Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр 30 их наядын хөрөнгөтэй ч гэж тоолсон ч ...

Төрийн өмчийн эд хөрөнгө эзэнгүйдэж, бүртгэлгүй байснаас эрх мэдэлтэй нэг нь  шамшигдуулдаг гэдэг. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогыг хийжээ. Өөрөөр хэлбэл төр 4 жил нэг удаа өмчөө тоолдог. Төрийн 6086 байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулсан тооллогоор цэцэрлэг 790, нэгдсэн болон сум дундын эмнэлэг 245, соёлын төв, соёлын ордон 335, театр 25, биеийн тамир спортын 38 байгууллага, улсын мэдэлд 23 номын сан бий гэсэн статистик  дүн гарчээ. Гэтэл тооллогод хамрагдсан 298 өрхийн эмнэлэг нь “нөхөрлөл”-ийн гэрчилгээтэй байсан бол 26 ахмадын хороо төрийн бус байгууллагын гэрчилгээтэй боловч орон нутгийн өмч хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг нь илэрчээ.

Түүнчлэн төрийн өмчийн байгууллагад 118 мянган га газар эзэмших ашиглах эрхтэй гэж тооллогдоход 110 мянган га газрын гэрчилгээг нь аваагүй, эзэнжүүлж баталгаажуулаагүй орхигдуулсан байна. Үүнээс үүдэж, улсын мэдлийн газраас хууль бусаар авах, эзэмших ашиглах эрхийг шамшигдуулах нөхцөл үүсээд байсан гэж үзжээ. Мөн тус тооллогын дүнд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсний нэг нь “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас авсан нийт 442.4 тэрбум төгрөгийн санхүүжилтын 31.7 тэрбум төгрөгийг улсын бүртгэлд тусгаагүй байна.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Сүүлийн үед УИХ дээр төрийн өмчийн талаар ихээхэн шүүмжлэх болсон. Төр өмчөө тоолж мэдэхгүй байна. Төрийн өмч эзэнгүйдсэн. Тиймээс Засгийн газраас төрийн өмчийн тооллого бүртгэлийн талаар яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Үүний дагуу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон төрийн өмчийн мэдлийн эд хөрөнгийн тооллогыг  нэгтгэн гаргалаа. Үүнээс хамгийн анхаарал татсан нь “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө шамшигдуулсан болон төрийн байгууллагуудын газар эзэмших ашиглах эрхийг бүртгэлжүүлээгүй мөн 2012 онд зохион байгуулсан төрийн өмчийн улсын үзлэг тооллогоор нийт 15853 ширхэг 793.5 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл тоологдож байсан бол энэ удаагийн тооллогод нийт 1.280,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 25679 ширхэг тээврийн хэрэгсэл тоологдсон. Энэ нь 2012 оны дүнгээс 487.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн аж ахуйн нэгжүүд авто машин олноор худалдан авахад ихээхэн хөрөнгө зардаг нь эндээс харагдаж байна” хэмээн ярьсан юм.

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед төсвийн мөнгийг хэмнэж үргүй зардлыг багасгаж бүсээ чангална хэмээн тунхаглаж буй. Гэтэл төрийн байгууллагууд дөрвөн жилийн дотор 9800 гаруй автомашин улсын хөрөнгөөр худалдан авчээ. Нэг хэсэг төрийн байгууллагад шатахуун их зарцуулдаг том оврын автомашиныг дуудлага худалдаанд оруулж шатахуун бага зарцуулах суудлын авто машин хэрэглэх талаар ярилцаж байсан. Гэтэл Монголын хууль гурав хоног гэгчээр тухайн үед яригдаад л өнгөрсөн. Хэдийгээр төсвийн үргүй зардлыг хэмнэх талаар дээр доор ярилцаж байгаа ч бодит байдалд хэрэгжүүлж чадахгүй байна гэдгийг дээрх өсөн нэмэгдсэн тоо харуулж байна.

Тус тооллогын дүнгээр төр 30 их наяд төгрөгийн өмч хөрөнгөтэй гэж тоолж, өр төлбөрийг хасвал 17 их наяд төгрөгийн хөрөнгө одоо байна гэж болох аж.  Нөгөө талаар төрийн мэдлийн компаниуд ашиггүй ажилладаг хэмээн байнга шүүмжлүүлдэг ч 80 гаруй компанийн 35 аж ахуйн нэгж өнгөрсөн онд ашигтай ажилласан гэнэ.

Ц.Ням-Осор: Арав гаруй жийп машин хурааж найман тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн
Дээрх асуудалтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодрууллаа.

-Тооллогын дүнгээр будлиантай асуудал олон гарчээ. Эдгээрийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?


-Зохих хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон. 200 гаруй төсөвт байгууллага гэрчилгээ байхгүй төсвийн мөнгө зарцуулдаг нь илэрсэн. Энэ нь тамга тэмдэгний олон үйлдвэр байгаатай холбоотой гэж харж байна. Банканд нэг данс нээлгээд тамга тэмдэг хийлгээд аж ахуйн нэгж болох жишээтэй. Энэ маягаар “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн мөнгөнөөс авч зарцуулсан байгаа юм.

-Ашиглалтын хугацаа нь дууссан олон барилга тоологдсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийт 42 мянга 700 ширхэг 9 их наяд 869 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга тоологдсоны 20 гаруй мянга нь буюу 350 орчим тэрбум төгрөгийн барилга нь ашиглалтын хугацаа дууссан боловч ашигласаар байна. Энд манай газрын барилга ч орж байна. 1900-гаад  оны барилга юм. Иймд төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт зэргийг харгалзан үзэж дахин үнэлэх шаардлагатай. 

-Төсвийн үргүй зардлыг хэмнэнэ гэж байгаа ч нэг дарга томилогдож ирээд шинэ машин худалдаж авдаг байдал хэвээр байгаа бололтой?

-2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэт өндөр цалин урамшуулал, тансаг хэрэглээг хягаарлахыг манай газарт үүрэг болгосон. Үүний дагуу төрийн өмчит томоохон компаниудаас арав гаруй жийп машиныг хурааж найман тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн. Мөн 539.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан элэгдэл бүхий 25 мянга 679 ширхэг тээврийн хэрэгсэл байгааг тооллогоор гаргаж ирлээ. Иймээс төрийн байгууллагад ашиглах суудлын авто машины тоог шинэчлэн тогтоохоор ажиллаж байна.  Нэгдүгээр сард багтааж дээрх машинуудыг цэгцлэх журам гаргана. Одоо төрийн байгууллагын дарга машин худалдан авах эрхгүй.

-Тооллогын явцад төрийн мэдлийн хэдий хэмжээний хөрөнгө дутсан бэ. Улсын хөрөнгө шамшигдуулсан эздэд ямар хариуцлага тооцох вэ?
-194 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө  бүртгэлгүй байснаас 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө дутсан. Мөн 32.6 тэрбум төгрөгийн хөрөнгө маргаантай байгааг тогтоосон. Ингээд автомашины зогсоол, явган хүний зам гэх мэт нийтийн эзэмшлийн тохижилтын хөрөнгө үнэлгээгүй бүртгэлгүй байсныг бүртгэж, нийслэлийн өмчид шилжүүлсэн. Цаашид тооллогоор дутсан, маргаантай байгаа хөрөнгийг улсын бүртгэлд авч цахим мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар ажиллаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан