Н.БАТ
Форбесын жагсаалтаас харвал Хятадын тэрбумтнууд өнгөрсөн жилийнхээсээ 14 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, тус сэтгүүлээс жил бүр гаргадаг ам.долларын тэрбумтны жагсаалтад Хятадаас 400-гаад хүн орсон байна. Тэдний нийт хөрөнгийн дүн нь 947 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Энэ жил тус улсаас 68 хүн шинээр орж ирсэн гэнэ.
Хэдийгээр сүүлийн хэдэн жилд Хятадын эдийн засаг саарсаар байгаа ч тэрбумтны тоо нь өссөөр. Тиймээс тус улсын хувьд хөрөнгө оруулалт, зээл тусламжийг манайх шиг “гар харсан” улсууд руу чиглүүлж, өөрийн нөлөөлөлд автуулах хүсэл ч нэмэгдсээр байгаа нь тодорхой. Манай улсын хувьд Хятадын эдийн засгаас шууд хамааралтайгаа өдөр бүр шахуу баталсаар. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд, дээрээс нь зээл тусламжийн хувьд Хятадаас шууд хараат байгаагаа ганцхан удаагийн хоригт нь бүдэрснээр батлаад өглөө. Эдийн засагчдын үзэж буйгаар ирэх жил Хятадын эдийн засаг ихдээ 6,2 хувиар өсөх нь. Энэ нь манайхаас авах түүхий эдийн хэмжээгээ төдийлэн нэмэхгүй гэсэн үг. Харин бид Хятад руу хормой тосч гүйсээр л байдаг. Мэдээж сайн хөршийн харилцаа хаа хаанаа чухал ч гэлээ цаашдаа зөвхөн Хятадаас хараат байх тухайд асуултын тэмдэг дагуулсан олон асуудал ар араасаа хариулт нэхэх боллоо.
Эдийн засагчдын тайлбарласнаар Хятадаас зээл авах нь хөршөөс хэт хамааралтай, урт хугацаандаа нөлөөлөлд автах эрсдэл өндөртэй аж. Үнэндээ “Эрдэнэт” үйлдвэр, Төмөр замын асуудлаа ОХУ-тай хэрхэн зохицуулах вэ хэмээн өнөөдрийг хүртэл хэмлэлдэж суугаа шигээ байдалд маргааш орохгүй гэх ямар ч баталгаа үгүй. Ердөө 2011 онд “Шенхуа”-гаас 350 сая ам.долларын зээл авсныхаа төлөөсөнд бид таван жилийн турш Тавантолгойн нүүрсээ урагш зөөж байна. Барагдахгүй баялаг аятай өчигдөр, өнөөдөр, маргааш ч зөөж л байгаа. “Шенхуа” дэлхийн зах зээлээс хамаагүй бага үнээр “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс өрөндөө авч байгаа ч гар бариад бугуй гэгчээр маргааш Тавантолгойг чинь авна гэх нь холгүй аяглаж сууна.
Энэ бүхний цаана бид Хятадтай хэрхэн харилцах вэ. Хоёр улсын харилцааны асуудлыг хэрхэн нааштай бас эерэг шийдэх вэ гэдэг асуудал хоолой дээрх хутга шахуу болчихож. Хятадын хэвлэл мэдээллүүд яагаад манай Гадаад харилцааны сайдыг онцлон шоглох болов.
Хөршийг “давах” ухаан энгийн нэг эмэгтэйд ч бий
Саяхан “Эрхэм чанар” хэмээх протезын үйлдвэрийн захирал эмэгтэйн Хятадын хөрөнгө оруулагчийг хэрхэн Монголын зах зээлд оруулалгүй, өөрийн бизнесийг босгож чадсан түүхийг сонссон юм. Тэрбээр Хятадад протез хийлгэх гэж очоод Хятад протезын үйлдвэрийн захирлаас тоног төхөөрөмжийн зээл авч түүнийгээ жилийн дотор төлснөө ярьсан. Монголд ирсэн Хятадын протезын үйлдвэрийн захирал ор хоосноос протезын үйлдвэртэй болохыг мөрөөдөж байгаа эмэгтэйн яриаг сонсоод л шууд хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийг барьж өгөх санал тавьсан ч тэрээр тоног төхөөрөмжийн зээл авахыг илүүд үзсэн гэж байсан. Хэрвээ энэ зах зээлд том орны том үйлдвэрийг оруулаад ирвэл хямд, бас хурдан гээд олон давуу тал байх боломжтой ч бидний мөнгө шууд тэдэн рүү урсаад алга болно. Түүний оронд өөрсдөө байгуулбал буух эзэн буцах хаягтай, чин сэтгэлээсээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бас олон хүнийг ажлын байртай болгох боломж нь байсан учраас би тоног төхөөрөмжийг нь зээлээр авахыг илүүд үзсэн гэж байв. Үнэхээр Монгол төрийн бодлого энгийн нэг эмэгтэйн бодож, зүтгэж буй санаанаас ч дор байна гээд тооцвол үүнээс илүү эмгэнэл үгүй баймаар...
Гэхдээ Хятад бол хөрөнгө оруулагч биш хэмээн үгүйсгэх арга өнөөдөр алга. Учир нь дэлхийн хаана ч хятад хүн амьдарч, Хятадын хөрөнгө оруулалттай “түц” байна. Тэгэхээр бид ч үүнээс зугатах арга байхгүй. Хамгийн гол нь хаана, хэзээ оруулах вэ. Тэд бүхнийг хаана, хэзээ юунд оруулав гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, хариутай бол бариутай л гэдэг үг өнөөдөр дээд хэдэд маань хэрэгтэй байх шиг.
Хятад эрийн хөрөнгөөр ганц лангуу ажиллуулсны хөлсөнд хамт амьдарч, гарт нь амь насаа алдсан эмэгтэйн тухай мэдээлэл өнөөдөр биднийг цочроосон хэвээр байна. Хятад хүн гэдэг хөрөнгөндөө харам байдгийг бид бүүр эртнээс мэднэ. Усны гудамж дахь хятад хүний сүнстэй байшингуудын тухай хууч яриа ч цөөнгүй.
Тэд бидэнд ашигтай зүйл санал болгох нь тун ховор. Тиймээс Хятадтай өнөөдөр ярилцсандаа биш өчигдөр тохиролцсоноо эхлээд сануулъя.
Ази Европыг холбох их зам нээгдсэн ч...
Бээжингээс “Торгоны зам” хэмээх томоохон төсөл хэрэгжүүлж эхэлснийг дэлхий даяар мэдэх болсон. Өрнө Дорныг холбосон худалдааны томоохон орон зайг бий болгох зорилгоор хэрэгжүүл байгаа энэ төсөлд бид багтсан бил үү. Гадаадын мэдээллийн сайтад байгаа мэдээ мэдээллээс харвал Хятадаас өрнийг чиглэсэн худалдааны замаа тэд усан болон төмөр зам байхаар товлосон байдаг. Хэдийгээр төмөр зам нь усан замыг бодвол өртөг өндөртэй ч хурдан шуурхай. Тиймээс аль алиныг нь “торгоны зам” хэмээн сонгосон байна. ОХУ, Казахстанаар дамжин Өрнийн зах зээлд хүрэх энэ зам эдийн засгийн төдийгүй стратегийн өндөр ач холбогдолтой гэж үзэж буй юм. Тэд Өрнийг чиглэсэн Хятадын эдийн засгаас хамааралтай, Хятадын капиталыг буй болгох гол зорилготой гэж тодорхойлох шинжээчид нэг биш байна. Харамсалтай нь энэ төслийн зураг ёсоор бол Монголыг тойрчихож байгаа юм. Уг нь, уул уурхайгаас хараат эдийн засагтай байх нь хамгийн эрсдэлтэй гэдгийг мэдэрч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа анхаарал хандуулж эхлэхийг уриалах болсон манай улсад “Торгоны зам” гэх энэ төсөл хамгийн хэрэгтэй чухал нь тодорхой. Хятадууд хэдийгээр “Торгоны зам” төслийн хүрээнд “ОХУ-Монгол-Хятад” гэсэн эдийн засгийн коридор байгуулахыг санал болгож, энэ нь хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ шат болно хэмээн мэдэгдэж, манай улсад 997 км хурдын зам, эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих зэрэг дэд бүтцийн томоохон ажлууд хийнэ гэх зэргээр тайлбарлаж байсан ч өнөөдөр энэ тухай дурдах нь битгий хэл хилийн татвар нэмэх, бүүр хаах хүртэлх ажлуудаа эрчимжүүлээд Далай ламыг хүлээж авсан бидэнд гоморхоод учиргүй байдаг.
Энэ бүхнээс харвал тэд бидэнд зөвхөн зээл тусламж л өгөх сонирхол байгаа бололтой. Харин бидэнд ашигтай төсөл хөтөлбөртөө хамруулах сонирхол нь явцуу хэвээр.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх, харилцаагаа шинэ шатанд гаргахын тулд 2014 оноос эхлэн гурван орны Ерөнхийлөгч нарын уулзалтыг санаачлан гурван ч удаа зохион байгуулсан. Монголд тэд уулзалдаагүй ч гурван орны харилцааны талаар хамтарсан мэдээлэл хийж байсан билээ.
Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт 2015 онд гарын үсэг зурсан байдаг. БНХАУ-ын дарга Си Жиньпин тухайн үед “ Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачилгыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна.
Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. ЕвроАзи тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Би болон Ерөнхийлөгч В.В.Путиний тохиролцооны дагуу бид Европ- Ази тивийн хамтын ажиллагааг торгон замын эдийн засгийн бүс болон Европ Азийн эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно. Мөн Европ, Ази эдийн засгийн бүс болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр тусмаа Европ, Ази тивийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ юм” хэмээн онцлон хэлсэн байдаг.
2016 оны зургадугаар сард Ташкентад уулзахдаа дээрх яриаг баталгаажуулсныг манай Ерөнхийлөгч илэрхийлж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд: Юуны өмнө гурван талын холбогдох байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан 32 төслийн жагсаалтаас хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг тодорхойлж, эдгээр төслүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлж, идэвхтэй ажиллах саналтай байна. Цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төв хэмээх механизм байх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгтэй байгааг харгалзан “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг дэвшүүлж байна” хэмээн хэлсэн. Харин 2016 оны сүүлийн хагас жилд юун эдийн засгийн коридор манатай байсан биз. Ямартай ч, 2016 ондоо багтаж, тэр төвийн сураг нь ч гарсангүй. Гэтэл Синьхуа Хятадаас Лондон ортол 20 хоног аялах ачааны галт тэрэг өнгөрсөн ням гарагт хөдөлсөн тухай мэдээлсэн.
Ази, Европыг холбосон ачаа тээврийн шинэ гарц нээгдсэнийг ийн албан ёсоор зарлаадахлаа. Тэгэхээр “манийгаа” мартчихсан ч байх магадлал өссөнийг санах хэрэгтэй болов. Одоо БНХАУ-ын дарга тухайн хэлэлцээрийн талаар мартчихаагүй байгаасай гэж л ерөөх хэрэгтэй байх. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль чимээлээд Си Жиньпинд эдийн засгийн коридорыг сануулах хүн олдох болов уу.