Ж.ЖАМУХА
Бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн ямар ч ажлыг яарч, адгаж хийснээс дутуу дулимаг болохын дээр үлдэх ул мөр, үр дагавар нь сөрөг байх нь элбэг. Үүний нэг жишээ бол өнөө ч хэл ам дагуулсан буй АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт. “АСЕМ-ын үеэр ажилласан жолооч нарт цалинг нь өгөөгүй, 53 орны төр, засгийн тэргүүний хөргийг зурсан зураач Т.Чингис хөлс мөнгөө аваагүй” гэхчлэн өндөр дээд хэмээн өргөмжилсөн АСЕМ-ын уулзалтын балаг одоо ч арилаагүй байна. Яахав, хэдэн жолооч, ганц зураачийг чулуу хөөлгөсөн байж болох ч АСЕМ-ын эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудад үрж зарсан хөрөнгө мөнгөний хэрүүл маргаан одоо ч үргэлжилсээр.
Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниудад 68.9 тэрбум төгрөг олгожээ
АСЕМ-ын асуудлыг дахин сөхөхийн учир нь зөвхөн зураач, жолооч нарын цалин пүнлүүнд бус гадаадын зочид, төлөөлөгчдийг байрлуулсан “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөтэй ч холбоотой. Монгол Улс Ази-Европын орнуудын 11 дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулсны дараа ирсэн зочдоо үдэж мордуулснаар “АСЕМ Вилла” хотхон төрд хамаарахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотоос зүүн урагш 10 км зайд байрлах тус хотхон 360 ам.метр, 500 ам.метр талбай бүхий дээд зэрэглэлийн 53 хаусаас бүрдэнэ. Худалч хүнд “тансагийн тансаг” хэмээн зэрэглэл тогтоосон эл байшингууд тус бүртээ 4-6 тэрбумаар үнэлэгдсэн. Арга ч үгүй биз, байшин бүр таван угаалгын өрөөтэйн дээр хотхоны хажууд 18 нүх бүхий мэргэжлийн гольфийн талбайтай гээд тоочоод байвал тоймгүй олон тансаг хэрэглээтэй. Тиймдээ ч өдий чинээнд үнэлэгдэх нь аргагүй. Ямартай ч, “АСЕМ Вилла” хотхон нийт 60 тэрбум төгрөгөөр боссон. Гэтэл АСЕМ-ын уулзалтын хүрээнд өрнүүлсэн бүтээн байгуулалтын шинжтэй ажлуудад улсын төсвөөс 21 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 17.7 тэрбумыг нь зарцуулсан гэх ГХЯ-ны тайлан бий. Уг тайланд хавсаргаснаар “АСЕМ Вилла хотхоныг хувийн аж ахуй нэгжүүд банкнаас зээл авч байгуулсан, төрөөс мөнгө зараагүй” хэмээн цагаан дээр хараар бичсэн байх. Товчхондоо, 53 хаус бүхий бүхэл бүтэн хотхоныг хэвшлийнхэн зээлээр барьсан гэсэн үг.
Гэтэл өнгөрсөн жилээс өрнөсөн “Хөгжлийн банк”-ийг тойрсон элдэв мэдэгдэл, санхүүгийн тайлан тооцоог харж байхад татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлэн төлөх “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад улстөрчид түлхүү оролцсон нь ил болсон. Тухайн үед олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийг Л.Энх-Амгалан гишүүн ахалж, Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Бямбацогт нар бүрэлдэхүүнд нь багтаж байв. Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалттай танилцсан дүгнэлтээ танилцуулалгүй хэд хэдэн удаа хойшлуулсныг санаж байгаа биз ээ. Тухайн үед “Нууц дүгнэлт гаргасан” гэх мэт хардах нэг нь ч байв. Энэ ч хоосон хардлага байгаагүй нь хожим ил болсон. Дүгнэлт, тайлан ил болоход ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “Скай ресорт” ХХК-д “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны бүтээн байгуулалтад зориулж Хөгжлийн банкнаас 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Уг компани нь Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “Эм Си Эс Монгол”-ийн охин компани юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг. Тус компанийн охин компани болох “Эм Си Эс интернэшнл” ХХК “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2x630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авч байсан. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл (“Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр)-ийн 170.595 сая төгрөгийг шилжүүлсэн нь “Говийн зам” ХХК руу орсон байдаг. Түүнчлэн, “Эм Си Эс интернэшнл”-ийн гүйцэтгэсэн Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор баригдсан 110/35/10 кВ дэд станц, 110 кВ ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хоёр тэрбум 722 сая төгрөгийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгосон байна. Энэ мэт “Эм Си Эс” группийн охин компаниуд Хөгжлийн банкнаас 68 тэрбум 687 сая төгрөгийн санхүүжилт авсан баримт бий. Энэ нь өнөөг хүртэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их мөнгөн дүн аж.
Б.Очирпүрэв: АСЕМ-аар ажилласан жолооч нар цалингаа бүрэн аваагүй
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад гадаадын зочид төлөөлөгчдийн жолоочоор ажилласан иргэд цалингаа бүрэн авч чадахгүй байгаа тухайгаа өчигдөр хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Хуралд жолооч нарын төлөөлөл болж Б.Очирпүрэв, Г.Пүрэвжав нар оролцсон юм. Өнгөрөгч долдугаар сарын 15-16-ны хооронд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтад ажиллах жолооч нартай Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) гэрээ байгуулсан бөгөөд жолооч Б.Очирпүрэвийн хэлснээр 2016 оны зургадугаар сарын 2-ноос долдугаар сарын 25-ны хооронд сар гаруй ажиллажээ. Гэрээнд тусгаснаар өдрийн 30 мянган төгрөгийн хөлсөөр 53 хоногийн турш ажиллаж, 1.5 орчим сая гаруй төгрөгийн цалин авах ёстой байж. Гэтэл тэдний ажилласан хоногийн тоог 35 болгож 1 сая 50 мянган төгрөгийн үндсэн цалингаас татвар, даатгалын шимтгэл хасч 875 мянган төгрөгийн цалин өгөх шийдвэрийг АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нар гаргасан байна. Одоо үүнийхээ 500 мянгыг нь өгчихөөд байгаа бөгөөд 375 мянган төгрөг дутуу ажээ. Түүнчлэн, жолооч нарын зүгээс ажилласан хоногийн тоог багасгаж, цалинг нь дутуу бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа уламжилсан.
Энэ тухай жолооч Б.Очирпүрэв “Тухайн үед Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүс одоо бүгд солигдсон. Одоо байгаа хүмүүс нь бидний асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна лээ. Угтаа Сангийн яамнаас санхүүжилт нь орчихсон байх ёстой. Энд нийтдээ 50 жолоочийн асуудал яригдаж байгаагаас тал нь буюу 20 гаруй нь хувиараа ажилласан. Хувиараа ажилласан хүмүүс цалингаа авах гээд өөрсдөө хөөцөлдөж байна. Бид 375 мянган төгрөг авах ёсгүй, цалингаа бүтнээр нь авмаар байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгчтэй уулзах хүртэл явна. Болохгүй бол дүүргийн шүүхэд хандана. Бид тухайн үед маш сайн ажилласан. Ерөнхийлөгч ч тэгж ингэж хэлж байсан. Тухайлбал, миний бие Индонез улсын зочдыг ирэхээс нь буцах хүртэл элдэв уулзалт, хурал зөвлөгөөнөөс ганц минут ч хоцроолгүй, цаг, дүрэм журмаа ягштал барьж үйлчилсэн. Тэд буцахдаа тэврээд, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан” гэв.
2016 оны тавдугаар сараас АСЕМ-ын зочдод үйлчлэх жолооч нарыг АТҮТ-өөс сонгон шалгаруулж авсан билээ. АСЕМ амжилттай зохион байгуулагдсан ч зарим жолооч нар ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй байгаагаа ийнхүү илэрхийллээ. Түүнчлэн, жолооч нарын цалингаас ч өмнө АСЕМ-тай холбоотой үүссэн асуудлын нэг бол Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Т.Чингисийн цалин хөлсийг өгөөгүй. УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын санаачилгаар АСЕМ-ын гишүүн 51 орны төрийн тэргүүн, олон улсын хоёр байгууллагын удирдлагын гээд нийт хүний 53 хөргийг зурах төслийн ажлыг гүйцэтгэсэн тэрээр АСЕМ-ын үеэр “Pillars of ASEM” үзэсгэлэнгээ гаргаж, гадаад дотоодын зочдод толилуулж байв. Монгол гэрийн хана тойруулан эгнүүлсэн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хөрөг зургууд ч тухайн үед АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцогсдын мэлмийг баясгаж байсан юм. Харамсалтай нь, зураач залуу одоо ч уран бүтээлээ зүй ёсоор үнэлүүлж чадаагүй байна. Тэрбээр энэ тухайд өөрийн фэйсбүүкт нийлэхдээ “АСЕМ-ын үеэр дэлгэсэн үзэсгэлэнгээ нэг ч өдөр амс хийлгүй, цаг наргүй зурж дуусгасан. Гэсэн ч ажлын хөлсөө авч чадаагүйн улмаас олон хүний итгэлийг алдлаа” хэмээж байсан юм.