Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг болох “Pro Wrestling League season 2” тэмцээн тун удахгүй болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд манай улсаас Э.Бэхбаяр Энэтхэгийн Дели хотын багт барилдахаар уригдсан байна. Тэрээр багтаа Азербайжаны бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Мария Стадник, олимпын хүрэл медальт Сакши Малик, Пуни Бажранг, Сатаяварт Кадиан, Погат Сандеепа нартай зодоглох гэнэ.
Тэмцээнд оролцох баг тус бүр 18 халз тулаан хийх бөгөөд эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн нийт есөн бөхийн бүрэлдэхүүнтэй байх юм байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох тул ийнхүү Э.Бэхбаяр маань Энэтхэгийн Дели хотын багт уригджээ. Барилдаан тус бүр гурван минутаар гурван үе үргэлжлэх төдийгүй дундаа 30 секундээр хоёр удаа завсарлага авах боломжтой аж.
2015 онд болсон “Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар урилгаар зодоглож байсан юм.