Б.СОНОР
Монголын Үндэсний олимпын хороо \МҮОХ\ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Түүхт ойн баярын нэгдсэн хурал өчигдөр боллоо. Үе үеийн олимпын медальтнууд, спортын зүтгэлтнүүд цугласан түүхэн уулзалтаар 60 жилийн түүхэн баримтат видеог анх удаа олны хүртээл болгосон юм. Мөн энэ удаагийн түүхэн ойн жил олимпын наадмын медалийн буухиагүргэлжилсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой болж байгаа билээ.
МҮОX-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хурлын үеэр “Олимпын медаль, ололт амжилт, гэрэлтсэн нэгэн жаран түүх болон үлдэж, МҮОХ нь төр засгийн спортын байгууллагууд, спортын холбоод, олимпын түншүүд, олимпын зөвлөлүүд, спортод хайртай монгол зон олонтойгоо нягт хамтран, олимпын шинэ оргил өөд хамтдаа ирмүүн цогтой, эрч хүчтэй тэмүүлж, олон улсын олимпын тавцнаа Монгол Улсаа дуурсгах зориг эрмэлзэл дүүрэн байна. Түүхэн ойг тэмдэглэхдээ заавал өмнөхөө эргэн харах хэрэгтэй байдаг. Энэхүү түүхт 60 жилийн ойн арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байхад их олон санаа гарлаа.
Мөн цаашид хийх зүйл их байгааг харлаа. Олимпын хороо өмнө нь биеэ дааж байгаагүй. Харин 1990 оноос хойш бие даасан Төрийн бус байгууллагын хэмжээнд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш Төрийн байгууллагууд болон спортын холбоо, клубүүдтэй хамтран ажиллаж ирлээ. Бид олимпын аваргатай болох зорилгыг “Бээжин 2018” наадмын өмнө тавьж байсан. Энэ зорилготоо хүрч олимпын хоёр аваргатай болсон. Мөн залуучуудын олимпын аваргуудтай болсон гээд бидний амжилтууд улам ахиж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр үе, залуучуудын амжилт ахиж байгаагийн хэрээр тэдний амжилтад нөлөөлөх бүхий л боломжуудыг олон улсын хэмжээнд бэлтгэхэд нь анхаарч байна. 60 жилийн түүхийн гол үр дүн Риогийн наадмаас харагдлаа. Бид энэ наадмаас хоёр медальтай ирсэн ч гэлээ энэ бол чамлахааргүй амжилт. Ингээд МҮОХ-ны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг нийт монгол түмэндээ хүргэж байна” хэмээн хэлсэн юм.
Монголчууд өнөө жил 13 дахь зуны олимпдоо хамгийн олон буюу 42 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож медалийнхаа тоог мөнгө, хүрэл медалиар нэмсэн билээ. Монгол Улсын баг тамирчид 1964 оноос эхлэн олимпын наадамд оролцож, хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна. Үүн дээр паралимпаас хүртсэн нэг алт, хоёр хүрэл медалийг дурдах нь зүйтэй. Мөн өвлийн, залуучуудын гээд тооцвол манай улс хэдий цөөн хүн амтай ч спортын талбарт хүчтэй өрсөлдөгч гэдгийг батлан харуулсан нэгэн жаран өнгөрч байна.
Олимпын наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин энэ үеэр “МҮОХ-ны түүхт 60 жилийн ой тохиож бахархмаар жил болж байна. Бидний амжилт, бүтээлээр дүүрэн он жилүүд өнгөрлөө. 2016 он спортын томоохон үйл явдлаар амьсгаллаа. Монголын тамирчид олимпын наадамд амжилттай оролцдог түүхэн үйл явдлууд үргэлжилсээр. Бидний цөөн монголчууд дэлхий дахинаа спортын тэмцлийн талбарт хүчтэй өрсөлдөгчийн нэг байсаар ирлээ. Монголын тамирчид Зуны олимпын наадмаас 26 медаль хүртээд байна. Энэ амжилтууд бол монгол түмний дэлхийн дахинд эх орноо таниулах түүхэн үйл явдлууд билээ.
Спортод их дэмжлэг хэрэгтэй байдаг. Сүүлийн үед залуу тамирчдыг бэлтгэх ажил системтэй үргэлжилж байна. Залуучуудын олимпын аваргатай болсон гээд арвин амжилт бидэнд байна. Мөн залуучуудын өвлийн наадмаас анхны алтан медалийг авсан гээд бахархмаар амжилт олныг үзүүллээ. Энэ нь өсвөрийн тамирчдад ихээхэн хүсэл мөрөөдлийг өгч, тэдэнд спортоор хичээллэх ирмүүн их тэмүүллийг өгч чадлаа. Мөн хөдөө орон нутагт олимпзмийг сурталчилах үйлс шат дараатай хөгжиж байна. Олимпын медальтнуудынхаа амжилтаар бахархах, тэдний туршлагаас хуваалцах лекц, уулзалтуудыг хийж ирлээ. Амжилт ахих тусам тамирчин улам л хурцлагддаг. Та бүхэндээ МҮОХ-ны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна” хэмээн хэлсэн юм.