Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролтой, өмчтэй, эрүүл амьдрахын төлөө өөртөө тавих зорилго


Н.УУГАН


Хуримтлалын ашиг тусын талаар гурван цуврал нийтлэл уншигч танд хүргэж байна. Хуримтлал гэдэг хүний насны ямар ч үед нэн чухал шаардлагатай зүйл байдгийг л хамтдаа мэдрэхийг хичээлээ. Мэддэг зүйл бичээд байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүй ч хүн хэлэхээс нааш... гэдэг дээ. Боловсролдоо хуримтлуулья, амьдралынхаа сайн сайхны төлөө хуримтлуулья бас эрүүл мэнддээ хуримтлуулья. Энэ удаад өтөл насанд хуримтлал гэгч ямар чухал зүйл болох тухай сонирхоё.

Тэтгэврийн ядуус

Манай улсын нийт хүн амын 8,5 хувь нь тэтгэвэр авдаг. 254,6 мянган тэтгэврийн насныхны 60 хувь нь дунджаар 280 мянган төгрөг авдаг гэнэ. Гэвч өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагсдын 86 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн мэдээ бий.
Гэтэл Японы бизнес эрхлэгчдийн гуравны нэг хувийг 60-аас дээш насныхан эзэлдэг тухай баримт миний өмнө байна. Яаж ч бодсон харьцуулж болшгүй мэт санагдах ч заавал харьцуулж харах хэрэгтэй, шаардлагатай.

Манай улсын тэтгэврийн насныхан ажил хийх боломж олгохыг төр засгаас хүссээр байгаа ч нийт хүн амд 15-60 насныхан 60-аад хувийг эзэлж байхад нэгэнт тэтгэвэрт гарсан хүнд тэр бүр ажлын байр олдохгүй нь ойлгомжтой. Тоо баримтаас харвал ердөө нийт ахмадуудын маань 14 хувь нь буюу 35600 хүн л тэтгэврийн зээлгүй. Ийм байхад 60-аас дээш насныхан маань бизнес эрхлэх тухай санаад ч нэмэргүй. “Япончууд чинь биднээс илүү цалин авдаг, дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэн гээд олон давуу талтай шүү дээ” хэмээн уншигч та эсэргүүцэх байх. Гэхдээ тэдний биднээс ялгарах гол онцлог бол санхүүгийн маш нарийн тооцоо дүрэмтэй амьдралын хэв маяг нь.

Тэд хэзээ ч тэтгэвэрт гарах нас минь болчихсон гээд гэртээ суудаггүй. 60 гарсан өвгөд нь таксины жолооч, эмгэд нь буудлын цэвэрлэгч хийгээд явах нь түгээмэл үзэгдэл. Манайхны хувьд хөгшин настай ээж ааваараа ажил хийлгэх тун дургүй байдаг ч тэтгэврийн хэдийг  зээл болгоод авчихдаг тал бий. Амьдралын энэ хэвшил цаашид улам бүр глобалчлагдаж буй дэлхийн жишгийн дагуу л өөрчлөгдөх нь тодорхой. Монголчууд 60 насыг жаргах үе гэдэг. Барууны орнуудад 60-аас дээш насныхан хурааж хуримтлуулсан мөнгөө өөрийгөө хөгжөөж баясгахад зориулдаг нийтлэг жишиг тогтсон бол манайд эсрэгээрээ үр хүүхдийнхээ үр хүүхдийг өсгөхийн төлөө тэтгэвэрт гарсан мэт алхана. Учир нь, манайхан зээлээс зээл дамжсаар нэг л мэдэхэд тэтгэвэрт гарах болчихсон байх нь энүүхэнд. Харамсалтай нь энэ хугацаанд хуримтлалтай болъё гэх санаачилга гэр бүлийн хоёрын аль аль нь бараг л гаргадаггүй.

Санхүүгийн боловсролыг бодлогоор олгоё

Яг өнөөдрийн төвшинд монголчуудын санхүүгийн боловсрол өрхийн орлого зарлагаар л хэмжигдэж байгаа нь худлаа биш. Санхүүгийн нарийн тооцоолол, зээлийн дараах үр дагавар, өрхийн хуримтлал гэх ойлголт тийм ч ойр харагдахгүй байгаа юм. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш л арилжааны хэд хэдэн банк байгуулагдсан боловч цалингийн зээл, ахуйн зээл гэх зэрэг бүтээгдэхүүн ердөө 10 гаруй жилийн өмнөөс л иргэдэд хүртээлтэй болоод байгаа юм. Ийн арав гаруй жилийн дараагаас л сая зээлээ цагт нь төлөх тухай ойлголт иргэдэд сууж, санхүүгийн сахилга батын тухай ярих болсон. Үүний ачаар иргэдийн авсан жижиг зээлүүдийн найдваргүй гэх ангилал багасч буйг статистик тоо баримт харуулна. Тэгвэл хуримтлалыг хэзээ хэвшил болгож чадах вэ. Аль социализмын үеэс хадгаламж нээлгэж, өнөөг хүртэл хөтөлж яваа хүн нэг биш байгааг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, нийт өрхийн 90 гаруй хувь нь ямар хадгаламжгүй гэдэг нь нэгийг өгүүлэх бус уу.

Иймээс л нэн түрүүнд санхүүгийн боловсрол олгох талаар дэс дараатай бодлого боловсруулж, иргэн бүрт бага наснаас нь тодорхой мэдээлэл өгч, өрх гэр толгойлохын цагт өөрийн гэсэн санхүүгийн мэдлэгтэй хувь хүн болж төлөвшихөд нь юун түрүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг сар бүрийн статистик мэдээллийн тоо баримтаас харж болно.

Ахиад ахмадууд буюу тэтгэврийнхэн

Монгол хүний дундаж наслалт 70 байдаг. Харин япончуудынх 85. Манай улсын хувьд эмэгтэйчүүд нь эрчүүдээс дунджаар 10 насаар урт насалдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр эрчүүдийн дундаж нас 67 орчим байдаг бол эмэгтэйчүүдийнх 77. Эрчүүд маань 60-тай, эмэгтэйчүүд нь 55-тай тэтгэвэрт гардаг. Тэгвэл нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон  цус харвах өвчнөөр нас барагсдыг хүйсээр нь ангилж үзье. Нийт нас барсан эмэгтэйчүүдийн 17 хувь нь  45-64 насандаа, 66 хувь нь  65-аас дээш насанд,  эрэгтэйчүүдийн 22,6 хувь нь 45-64 насандаа, 74,2 хувь нь 65-аас дээш насанд цус харвах өвчнөөр өөд болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, нийт нас барсан хүмүүсийн 80-95 хувь нь  45-аас дээш насанд ногддог.

Үнэхээр аймшигтай баримт. Өөрөөр хэлбэл, монголчууд маань эрүүл мэндээ хоёрдугаарт байнга тавьдаг нь энэ тоо баримтаас тодорхой харагдана. Тэгвэл 45-аас дээш насныханд эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг ирснийг таны бие махбодь өөрөө дохио өгч илэрхийлсээр байдаг юм. Харамсалтай нь зээлтэй иргэнд эрүүл мэнд нэгдүгээрт тавигдах нь юу л бол...
Хэрвээ хуримтлалтай бол гэх бодол одоо уншигч танд төрж байна уу. Хуримтлал таны эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах хамгийн чухал зүйл гэдгийг дэлхийн олон орны иргэд хүлээн зөвшөөрдөг. Харин монголчуудын хувьд тэтгэвэрт гарсан ч зээл авсаар л байдаг.

Хамтдаа тооцоолол хийе. Та 20 наснаасаа хөдөлмөрийн зах зээл дээр гарч, хуримтлал үүсгэлээ гэж бодъё. 30 насандаа байрныхаа урьдчилгааг олж, 15 жилийн зээл авлаа гэж бодоход 45 насандаа өөрийн гэсэн орон сууцтай болчихно.

Нуруу тэнийсэн бол энэ өдрөөс эхлээд ахиад хуримтлал үүсгэе. 55 настай тэтгэвэрт гарахад сар бүр хуримтлуулсан 50 мянган төгрөг тань 13 сая төгрөг болно. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ, сувилалд зарцуулахад боломжийн санагдаж байна уу. Гэхдээ тэтгэвэрт гарсан ч хуримтлуул. Үр хүүхдээ тэжээж хүн болгосны шанд өвчин зовлонтой болсон гээд тэднийгээ зовоож шаналгахгүй байх боломж бүрэн бидэнд бий. “Амьд яваа хүн алтан аяганаас ус ууна аа” гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш байх шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан