Б.БАДРАЛ
ОХУ-аас Бүгд Найрамдах Турк улс дахь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Андрей Карловыг буудан хороосон хэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна. Оросы Элчин Анкара хотноо Оросын тухай фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байхад ийн буудан хороожээ. Карловыг буудан хороосон этгээд цагдаагийн ажилтны үнэмлэхтэй, биедээ зэвсэг авч явах зөвшөөрөлтэй байсан аж. Иймдээ ч нээлтийн ажиллагааны үеэр Оросын Элчингийн ард байрлал эзэлсэн байжээ. Алан хядагч этгээд Элчин сайдыг буудан хороосны дараагаар Алеппо хотыг эзэлсний хариуг авч байна гэсэн утгатай уриа хашхиран замбараагүй гал нээж эхэлсэн байна.
Турк ба Оросын Ерөнхийлөгч нар энэ хэрэгтэй холбоотойгоор утсаар ярьж алан хядах ажиллагаа нь хоёр улсын харилцааг сэвтүүлэх, Сирийн мөргөлдөөнийг энхийн замаар зогсоохыг болиулах зорилготой байсан гэдэг дээр санал нийлжээ. Мөн алан хядах ажиллагааг мөрдөх явцад Оросын мөрдөн байцаагчдын тусгай хэсэг оролцох талаар тохиролцсон байна.
Алан хядагч
Элчин сайдыг буудсан этгээд нь 22 настай цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэгч байжээ. Туркийн мэдээллийн хэрэгслүүд Мевлютыг долоодугаар сард төрийн эргэлт гаргахыг завдсан гэж буруутгагдаж буй шашны номлогч Гюллентэй холбоотой байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Учир нь, тэрээр цагдаагийн тусгай тасагт алба хааж байгаад төрийн эргэлт гаргах бүтэлгүй оролдлогын дараагаар ажлаасаа хөөгдсөн нэгэн байж. “CNN Türk” сувгийнхан Мевлютыг Сирийн Алеппод Орос ба Сирийн армиас ялагдал хүлээсэн “Жебхат ан-Нусра” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл тараажээ.
Энэ хэрэгт алан хядагчид заавар өгсөн гэж сэжиглэгдээд буй шашны номлогч Гюллен нь алан хядах ажиллагааг эрс буруушаан Оросын ард түмэнд эмгэнэл илрэхийлээд Туркийн эрх баригчид маш нарийн мөрдөн байцаалт явуулж, цаашид дайралт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэсэн байна. Туркийн эрх баригчид одоогоор алан хядагчийн эцэг эх, дүүг баривчилж, гэрт нь байсан электрон төхөөрөмжүүдийг хураан аваад байгаа.
Дэлхийн нийтийн хариу
Дэлхий нийтээр энэ алан хядах дайралтыг эрс шүүмжилж, зохион байгуулагчдыг нь шийтгэхийг уриалж байна. Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дайралтыг алан хядах ажиллагаа гэж нэрлээд гүйцэтгэгч, зохион байгуулагч, ивээн тэтгэгчдийг нь олж, хариуцлагад татахыг уриалав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэхүү дайралтыг “ямар ч утгагүй алан хядах ажиллагаа” гэж тодорхойлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэхүү дайралтыг мөрдөн байцаах явцад тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн бол сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп исламын шашны хэт явцуу үзэлтнүүдийн зохион байгуулсан хэрэг гээд эрс шийдэмгий буруушаажээ. Мөн Барак Обамагийн захиргаанаас алан хядлагатай тэмцэхэд Орос, Турктэй эв нэгдэлтэй байгаагаа гэдгээ мэдэгджээ.
Үүнээс гадна Европын холбооны Гадаад харилцааны тэргүүн Федерика Могерини, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтонберг, Их Британи ба Франц, Германы эрх баригчид Орост эмгэнэл илэрхийлжээ. Украйны Гадаад хэргийн сайд Оросын Элчин алагдсанд албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн ч Дээд Радагийн зарим гишүүн нь Карловыг буудсан Мевлют Мерт Алтынташийг баатар, хийсэн үйлдлийг нь баатарлаг үйлдэл, бахархаж байна гэсэн мэдэгдэл хийжээ.
Оросын хариу
Оросын Ерөнхийлөгч Путин энэ хэрэгтэй холбоотой Засгийн газрын шуурхай хуралдаан явуулаад “Үүний хариуд алан хядлагатай хийх тэмцлээ улам нэмэгдүүлэх гэсэн ганц л хариу өгч болно. Дээрэмчид үүний мэдэрнэ” гэжээ. Мөн хилийн чанад дахь Оросын дипломат төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг улам бэхжүүлэх, Туркийн эрх баригчдаас Оросын төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг хангах баталгаа гаргуулж авахыг холбогдох яамдын сайд, дарга нарт үүрэг болгожээ.
Оросын Ерөнхий сайд Медведев Туркийн Засгийн газрын тэргүүнтэй утсаар ярьж Элчин сайд Карловыг алсан явдлыг “олон улсын харилцаан дахь онц нөхцөл байдал” гэж тодорхойлсон байна. Оросын Гадаад хэргийн сайд Лавров нь энэхүү алан хядах ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болгох арга хэмжээ авна гэв.
Амь үрэгдсэн Элчин сайд Андрей Карлов нь 62 настай байсан бөгөөд 2013 онд Турк улс дахь Элчингээр томилогджээ. Түүнээс өмнө Хойд Солонгос дахь Элчин сайд, ОХУ-ын Гадаад яамны Консулын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан аж. Карловыг Элчин сайдаар ажиллах хугацаанд Сирийн хямрал, Оросын онгоцыг сөнөөж, нисгэгчийг буудсан гээд олон ээдрээтэй үйл явдал болж байсан бөгөөд тэр бүхнийг нааштайгаар шийдэхэд Карлов маш чухал үүрэг гүйцэтгэжээ.
Оросын түүхэнд Элчин сайд нь алагдаж байсан ганц л тохиолдол гарсан байдаг. 1829 онд тухайн үеийн Персийн хаант улс, одоогийн Иранд Элчин сайдаар сууж байсан Грибоедовыг шашны хэнээтнүүд алсан байдаг.