доллар дахин нэмэгдэх боломж бий. Энэ нь гадаад валютын ханш тогтворжиж буурч магадгүй хүлээлт үүсээд байна.

Гадаад валютын ханш эдийн засгийн гол зүйлийн нэг яах аргагүй мөн. Ингээд валютын ханшид ямар ямар хүчни зүйлс нөлөөлдөгийг дор товч өгүүлье. Монгол Улс жижиг эдийн засагтай, уул уурхайн түүхий эдийн үнээс хамааралтай, импортоор бараг бүх  хэрэглээгээ хангадаг. Иймд аж ахуйн нэгжүүд валютын ханшийн хөдөлгөөнийг ажиглаж ханшийн зөрүүнээс үүсэх алдагдалаа бууруулахыг хүсдэг. Гэвч тэр бүр сансандаа хүрдэггүй гэхэд хилсдэхгүй. Учир нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ яаж хөдөлнө тэр нь манай эдийн засагт шууд шок болж орж ирдэг билээ. Ингээд манай эдийн засаг доргиж валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэрэг олон төрлийн савалгаа үүсгэнэ. Иймд ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт давамгайлсан үед их хэмжээгээр худалдан авч зохиомол эрэлт үүсгэдэг. Харин буурна гэсэн хүлээлттэй үед ам.доллараа зарах нь элбэг тохиолдоно.  Ингээд ам.долларын ханш огцом савалж байдаг хэмээн эдийн засагчид хэлдэг юм. Валютын ханшид нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол гадаад худалдаа. Монголбанкны судалгаагаар сүүлийн дөрвөн жилд зөвхөн гурвадугаар улиралд гадаад валютын зах зээлд эрэлт өсдөг болохыг тогтоожээ. Жишээлбэл, уг улиралд гадаад худалдаа дундажаар 357 сая ам.долларын алдагдалтай гарч байгаа аж. Иймээс жил бүрийн гуравдугаар улиралд ам.долларын ханш хамгийн их өсдөг байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн гуравдугаар улиралд төгрөгийн ханш дундажаар дөрвөн хувиар суларч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан