Б.СОНОР
Шинэ он гарч олимпын шинэ цикл эхэлж байна. Тиймээс “Токио 2020” олимпын наадамд оролцох шигшээ багийг тодруулахаар спортын холбоод УАШТ-ийг зохион байгуулах хуваариа гаргаад буй. Энэ сард спортын топ төрлүүд болох хүндийг өргөлт, чөлөөт бөх, жүдо, боксын УАШТ болно. Өчигдөр Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ эхлэв.
Хоёр өдөр үргэлжлэх Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” зааланд болж буй. Уг тэмцээнд 152 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Орон нутгаас Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар, Багануураас баг тамирчид хүрэлцэн ирсэн бол нийслэлээс есөн багийн тамирчид оролцож байгаа аж. Шинэ оны өмнөхөн Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос дүрэмдээ өөрчлөлт оруулж эмэгтэйчүүдийн жинд 90, +90 кг-ыг нэмсэн нь энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр болж буй. Тэгвэл энэ удаагийн манай УАШТ-д 90 кг-ыг шинээр оруулж, тамирчид өрсөлдөж байгаа ч +90 кг-ыг оруулаагүй байна.
УАШТ-ий талаар Шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр “Энэ удаагийн УАШТ-д 150 гаруй тамирчид оролцож байна. Тэдний дундаж нас 19,6 гэж гарсан. Тэгэхээр залуучууд хүч түрэн гарч ирж байгааг харж болно. ОУХМ цолтой 30 тамирчин байгаа бол спортын мастер 60, дэд мастер 30 гаруй оролцож байна. Тэгэхээр нийт тамирчдын 70-80 хувь нь спортын зэрэг, цолтой. Мөн энэ удаагийн УАШТ-ийг 12 шүүгч шүүж байна. Сүүлийн жилүүдэд хүндийг өргөлтийн шүүгч нар олон улсад ажиллаж байна. Дэлхийн аварга, Олимпын эрхийн тэмцээн гээд томоохон тэмцээнүүдэд Монголын шүүгч оролцож байгаа. Тэдний дунд Олон улсын нэгдүгээр зэрэгтэй гурав, хоёрдугаар зэрэгтэй долоон шүүгч байгаа” хэмээн ярьсан юм.
Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг энэ удаагийн УАШТ-ийг өнжиж байгаа. Учир нь, тэрээр өнгөрсөн онд оюутны дэлхийн аваргын үеэр зөөлөн эдийн гэмтэл авснаа эмчлүүлж байгаа аж.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 56, 62, 69, 77 кг, эмэгтэй 48, 53, 58, 63 кг-ын жингийн тэмцээн болов. Эдгээр жингээс хамгийн тодоор гялалзсан од бол Б.Тунгалаг байсныг онцолж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэн тогтоов. Энэ жил 18 настай тэрээр 90 кг-ыг өргөж, өөрийн эзэмшиж байсан рекордоо шинэчилсэн байна. Тэрээр огцомоор 65, түлхэлтээр 90 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 155 кг-ыг өргөснөөр улсын аварга цолыг анх удаа хүртэж байна. Энэ жингийн мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид нийлбэрээр 105, 67 кг-ыг өргөжээ. Б.Тунгалаг дасгалжуулагч Д.Чинзоригийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд Төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч аж.