Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгө тарь, Ард нь үржих тэмдэг дараастай байдаг


Т.ЖАНЦАН


Хүн болгон санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг. Үүнд хүрэх арга нь хуримтлал. Харин хуримтлал хэрхэн үүсгэх вэ гэдэг аргаа монголчууд бид нэг л олохгүй байх шиг. Мөнгө хүний амьдарлын хамгийн үнэ цэнэтэй зүйл биш боловч өдөр тутмын хэрэглээ. Ийм ч учраас найз, ах, эгч, аав, ээж минь мөнгө байна уу зээлээч. Удаахгүй өгнө гэх яриа өдөр бүр хаа сайгүй л сонстоно. Бас гуйж авчихаад гуядуулж байж эргүүлж өгдөг, хүнд мөнгө зээлсэн бол хаясанд тооц ч гэлцэнэ. Ийм ч учраас “Би мөнгө тарьдаг хүн үү” хэмээх үг гарсан биз. Энэ нь монголчууд биднийг хуримтлалгүй гэдгийг тод илтгэнэ. Үүнийг Монгол Улсын нийт 820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик батлаж байна.  

Гэхдээ монголчууд бүгд хуримтлалгүй биш. Цөөхөн хувь нь хүний өдөр тутмын хэрэгцээ болсон мөнгөнд санаа зовохгүй болсон.  Тухайлбал, банкны салбарын есдүгээр сарын үзүүлэлтээс харвал хадгаламж найман их наяд төгрөгт хүрчээ. Үүний 5.6 их наяд нь төгрөгийн, 2.4 их наяд нь гадаад валютынх. Энэ бол Монголын цөөхөн гэр бүл, хувь хүний хөдөлмөрийн үр шим, хэрэглээгээ хянаж хуримтлуулж чадсан амжилт юм. Тэгвэл бид бусдын адил яагаад хуримтлал үүсгэж болохгүй гэж.

Цаад фейсбүүкт чинь “Цалингаа буухаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэг хошин үг гарчээ. Иймд цалингаас цалингийн хооронд амьдарч, мөнгөний эрэл суралд гарахгүй байх арга замаа л зөв сонгох шаардлага зүй ёсоор гарч ирнэ.  Энэ арга зам нь мөнгөний тариалан эрхлэх. Мөнгөний тариалан гэхээр уншигч та гайхаж магадгүй юм. Гайхаж эргэлзэх хэрэггүй. Таны мөнгө тарих үржил шимт хөрс, нөхцөл бололцоо нь банкинд бүрдчихсэн шүү. Монголд банкны хадгаламжийн хүү бусад улсынхаас хамгийн өндөр. Жишээлбэл, хадгаламжийн жилийн хүү ОХУ-д зургаа, Хятадад 2.8, Японд 0.4 хувь байдаг. Харин манай улсад одоогоор төгрөгийн хадгаламжийн жилийн дундаж хүү 13.3, гадаад валютынх 6.5 хувьтай байгаа.  Тэгэхээр мөнгө тарьж ургац хураах боломж бүрэн дүүрэн байна. Бид мөнгөтэй болох юмсан гэж ярьдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүйд хамаг учир оршино.

Мөнгө тарьж үр шимийг нь хүртэнэ гэж хэлэхэд амархан. Хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ алдах юмгүй олох олзтой тул зориод л үзэх хэрэгтэй. Тариалангаа эрхлэхийн тулд эхлээд хувийн бэлтгэлээ сайтар базаах нь зүйн хэрэг. Аливаа агуу зүйл энгийнээс эхэлдэг гэдэг. Тэгэхээр өөрийн болоод өрхийн орлого, зарлагаа сайтар тооцон үзэх нь чухал. Ингэж орлого, зарлагаа тооцож хөтлөх дэвтэр хүртэл гарсан байна лээ. Уншигч та олоод нэг үзээрэй. Илүүдэхгүй л байх. Ингээд олон зүйл нуршилгүй мөнгө тарьж болох гурван жишээг дор дурдъя.

Монголд уул уурхайн компанид ажилладаг хүн хамгийн өндөр цалин авч буй. Гэхдээ энэ салбар ажлын байр олноор бий болгодоггүй сул талтай. Гэвч уг салбарт  ажилладаг хүн мөнгө тарих хамгийн боломжтой. Оюу толгойд ажилладаг нэг танилтайгаа хуучилж байхад “Сард 3.5 сая төгрөгийн авдаг. Амьдралд хүрэлцэхгүй байна” гэж билээ. Би түүнээс “Яагаад. Чи Монголд өндөр цалин авдаг  хүний нэг байна шүү дээ” хэмээн асуув. Тэрбээр “Орон сууцны зээлд бараг талыг нь өгчихдөг. Эхнэр ажилгүй” гэсэн хариулт сонссон юм. Үүнээс гадна “Цалин бага хэцүү байна. Гайгүй шиг өндөр цалинтай ажилд орох юм сан” гэж ярьдаг хүмүүс ч бий. Тэгээд арай өндөр цалинтай ажилд орсон ч урьдын үгээ хэлж байхыг олонтаа сонсч байв. Эндээс үзэхэд монголчууд бид олсныхоо хэрээр үрдэг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

Хүн орлогтой бол хуримтлал үүсгэх боломжтой гэсэн үгийг эдийн засагчид хэлдэг. Та нэг бодоод үз дээ. Миний бас нэг найз 500 төгрөгөөс доош дэвсгэрт  хайрцагт хийж тусгайлан хадгалж үзсэнээ мөн ярьсан юм. Бидний нэрлэж заншсан мөнгөний гахайндаа мөнгө тарьсан гэсэн үг. Ингээд гурван сарын дараа ургацаа хурааж үзэхэд 10-500 хүртэлх төгрөгийн дэвсгэртээр 130 гаруй мянган төгрөг хуримтлагдсан байж. Тэрбээр үүндээ урамшаад банкинд хугацаатай хадгаламжийн данс нээж сард 50 мянган төгрөг хийдэг болсон туршлагаа надтай хуваалцаж билээ. Тухайн үед найз минь мөнгөний ургацаа хураасан зургаа үзүүлээд “Би эхлээд задгай бага дэвсгэрт хураагаад юу л базаагаа аж гэж бодож байсан. Гэтэл тийм биш юм байна. Чи туршаад үзээрэй хөө. Хэрэв тэр мөнгийг хадгалаагүй бол халаасанд явж байгаад бохь, иштэй чихэрхэн энэ тэр л болоод өнгөрнө дөө” хэмээн чин сэтгэлээсээ ярьж байсан юм.
 
Тамхи хүний эрүүл мэнд, эдийн засгийн хорт дайсан. Өдөрт нэг хайрцаг янжуур татдаг хүний гаргадаг эдийн засгийн илүү зардлыг тооцож үзье. Нэг хайрцаг янжуур өнөөдөр дунджаар 3000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр сард 30 хайрцаг янжуур татах нь. Эндээс үзвэл тамхичин хүн сард 90 мянган төгрөг төлж эрүүл мэндээ зольж байна. Уг мөнгийг банкинд хуримтлуулсан бол тэр хүн эрүүл бас санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нэг алхам урагшилсан байх билээ. Тамхинаас гарсан залуу гурван жилийн хугацаанд түүнд зарцуулах мөнгөө хуримтлуулж машин авсан тухай яриа ч бий. Мөнгө тарих, тамхинаас гарахад бэрхшээл тулгаралгүй л яахав. Гагцхүү зориг шулуудаад үр шимийг нь хүртэх л чухал.
Энэ бүгдээс үзвэл мөнгө тарьж үр шимийг нь хүртэх нууц биш нууц чухам энд л оршиж байх шиг. Илүү зардлаа танаж боломжийнхоо хэрээр мөнгө тарихад хадгаламжийн хүү хамгийн өндөр банкийг сонгох нь зүйн хэрэг. Монголбанк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийг Голомт банк  дэмжиж “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус банкны нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү сарын 1.27 хувь, данс нээх доод үлдэгдэл нь 10 мянган төгрөгөөс эхэлсэн юм. Үүн дээр нэмээд урамшуулал бодож буй аж.   Мөнгөний ургацын талбай буюу дансандаа сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чадвал  жилийн эцэст хуримтлуулсан мөнгөний 20 хувьтай тэнцэх урамшуулал нэмж олгох болсон билээ. Мөн мөнгөө үрэхээс нь өмнө хадгалах, банкинд очоод дугаарлалгүй цаг заваа хэмнэхийг хүсвэл   “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээнд бүртгүүлэхэд бүх зүйл “ок” болно. Одоогоор эдгээр үйлчилгээ нь өөрчлөгдсөн мэдээлэл алга. Тэгэхээр Голомт банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр, цаг заваа ч хэмнэх нь. 

Зарим хүн банкинд мөнгө хадгалах нь эрсдэлтэй, дампуурчихвал яана гэсэн айдастай байдаг. Тэгвэл айх зүйлгүй. Учир нь, Хадгаламжийн Даатгалын Корпорац банкинд хадгалуулсан 20 сая хүртлэх төгрөгийг бүрэн даатгасан юм. Хэрэв дээрх хэмжээнээс илүү мөнгө банкинд хадгалахаар бол хэд хэдэн банкинд хуваан байршуулж болно. Яагаад гэвэл банк бүр харилцагчдынхаа 20 сая хүртэлх төгрөгийг даатгалд хамруулах ёстой. Иймээс таны тарьсан мөнгө эрсдэлд орохгүй гэсэн үг. Ёстой нөгөө “Хүргэн хүү” киноны Жамц баяны хэдэн сайхан шарыг нь хоёрхон хулгана идэвхгүй даатгалаар эргүүлээд өгдөг болсон цаг.  
Эцэст нь хэлэхэд та их, бага нь хамаагүй орлоготой л бол яаж ийгээд хэдэн төгрөг сар бүр  илүүчил. Түүнийгээ банк гэдэг шимт хөрсөнд суулга. Таны тарьсан мөнгө бүрийн ард үржих тэмдэг дараастай байгаа. Хадгаламжтай хүн хэзээ ч хямрахгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан