Б.БАДРАЛ
АНУ-ын Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби нь Туркт сууж байсан Оросын Элчин сайдыг хөнөөсөн хэрэгт Америкийг холбоотой гэх бүх яриа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд инээд хүргэм гэж мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Төрийн нарийн бичгийн дарга Туркийн Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа Фетхуллах Гюллен Америкт байгаагаас болж энэхүү аймшигт аллагад Америк холбоотой эсвэл шууд бус болон бусад хэлбэрээр дэмжсэн тухай Туркээс гарч байгаа ярианд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн. Энэ бүх яриа нь үндэслэлгүй худал бөгөөд инээд хүргэм” гэжээ.
Туркт Оросын Элчин сайдыг хөнөөсөн нь шашны номлогч Гюллений үүсгэсэн “ФЕТО” нэртэй байгууллага ба түүний дэмжигчид буруутай гэсэн яриа газар авч байгаа тул арга буюу ийм мэдэгдэл хийж байгаа бололтой. Харин Гюллен өөрөө Андрей Карловыг хороосныг эрс шүүмжилж өөрийг нь буруутгасан явдал үндэслэлгүй гэж албан ёсоор мэдэгдээд байсан юм.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга энэ хэргийг мөрдөхөд Туркийн эрх баригчдад төдийгүй Оросын талд бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Аливаа нэг улсын Элчин сайдын яам руу дайрах, ажилтнуудыг барьцаалах, Элчин сайдын аминд хүрэх нь маш ноцтой үр дагаварт хүргэдэг. Нэгдүгээрт, тухайн улс нь дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүй эсвэл гүйцэтгэхийг хүсэхгүй байгааг харуулдаг. Хоёрдугаарт, ийм нөхцөлд дипломат ажилтнаа барьцаалуулсан, хөнөөлгөсөн улс эдийн засаг, улс төрийн элдэв хориг арга хэмжээ аваад зогсохгүй шаардлагатай гэж үзвэл зэвсэг хэрэглэн дайтах дээрээ тулах аюултай. Тийм ч болохоор зарим судлаач энэ хэргийн зохион байгуулагчдыг нэн яаралтай илрүүлээгүй тохиолдолд оросууд өөрсдөө асуудлыг шийдэхийн тулд Туркийн нутаг дээр цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв ингэвэл Турк НАТО-гийн гишүүн тул дэлхийн дайн дэгдэх эрсдэлтэй тухай анхааруулсан.
Туркүүд ч үүнийг маш сайн ойлгож байгаа тул Оросын талыг аргадах янз бүрийн алхам хийж байна. Юуны өмнө аллагыг АНУ-д орогнож байгаа Гюллен зохион байгуулсан тухай яриа тараасан нь хэргийн эзэн Обама гэж шууд бусаар хэлж буй хэрэг. Дараагийн алхам нь Турк дэх Оросын Элчин сайдын яам байрладаг гудамж ба нээлтийнх нь ажиллагаанд оролцохдоо амиа алдсан үзэсгэлэнг Андрей Карловын нэрээр нэрлэхээр болсон. Эрдоган Путинтэй утсаар ярьж хэргийн мөрдөлтийг биечлэн хянаж байгаа, Оросын дипломат төлөөлөгчдийн газруудыг хамгаалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн Оросын мөрдөн байцаагчдыг мөрдөлгөд оролцуулахаар болсон.
Хүйтэн дайны үед Элчин сайдын аминд хүрэх явдал бараг гарч байгаагүй гэж болно. Зөвлөлт ба АНУ иймэрхүү асуудлыг маш хатуу хянадаг байв. Учир нь, энэ хоёр улс дэлхийг хэд дахин сөнөөх цөмийн зэвсэгтэй тул тухай бүрт дэлхийн шинэ дайн үүсэх эрсдэл үүсдэг. Иймд 1946-1989 оны хооронд 43 жил үргэлжилсэн Хүйтэн дайны үеэр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд амиа алдаж байсан долоон тохиолдол гарсан байдаг. Эдгээрийг Хорват эсвэл армяны хэт явцуу үзэлтнүүд, коммунист хэнээтнүүд үйлдсэн байдаг.
Зөвлөлт задран унаж хүйтэн дайн дууссан ч дэлхий даяар халуун цэгийн тоо эрс нэмэгдэхийг дагаад янз бүрийн явцуу үзэлтнүүд, шашны болон улс төрийн хэнээтнүүд Элчин сайдуудын аминд халдах явдал олноор гарах болсон. XXI зуун гарсаар 16 жилийн дотор 8 Элчин сайд элдэв дайралт, алан хядах ажиллагаанд өртөн амиа алдаад байна.
Амиа алдссан Элчин сайдуудыг тоочвол:
-2003 оны гуравдугаар сард Кот д’Ивуарын нийслэл Абижанд Саудын Аравийн Элчин сайд Мохаммед Ахмед Рашид алагдсан.
-2003 оны арванхоёрдугаар сард Бурунди дэх Ватиканы Элчин сайд Майкл Кортни үхлийн шарх авсан.
-2005 оны долдугаар сард Ирак дахь Египетийн Элчин сайд Ихаб аш-Шериф хулгайлагдан сураггүй болсон. Элчин сайдын цогцсыг одоо хүртэл олоогүй.
-2005 оны долдугаар сард Иракт шашны хэнээтнүүд Алжирийн Элчин сайд Аль Бельаруссийг хулгайлан цаазалсан.
-2008 оны есдүгээр сард Пакистан дахь Чехийн Элчин сайд Иво Ждярек алан хядах дэлбэрэлтэд өртөн амиа алдсан.
-2012 оны долдугаар сард Кени улс дахь Венесуэлийн Элчин сайд Ольга Фонсекаг үл мэдэгдэх этгээдүүд бомилж хороосон.
-2012 оны есдүгээр сард Ливийн Бенгази хотноо алан хядагчдын дайралтын үеэр АНУ-ын Элчин сайд Кристофер Стивен алагдсан.
-2016 оны арванхоёрдугаар сард Туркийн Анкара хотноо Оросын Элчин сайд Андрей Карлов алан хядагчийн дайралтад өртөн амиа алдсан. Цаашид, их гүрнүүд нэгдэн “Аль Кайда”, “Талибан”, “Лалын улс”, “Боко Харам”, “Жебхат ан-Нусра” гэх мэт шашны хэт явцуу үзэлт алан хядах байгууллагын эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авч Сири, Афганистан, Ливи, Энэтхэгийн Кашмир муж, Нигери, Филиппин гэх мэт газарт энх тайван тогтоогүй цагт Элчин сайдууд ямагт хамгийн чухал бай хэвээр байсаар.