Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татварын үр шимийг хүртэх цаг ирлээ


Б.МЯГМАРЖАВ

НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор болоод байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас өмнө өөрийн овог нэр, банкны дансаа баталгаажуулахыг холбогдох байгууллагууд анхааруулж буй. Харамсалтай нь, иргэдийн хувьд НӨАТ-ын буцаалттай холбоотой эргэлзээтэй олон асуудал байсаар. Зарим мэдээллийг албаны хүнээс тодруулахаар Татварын ерөнхий газрыг зорьсон юм.

Өглөөний 11:00 цагийн орчим Татварын ерөнхий газрын нэг давхрын иргэдийн зөвлөгөө мэдээллийн тасаг хөл хөдөлгөөнд дарагджээ. Энд ихэвчлэн ахимаг насныхан байгаа харагдлаа. Бие биенээсээ НӨАТ-ын буцаалтын талаар асууж байв. Татварын хоёр байцаагч бүсгүй иргэдийг хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч байлаа. Энэ үеэр дугаарлан зогсч буй зарим иргэнтэй уулзаж татварын буцаалтын талаар санал бодлыг нь сонслоо. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны оршин суугч Балдан “Манай улс анх удаа НӨАТ-ын тодорхой хувийг иргэндээ олгох гэж байна. Шинээр хэрэгжүүлж байгаа зүйл болохоор мэдэхгүй юм олон гарах юм. 1800-1288 дугаар руу залгаж лавлах гэсэн боловч гурав хоног холбогдож чадсангүй. Аргагүйн эрхэнд энд ирлээ. Ачаалал ихтэй байгаа бололтой. Энд ирээд бас 30 гаруй минут зогслоо. Болж өгвөл мэдээлэл зөвлөгөө өгч байгаа байцаагч нараа нэмэх хэрэгтэй. Хоёрхон хүн энэ олон хүнд үйлчилж амжихгүй нь. Дээр нь тусгай дугаарынхаа операторыг нэмэх шаардлагатай байна. Манай улс  анх хэрэгжүүлж байгаа учраас мэдэхгүй зүйл олон гарна гээд суугаад байж болохгүй шүү дээ” хэмээн ярьсан юм. Мөн дээрх асуудлын талаар Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч Э.Батдорж “Мэдээлэл технологиос хол байдаг ахмад настнуудын хувьд хэцүүхэн байна. Хүүхдүүд нэг хоёр удаа зааж өгнө. Гурав дахь удаадаа завгүй гээд л алга болох юм. Уг нь манай хүү утсан дээр цэсийг нь суулгаж өгсөн, тэгээд баримтаа уншуулаад ордог байлаа. Гэтэл өчигдрөөс цэс нь болохгүй болсон. Энэ талаар татварын байцаагчаас нь асуухад программын засвар хийж байгаа гэсэн. Бусад улс оронд энэ татварын хөнгөлөлт гэдэг зүйл хөгжөөд 50-60 жил болсон байдаг гэж байна билээ. Манай улс эрт энэ зүйлийг нэвтрүүлэх хэрэгтэй байсан юм” хэмээв.
Татварын ерөнхий газар болон дүүрэг, орон нутгийн хэлтэс албадыг зорьдог иргэд өдрийн од мэт байсан нь саяхан. Харин Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлт эдэлдэг болсноор татварын талаар ерөнхий ойлголттой болж хөнгөлөлт буцаалтаа авахаар хөөцөлддөг болсон. НӨАТ-ын буцаалтын тухайд ч иргэд ийнхүү хөөцөлдөж, мэдэхгүй зүйлээ лавлахаар Татварын газрыг зорьж байгаа нь эдийн засаг хямарч бүсээ чангалж байгаа энэ үед монголчууд санхүүгийн нарийн тооцоотой, тодорхой мэдлэгтэй болсон  гэдгийн баталгаа биз.

2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байгаа НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд худалдан авсан барааныхаа баримтыг ebarimt.mn системд нэвтрэн орж бүртгүүлснээр 20 хүртэлх хувийн урамшуулал авдаг, сугалаанд хамрагдах боломж олгосон. Буцаан олголтыг гуравдугаар сарын 31-нээс өмнө олгохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн интернэт орчинд идэвхтэй  байнга нэвтэрдэг иргэдийн хувьд харьцангуй хялбар ч интернэт хэрэглэх боломжгүй, цахим орчны талаарх ойлголт мэдээлэлгүй хүмүүст энэ бүхэн хүндрэлтэй хэвээр байна. Дээр нь худалдан авалт бүрээ баримтаар нотлох боломж хомс. Үсчин, гуталчин, ахуйн үйлчилгээнийхэн, таксиныхан баримт өгдөггүй. Үүнээс гадна байр орон сууц, цахилгаан, дулааны төлбөр төлөхөд урамшуулал олгох уу, зээлийн төлбөр буцаан олголтод хамаарах уу гэх мэт асуулт хөвөрсөөр байна. Татварын газраас 2017 оны эхний улиралд багтаан  30  орчим тэрбум төгрөгийн урамшууллыг иргэдэд олгоно гэсэн. Одоогийн байдлаар НӨАТ-ын урамшууллын системийн сугалаанаас супер азтан хараахан тодроогүй байна. Супер азтан тодорлоо гэсэн шуугиан өнгөрсөн дөрөвдүгээр сард хэсэг дэгдсэн ч худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Хоёр ч эмэгтэй 400 саяын супер азтаны баримт гаргаж ирсэн ч НӨАТ-ын урамшууллын системийн шалгуур давж чадаагүй. Одоогийн байдлаар ebarimt.mn сайт Монгол Улсын хамгийн өндөр хандалттай сайтаар тодроод байна. 2016 онд тус сайтад 883 мянга 962 аккаунтын эзэн бүртгүүлжээ.


Н.Галбадрах: Энэ сарын 6-ны өдрөөс өмнө дансаа баталгаажуулаарай

Дээрх асуудалтай холбогдуулан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Галбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн иргэнд НӨАТ-ын буцаан олголт авах эрх нь нээгдээд байна вэ. Дансаа баталгаажуулаагүй иргэдийн хувьд яах ёстой вэ?
-НӨАТ-ын буцаан олголтыг авахаар www.e-barimt.mn сайт болон 131313 тусгай дугаарт  901 мянга 905 иргэн бүртгэлтэй байгаагаас 623 мянга 437 иргэн урамшуулал авах эрхтэй болсон. Үүнээс 480 мянга 614 нь  бүртгэлээ баталгаажуулж, татварын буцаан олголтоо авах эрх нь нээгдсэн байна. Ингээд бодохоор 140 мянга гаруй иргэн татварын хөнгөлөлт эдлэх эрх нь нээгдээгүй гэсэн үг. Иймээс иргэд энэ сарын 6-ны өдрийн 23:00 цагаас өмнө дансны мэдээллээ баталгаажуулах шаардлагатай. Мөн 131313 тусгай дугаар руу олон утаснаас тухайлбал, гэр бүлийнхээ хүний утаснаас мөн өөрийн утаснаас баримтынхаа дугаарыг илгээсэн байгаа. Ингэхээр давхардсан тоогоор 623 мянга гаруй бүртгэлтэй байгаа гэсэн үг. Бүртгэл нэгтгээд ирэхээр энэ тоо өөрчлөгдөнө.

-Иргэд буцаан олголт авахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Татварын хөнгөлөлтийг эдлэхийн тулд иргэд нэгдүгээрт www.e-barimt.mn сайтад бүртгэл үүсгэх, төлбөрийн баримтаа дээрх сайтад бүртгүүлэх, ингээд иргэн та тус сайтад хувийн мэдээллээ баталгаажуулаад хуулийн дагуу 20 хүртэлх хувийн буцаан олголтоо авах эрх нь нээгдэнэ гэсэн үг. Хувийн мэдээллээ баталгаажуулахдаа овог нэр, регистрийн дугаар, өөрийн эзэмшлийн дансны дугаараа оруулна. Ингэхдээ бүгдийг монголоор бичих хэрэгтэй. Давхар бүртгэлтэй иргэдийн хувьд дээрх сайт руу орж бүртгэл нэгтгэх хэсэг рүү орж бүртгэлээ нэгтгэх шаардлагатай.

-Иргэд НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг авна гэхээр сайн ойлгохгүй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-20 хүртэлх хувийн буцаан олголт гэхээр нийт мөнгөнийхөө 20 хүртэлх хувийг буцааж авах юм шиг ойлгоод байгаа. Энгийнээр талбарлавал та 31 мянган төгрөгийн бараа худалдан авлаа гэж бодоход НӨАТ-ын 10 хувь нь 3100 төгрөг гэсэн үг. Үүний 20 хувийг та буцаан авна гэж ойлгож болно. Бараа үйлчилгээ худалдан авсан үнийн дүнгийн НӨАТ-ын 20 хувийг буцааж авна гэсэн үг.

-Аж ахуйн нэгж нь баримтаа татварын газар илгээгээгүй гэсэн анхааруулгатай баримт олон байна. Үүнийг яах ёстой вэ?
-Энэ тохиолдолд иргэд QR кодтой баримтаа цуглуулж энэ баримтаа www.e-barimt.mn сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Одоогоор вэб сайтын хөгжүүлэлтийг хийж байна. Манайхаас орон нутаг болон дүүргийн татварын хэлтэс албад иргэдэд НӨАТ-ын талаар мэдээлэл сурталчилгаа өгч ажиллах тухай албан бичиг хүргүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан