Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны дэлхий дахины онцлох 10 үйл явдал

1.Алеппо хотын төлөөх дайн

Башар Асадын цэрэг Оросын цэргийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн эдийн засгийн төв, хамгийн том хот гэгдэж байсан Алеппог чөлөөлсөн явдал яах аргагүй энэ оны хамгийн чухал үйл явдал боллоо.

“Арабын хавар” нэртэй хувьсгалын давалгаа Сирийг нөмрөх үеэс хотын дийлэнх хэсгийг исламын шашны сунна урсгалыг дагагчдаас бүрдсэн босогчдын бүлэглэлүүд эзэлсэн.  Тэд шашны хэт явцууралд автаагүй гэдгээрээ Америк тэргүүтэй өрнөдийн орнууд, суннаг дагагчид голлодог Саудын Арави тэргүүтэй Персийн булангийн орнуудаас зэвсэг болон мөнгөн дэмжлэг авч байв. Харин Башар Асадын талын дийлэнх нь исламын шиа урсгалынх, Оросууд христийн шашны үнэн алдарт урсгалынх байсан тул энэ тулаан нэг талаас шашны урсгал хоорондын тулаан болсон.
Мөн Асадын дэмжигчид ба эсэргүүцэгчид, оролцож байгаа хөлсний дайчдын иргэн харьяалал АНУ, Англи, Франц, Хятад, Герман, Их Британи, Орос, Тажикстан, Узбекистан, Канад, Египет, Ливи зэрэг орны иргэн байсан. Ингэснээрээ Сирийн Алеппо хотын төлөөх тулаан нь Хойд Америк, Европ, Хойд Африк, Ази тив түүн дотроо Аравийн хойг гээд асар өргөн уудам газрыг хамарсан юм. Ингэснээр геополитикийн хувьд үзүүлэх нөлөө лут их болохоос аргагүй.

Алеппогийн төлөө тулаанд хэн ялах нэн чухал байв. Өрнөдийн талынхан тулааныг аль болох сунжруулах, шийдэх хариуцлагыг Трампад тохохыг зорьж байв. Харин Орос, Сирийн талынхан Обамаг буухаас өмнө ямар ч аргаар хамаагүй Алеппог эзлэх зорилготой байж, зорьсондоо хүрч чадсан.

Үр дүнд нь АНУ, НАТО хүссэн үедээ дуртай улсаа бөмбөгддөг цаг өнгөрсөн, одоо Орос, Хятад зөвшөөрөөгүй цагт бөмбөгдөж болохгүй болсон гэдгийг дэлхий даяараа харав. Шашны хувьд исламын шиа урсгалыг дагагчид ялснаар Иран бүс нутагтааа Саудын Аравиас дутахааргүй хүч төдийгүй Орос, Хятад гэсэн хүчирхэг түнштэй тул яллаа гэдгээ дэлхий даяар харуулсан. Өрнөдийн хувьд том ялагдал болсон тул  Эйфеллийн цамхагийн гэрлийн унтрахаас эхлээд Оросын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авахыг шаардах, НҮБ-ын хуралдаан дээр Оросыг элдэв үгээр дайрах хүртэл элдэв янзын хариу үйлдэл үзүүлсэн. Гэвч Донлальд Трамп нь тангараг өргөн албан тушаалдаа орсоноос хойш дэглэмийг эсэргүүцэгч, босогч гэсэн нэрээр халхавч хийсэн элдэв бүлэглэлд зэвсэг, мөнгө улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй тухайгаа мэдэгдээд байгаа нь энэ ялалтыг бүр үнэ цэнтэй болгож байгаа юм.

2.АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Трампын ялалт

2016 оны өөр нэгэн чухал үйл явдал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ сонгуулийн явц, сурталчилгааны үед ашиглаж байсан арга технологи, сонгуулийн эцсийн дүн, ялсан ба ялагдсан талуудын мэдэгдэл бүх зүйл урьд хожид байгаагүй дуулиантай болж өнгөрсөн.

Украйн ба Сири болж буй үйл явдлыны талаар Хиллари Клинтон ба Трампын байр суурьтай холбоотойгоор мэдээллийн хүчирхэг дайн явагдсан. Трамп нь Украйнд Крымийн хойгийг эргүүлж өгөхийн төлөө Оростой цөмийн дайн хийхгүй, Сирид “Лалын улс” гэх мэт алан хядах бүлэглэлүүдийг устгахын тулд Путинтэй нэгдэнэ гэж мэдэгдсэн. Харин Клинтон ялвал Обамагийн явуулж байгаа бодлогын үргэлжүүлэх, бүр илүү хатуу байдлаар үргэлжүүлнэ гэж байсан. Ийм нөхцөлд Европын зарим удирдагчдаас эхлээд Украйны улс төрийн өндөрлөг, Холливудын одууд хүртэл бүгд Трампын эсрэг мэдэгдэл хийж элдэв байдлаар дайрч давшилсан. Дээр нь Путины даалгавраар орос хакерууд Америкийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийж байна гэсэн мэдээг Америк, Европын мэдээллийн хэрэгслээр хүчтэй цацсан, интернэт байгаа л бол гэрт чинь Путин амьдарч байна гэсэн утгатай мэдээг өдөр болгож цацаж байв. Үнэн гэх нотлох баримт гэвэл “WikiLeaks” сайтынхан Клинтоны сонгуулийн штаб, Ардчилсан намыханы имэйлийг ил болгон хэвлэсэн явдал. Гэхдээ тэр бүхнийг оросууд дамжуулсан гэх нотолгоо байгаагүй ч өрнөдийнхөн сүүлдээ өөрсдийн тараасан мэдээлэлдээ хэт итгээд Британийн Ерөнхий сайд нь сайд нараа хуралдаанд суухдаа гар утасгүй, ухаалаг цаггүй суух тушаал гаргасан. Путины хакерууд гэсэн мэдээллийн дайралт одоо ч үргэлжилж байна.

Хамгийн гол дуулиан нь сонгуулиар Дональд Трамп ялсан явдал. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль шууд бус бөгөөд хоёр шаттай болдог явдал Клинтон чадаж, Трампыг баярлуулсан хэрэг. Клинтоны талынхан асар хүчтэй сурталчилгаа, элдэв дарамт шахалт явуулан өрсөлдөгчөө муулж, өөрийгөө магтсаар ялна гэдэгтээ бат итгэсэн байтал хоёр шатанд санал өгөх ёстой төлөөлөн сонгогчдын тоогоор Трамп ялсан болж таарсан нь гэнэтийн цохилт болсон юм. Тэр тусам анхны шатны сонгуулиар Трампаас бараг 3 сая хүний санал илүү авсан болохоор гомдмоор байх нь аргагүй. Иймд хэдхэн өдрийн өмнө болж өнгөрсөн төлөөлөгч сонгочдын сонгуулиар тэдэнд дарамт үзүүлэхээр Клинтоныг ялуулах гэж маш их чармайсан ч мөн л амжилтад хүрсэнгүй. Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болох нь гарцаагүй болов.

Дараагийн дуулиан нь сонгогдсон Ерөнхийлөгч Трампын бүрдүүлж байгаа Засгийн газрын гишүүд байв. Путинтэй танил, Орост бизнес эрхэлж байсан, Оросын талаар эерэг мэдэгдэл хийж байсан хүмүүс Трампын Засгийн газрын чухал албан тушаалд томилогдохоор болсон ч Обама болон Трампыг эсэргүүцэгчид, Оросыг үзэн ядагчдын уур уцаарыг хамгийн ихээр хүргэв. Трамп Батлан хамгаалах салбарт нэн тэргүүнд анхаарах таван зүйл бүхий зааварчилгааг Пентагон руу явуулахад түүнд нь ОХУ багтаагүй явдал дайран дээр давч гэгчээр болов. Энэ таван зүйлд “Лалын улс” бүлэглэлийг ялах, кибер аюулгүй байдлын шинэ стратегийг боловсруулах, Пентагоны төсөв,  Хятад ба Хойд Солонгосын зэвсэглэл багтсан юм.

3. Панамын баримт

Германы “Süddeutsche Zeitung” сонины сэтгүүлчид Панамын “Mossack Fonseca” компанийн нэрийг нь нууцалсан эх сурвалжаас Панам дахь оффшор бүсд 1975 оноос 2015 оны хооронд татвараас зугатаалгасан мөнгөө хадгалж байсан улс хэдэн мянган улстөрчийн нэрийг ил болгосон явдал дэлхийг донсолгосон гэхэд хэтрэхгүй.

Олон нийтэд ил болгосон тус баримтуудад манай улсаас эхлээд Их Британи, Исланди, Энэтхэг, Испани, Хятад, Арабын Эмират, Пакистан, Польш, ОХУ, Саудын Арави, Украйн, Финлянд, Швейцарь, Франц гэх мэт нийт 46 орны одоо байгаа болон буусан төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс, найз нөхдийн мөнгөө нуухаар байгуулсан компаниудын тухай дурдсан байсан. Энэ их баримтыг ил болгосны дараагаар олон оронд авлига, хууль бусаар мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсч, цөөнгүй хүн албан тушаалаасаа огцорсон. Энэхүү дуулиан одоо ч үргэлжилсээр байгааг хэлэх хэрэгтэй. Мөн улс орнууд энэ дуулианаар төрийн албан хаагчид болон том компаниудыг хууль бусаар олсон мөнгөө татвараас зугатаалган оффшор бүсүүдэд байрлуулахыг хориглосон хууль батлуулахаар ажиллаж байна.


4. Brexit

Их Британид явагдсан Европын холбооноос гарах эсэх тухай бүх нийтийн санал асуулга буюу “Brexit” нь энэ жилийн хамгийн чухал үйл явдлын нэг юм. Энэхүү санал асуулгын Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон санаачилсан байдаг. Энэ санал асуулгаар британичууд Европын холбоонд үлдэнэ гэсэн санал өгнө гэдэгт дийлэнх нь итгэлтэй байсан бөгөөд үр дүнд нь Европын холбоо л улс төр ба эдийн засгийн бүх зүйл дээр нэгдмэл хүч мөн гэдгээ харуулах ёстой байжээ. Гэтэл “Brexit”-ийн дүнгээр санал асуулгад оролцсон хүмүүсийн 51 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэн юм. Энэ бол Их Британий хувьд төдийгүй Европын холбооны хувьд маш хүнд цохилт болсон.

Юуны өмнө Европын холбооны явуулж байгаа улс төр, эдийн засгийн нэгдсэн бодлогод дургүй хүмүүс байдаг төдийгүй Их Британи шиг хүчирхэг улсад дийлэнх олонх нь байдаг гэдгийг харуулсан явдал том шок болсон. Хэзээ ч нурахгүй мэт санагдаж байсан Европын холбоо хэзээ ч нурах боломжтой юм байна гэдэг тийм ч таатай биш зүйл. Өөрөөр хэлбэл улс төрийн хувьд европчууд тийм ч их эв нэгдэлтэй биш болж таарсан. Цаашилбал, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах гэх мэт асуудал дээр Их Британи Европын холбоог уриалах, санаачлаг гаргах, санал өгөх боломжгүй болсон. Иймд энэ ялалтыг Путины ялалт гэх хүмүүс ч олон байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд “Brexit” нь Их Британий төдийгүй Европын холбооны хувьд ихээхэн алдагдал хүлээх нь гарцаагүй болов. Британийн фунтын ханш 1986 оны хэмжээнд хүртлээ унасан. Зарим судлаачид 2030 он хүртэл Их Британи 300 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж үзэж байна. Европын холбоо ч дутахааргүй их алдагдал хүлээнэ. Британид хар ажил хийн амь зууж байгаа Зүүн Европын олон зуун мянган иргэд цаашид ажиллахын тулд Британийн виз авах асуудалтай тулгарна гээд тун олон ээдрээ тохиолдож магадгүй болсон.


5.Туркт төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлого


Дэлхийн нийтийн анхаарлыг татсан өөр нэг зүйл нь Туркт төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлого байлаа. Долоодугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Туркийн армийн өндөр албан тушаалтнууд Ерөнхийлөгч Эрдоганыг түлхэн унагахыг оролдсон.

Тэд Эрдоганыг амралтаа авч хойгуур энэ ажиллагааг явуулсан байдаг. Тэд Эрдоганы амарч байсан зочид буудлын өрөөг нисдэг тэрэгнээс буудсан, Ерөнхийлөгчийн ордон ба Парламентын ордоныг Ф-16 сөнөөгч онгоцноос пуужингаар харвасан, Стамбул ба Анкаран дахь олон улсын нисэх буудал, Босворын хоолойг дамнасан стратегийн чухал гүүр, эрх баригч намын төвийн дайран эзэлсэн гээд төрийн эргэлт явагдахад хийгдэх ёстой гэж үздэг сонгодог гэхээр бүх л алхамуудыг амжилттай хийсэн. Улмаар Туркийн армийн Жанжин штаб улс орны бүх эрх мэдлийг гартаа авсныг мэдэгдээд улс даяар онц байдал зарласан юм. Гэвч цагдаа ба армийн ихэнх, ард түмэн, шашны номологч нарын дийлэнх олонх нь Ерөнхийлөгч Эрдоган ба Засгийн газар үнэнч хэвээр байсан тул хэдхэн цагийн дараа ялагдсан юм. Оролдлогыг дарсан даруйд армийн өндөр албан тушаалтан болон тусгай хүчний албан хаагч гээд нийт 3000 гаруй хүнийг баривчилсан байдаг.

Турк нь НАТО-ийн гишүүн орон, нутаг дээрээ тус эвслийн цэргийн баазтай, Ойрхи Дорнод ба Сирийн асуудал дээр АНУ болон Европын гол түнш улс тул төрийн эргэлт гаргах гэсэн оролдого олныг түгшээсэн нь ойлгомжтой. Зохион байгуулж, удирдсан хүмүүсийн талаар элдэв яриа одоо хүртэл тасрахгүй байна. Туркийн эрх баригчид болохоор төрийн эргэлтийг АНУ –д амьдарч байгаа шашны номлогч Фетхулла Гюллен, түүний байгуулсан “ФЕТА” нэртэй байгууллагын гишүүд зохион байгуулсан гэж буруутгасан. Улмаар АНУ-д хандан Гюлленийг өгөхийг шаардсан ч үр дүн хүрээгүй.

Өөр нэг хувилбараар Эрдоган өөрийн гарт бүх эрх мэдлийг төвлөрүүлэх зорилгоор төрийн эргэлт гэж харагдахаар нууц ажиллагаа явуулсан. Ямартаа ч энэ үйл явдлын дараагаар Эрдоганы рейтинг, нэр хүнд эрс өссөн нь гарцаагүй. Мөн төрийн эргэлт хийх оролдлогыг АНУ, Европын холбоо тэр даруй, эрс шүүмжлээгүй, харин Ерөнхийлөгч Путин нэн даруй Эрдоганыг дэмжсэн тул Орос Туркийн харилцаа илүү дотно болсон гэвэл хэтрүүлэг болохгүй.
Төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэний дараагаар Туркийн арми, цагдаа, яамд, шүүх, прокурорын албадууд олон мянган хүнийг хамарсан цэвэрлэгээ явагдаж 80 мянга орчим хүн халагдсан байдаг.

6.Европын холбоонд гарсан алан хядах дайралтууд

Европын холбоонд хэдхэн жилийн дотор Сири, Афганистан, Ливи гэх мэт дайны хөлд нэрвэгдсэн орны хоёр сая орчим цагаач ирсэн байдаг. Тэдгээрийн дотор “Лалын улс” гэх мэт алан хядах байгууллагын гишүүд, Сирид байлдаж байсан хүн ч цөөнгүй байсан. Улмаар “Лалын улс” нь нөлөө харуулах, эгнээндээ шинэ гишүүн элсүүлэх, Европын удирдлагуудад дарамт үзүүлэх зорилгоор алан хядах ажиллагаа явагдаж болзошгүй тухай олон анхааруулга тарж байсан.

 Гэвч Европын орнуудын удирдагчид болон тусгай албад энэхүү анхааруулгыг дутуу үнэлсэн үү эсвэл хайнга хандсан уу ямар ч л байсан 2016 онд Европын орнуудад 10 удаагийн алан хядах дайралт болж 250 гаруй хүн амиа алдаж, 800 орчим хүн шархадсан нь дэлхийн нийтийг цочирдуулсан. Хамгийн сүүлд гэхэд л Берлин хотноо Зул сарын яармаг худалдааны талбайг ачааны тэргээр дайрч 12 хүний аминд хүрч олон арван хүнийг шархадуулсан хэрэг гарлаа. Одоо Европын холбоонд энэ бүхний буруутныг хайх, цаашид алан хядах дайралт гаргуулахгүй байх талаар хүчтэй маргаан дэгдээд байна. Асад ба оросууд Алеппод ялсны дараагаар Сирид байлдаж байсан  Европын иргэн харьяалалтай олон арван хүн буцаж ирэх нь гарцаагүй. Иймд яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ мэт алан хядах дайралтын тоо улам нэмэгдэх аюултай гэх хүмүүс ч цөөнгүй байна.

7.Оросын тамирчдын допингийн асуудал, WADA-аас мэдээлэл алдагдсан явдал

Дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан дараагийн том үйл явдал нь Оросын Засгийн газар тамирчдаа ялуулахын тулд допинг өгөх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэх дуулиан юм. Оросын хөнгөн атлетикийн шигшээгийн хоёр тамирчин, Оросын допингийн эсрэг төвийн тэргүүн асан хүмүүс АНУ- руу дүрвэн гарч мэдүүлэг өгч эхэлснээр энэ дуулиан эхэлсэн. Риогийн тоглолт эхлэх гэж байсан үе тул энэ гурван хүний мэдээллийг үндэслэн Оросын шигшээг бүхэлд нь тоглолтоос хасахыг Олон улсын допингийн эсрэг албанаас уриалсан ч оросууд хөнгөн атлетик, хүнд атлетикийн тамирчдаас бусдыг тоглолтод оруулаад чамлахааргүй амжилт үзүүлсэн.

Гэтэл үүний дараагаар Паралимпын олон улсын хороо оросын тамирчдын допинг хэрэглэсэн байдал хөдөлмөрийн бэрхшээлтэй тамирчдад ч хамаатай байж магадгүй гэсэн үндэслэлээр Оросын паралимпын шигшээг бүхлээр нь тоглолтоос хассан явдал дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татсан юм. Риогийн дуулиан намжи амжаагүй байтал хакерууд Олон улсын допингийн эсрэг алба  WADA-ийн серверээс албан ёсны зөвшөөрөлтэйгээр допинг хэрэглээд тэмцээнд оролцон медаль авч байсан тамирчдын нэрийг ил болгосон явдал бүр ч их дуулиан тарьсан.

Хакеруудын ил болгосон мэдээллээс үзвэл АНУ, Их Британи гэх мэт оросуудыг хамгийн их шүүмжилж байсан орны тамирчид эрүүл мэндтэй холбоотойгоор эмчийн заалтын дагуу хүчтэй эм, бэлдмэл хэрэглээд тэмцээн уралдаан оролцон өндөр амжилт үзүүлдэг байжээ. Энэ мэдээ Оросын тамирчдын допинг гээч дуулианаас анхаарлыг түр холдуулсан ч өвлийн спортын тэмцээнүүд эхлэхийг дагаад дахин сэргэв. Хамгийн сүүлд гэхэд Сочид болох ёстой байсан бобслейн дэлхийн аваргын тэмцээнийг Литв тэргүүтэй хэд хэдэн орны тамирчид бойкотлосны улмаас болиулж Германд явуулахаар болсон. Хэд хоногийн дараа Оросын Тюмень болох ёстой байсан биалтлоны тэмцээнд Норвеги, Чехийн тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгдэн тэмцээнийг өөр газар явуулахыг уриалсан юм. Энэ эрчээрээ бол Орост ямар ч тэмцээн явуулах боломжгүй болж магадгүй болоод байна. Удахгүй болох Өвлийн олимпын үеэр байдал ямар байхыг харах л үлдэж байна.

8.Туркт Оросын Элчин сайдыг алсан хэрэг


Туркийн Анкара хотноо Олон улсын урлагийн төвд Оросын тухай фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байсан Оросын Элчин сайд Андрей Карловыг буудан хороосон хэрэг дэлхийн нийтийг цочроолоо. Мевлют Алтынташ гэгч этгээд Элчин сайдын нуруу руу найман удаа буудан аминд хүрсэн.

НҮБ-аас эхлээд АНУ, Европын холбоо гээд дэлхийн бараг бүх орны төрийн тэргүүн, Засгиийн газар энэ хэргийг эрс буруушаан, зохион байгуулагчдыг илрүүлэн, хариуцлаг хүлээлгэхийг уриалсан. Гэвч Украйны зарим улс төрчид, АНУ-ын зарим сонины  сэтгүүлчид энэхүү аллагыг “Алеппод болсоны хариу”, Мевлютыг “өс авагч баатар” гэх мэт тайлбар өгсөн.

Аль нэг улсын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын аминд хүрнэ гэдэг тухайн улсад шууд дайн зарласантай адил зүйл байдаг. Иймд бүгд Оросын удирдлага ямар тайлбар өгөхийг хүлээж байв. Оросын тал энэ хэргийг Турк ба Оросын найрсан харилцааг үгүй болгох, хойр улсыг дайсагнуулахыг оролдсон хэрэг гээд зохион байгуулагчдыг илрүүлэн шийтгэнэ гэж мэдэгдэхэд Эрдоган хөлсөө арчсан биз.

Зохион байгуулагчдын хувьд Алеппод байлдаж байсан “Жебхат ан-Нусра” гэх мэт бүлэглэлүүдийн аль нэг нь гэсэн яриа явж байгаа ч нэг нь одоогоор хариуцлагыг хүлээж буйгаа албан ёсоор мэдэгдээгүй байна. Туркийн эрх баригчид энэхүү алан хядах ажиллагааг Фетхулла Гюллен, түүний ФЕТА бүлэглэлийнхэн зохион байгуулсан тул энэ хэрэгт Америк ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй гэсэн мэдэгдэл хийж байна. Америк энэ хэрэгт ямар ч байдлаар огт холбоогүй гээд, мөрдөн байцаалт явуулахад Туркт төдийгүй Орост бүх талаар туслахад бэлэн гэсэн юм. Зохион байгуулагч нь хэн байлаа ч он гарсны дараа энэ хэрэгтэй холбоотой олон дуулиантай мэдэгдэл ил болж ахин дэлхийн нийтийн анхаарлын төвд орох нь гарцаагүй.

9. Хувьсгалч Фидель Кастро нас барлаа

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро 90 насандаа нас барсан явдал энэ оны онцлох үйл явдлын нэг гарцаагүй мөн. Энэ хүн авлигад идэгдэж, ядууралд нэрвэгдсэн улс орноо дарангуйлагч засаглалаас чөлөөлсөн үндэсний баатар юм. Хувьсгал хийсний дараагаар Куба дахь Америкийн том компани, хувь хүмүүсийн олон сая долларын үнэтэй газар, байшин барилга зэргийг улс өмч болгон хураан авсны дараагаар АНУ-ын дэмжлэгийг авч чадахгүй болсон. Арга буюу Зөвлөлтийн талыг баримтлагч болсны дараа Америк Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан төдийгүй түүнийг хорлох тусгай ажиллагааг олныг хийсэн байдаг.

Кубын тусгай албадын тараасан мэдээгээр Жон Кеннедигээс эхлээд олон тооны Америкийн Ерөнхийлөгчид Фиделийн амь насанд халдах 600 гаруй халдлага хийсэн. Гэвч Фидель амьд гарсан төдийгүй АНУ-ын Дуайт Эйзенхауэрээс эхлээд Билл Клинтон хүртэл Америкийн есөн ерөнхийлөгчийн ард гарсан байдаг юм. Түүний нэг ёсондоо амьд түүх гэж болно.  1991 онд Зөвлөлт задарч, социалист систем үгүй болохыг дагаад Куба дахь Фидель Кас трогийн дэглэм нуран унана гэдэгт Өрнөдийн орнууд бараг 100 хувь итгэлтэй байсан ч Куба тэсч үлдэж чадсан. Тэр хүнд үед кубачууд элдэв бослого үймээн дэгдээлгүй, өнгийн хувьсгал гаргалгүй Фиделийн хамтаар хүнд бэрхийг даваа гараад ирсэн гэхээд энэ хүний нэр хүнд ямар байсныг харуулна. Фиделийг нас барсан сургаар Америк руу дүрвэн гарсан олон мянган цагаач кубачууд баярын жагсал хийж байгаа харагдсан ч одоо Кубад Фиделийн дүү Рауль Кастро байгаа гэдгийг мартсан бололтой.

10. Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон дуулиан


Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе-г тойрсон дуулаин эүргэлжилсээр. Түүний рейтинг нэр хүнд оллдон улсын түвшинд төдийгүй дотооддоо асар өндөр байсан. Гэвч муутай нөхөрлөвөл могойн хор гэдэгчлэн тэрээр 40 жил үейрхсэн, ямар ч алба ажил хашдаггүй Сун Сил гэгч найзкаараа төрйин чухал албан бичгүүдийг засуулдаг, түүгээр ч үл барам тэр нь ерөнхийлөгчийн нэр барьж томоохон компаниудаас авлига авдаг байсан нь илэрлээ.
Энэ луйвар ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын хшоёор ч ажилтан оролцсон нь ч нийтэд ил болж хууль сахиулагчид саатуулаад байгаа. Энэ хүмүүс томоохон компаниудаас хандив нэрээр 70 орчим сая долларын авлига авснаа ерөнхийлөгчийн найз Чихве Сун Солийн дансанд хийж байсан нь ил боллоо. Хамгийн ноцтой нь энэ эмэгтэй улсын нууцын зэрэглэлтэй материалуудыг уншиж засдаг, зөвхөн ерөнхийлөгч орж гарах ёстой хаалгаар орж гардаг гээд олон таагүй баримтууд ил болж Пак Гын Хе-гийн нэр хүнд урьд хожид, Солонгосын түүхэнд байгаагүйгээр унасан юм.
Улмаар Солонгос даяар ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсч Парламент нь энэ асуудлыг хэлэлцээд ерөнхийлөгчөө албан тушаалаас нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан