Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нарантуяа: Хоцрогдсон стандарт худалдааны салбарыг хойш татах гох болсон

-10 жижиг дэлгүүр тутмын гурав нь хаалгаа барьж байна-

Т.ЖАНЦАН

Монгол Улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг хийсэн юм. Худалдааны салбарынхан Монгол Улсын ДНБ-ий 17 хувийг бүрдүүлдэг. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр тус салбарын борлуулалт 20 хувиар буурсан дүн энэ жил гарсан. Бөөний худалдаа болон томоохон сүлжээ дэлгүүрүүд, зах худалдааны төвүүдийн борлуулалтыг ерөнхийд нь тооцсон дүн нь энэ. Тэгвэл бидний ярьж заншсан найм, зургаан нэрийн жижиг дэлгүүрүүд ч бас худалдааны салбарынх. Жишээ нь, Улаанбаатар хотод хүнсний ийм жижиг дэлгүүр 4194 бий гэсэн статистик бий. Хүргэлт, нийлүүлэлтийн компаниудын мэдээллээс харван энэ тоо 7200 гэж гарчээ. Ингээд МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, “Ат март” үндэсний сүлжээний төслийн зөвлөх Д.Нарантуяагаас худалдааны салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа. “Ат март” үндэсний сүлжээний төсөл нь дотоодын үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч, импортлогч, худалдаачдыг цогц байдлаар авч үзээд худалдааны салбарыг орчин үеийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилогтой юм.

-Хямрал нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүнд тусч байна. Худалдаа эрхлэгчдийн өнөөгийн байдлын талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хэдийгээр эдийн засаг хямарсан ч хамгийн бага өртөж байгаа салбар нь худалдаа. Хямарсан ч хүмүүс идэж уух, өмсөх зүүх нь тодорхой. Энэ нь худалдаачдын үүрсэн ачаагаар хэмжигдэнэ. Учирч буй гол хүндрэл нь бараа, бүтээгдэхүүний борлуулалт нь буурч байгаа нь үнэн. Үүнд барааны нэр төрөл, бодлогын буруу нөлөөлж буй юм. Ер нь эцэстээ хуулийн зохицуулалттай л холбоотой. Зохицуулалт нь байгаа бол борлуулалт хийдэг арга технологи, механизм эрх зүйн орчин боломжоо ашиглаад илүү таатай худалдаа хийнэ. Тэгэхээр хуулийн зохицуулалт гэдэг бол тухайн бараа үйлдвэрээс гараад эцсийн хэрэглэгчид очих үе шатанд нөлөөлж байгаа юм. Өнөөдөр манай улс зах зээлийн чөлөөт тогтолцоотой тул бараа бүтээгдэхүүний үнэ тэр зарчмаар бүрддэг. Гэвч өргөн хэрэглээний тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тогтвортой үнийн бодлого байх ёстой. Иймд дэлхий нийтийн жишиг болсон сүлжээ дэлгүүрүүдийн стандарт хангасан худалдааг бий болгохыг зорьж байна. Учир нь нэг үнийн бодлоготой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл жижиг дэлгүүрт хүн амын худалдан авах чадварт нийцсэн нэг удаагийн хэрэглээний жижиглэн савласан чанартай аюулгүй хүнсний зохицуулалтыг “Ат март” үндэсний сүлжээ дэлгүүр байгуулах төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Үүнийг Японы худалдааны мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тэгэхээр өндөр хөгжилтэй улс орнууд бидэнд туслахад бэлэн гэсэн үг. Иймээс бид энэ дэмжлэгийг зөв нутагшуулан авах ёстой гэж бодож байна.

-Худалдааны салбарын орлого ямар байна. Өдөрт хэдэн төгрөгийн борлуулалт хийж байна вэ?
-Эдийн засгийн хямралын нөлөөгөөр борлуулалт буурсан. Том жижиг гэлтгүй хаалгаа барьж байна. Томоохон компаниуд зарим сүлжээний борлуулалтын цэгүүдээ хаах болсон. Бидний төсөл хэрэгжүүлж байгаа 20-200 ам.метр талбайтай жижиг дэлгүүрүүд өдөрт хамгийн бага нь 400 мянган төгрөгийн борлуулалт хийдэг. Сайн нь хоёр сая төгрөгийн орлоготой байна. Үүнд байршлаас өгсүүлээд янз бүрийн хүчин нөлөөлдөг. Гэвч жижиг дэлгүүр хүнд байдалд орсон. Дийлэнх нь түрээсийн байртай. Дээр нь бараа эргэлтийн хөрөнгө дутмаг тул өдөр тутмын хэрэгцээт бараагаа татаж чадахгүйд хүрдэг. Зарим бараа нь борлогдохгүй үлдэгдэл ихтэй байх асуудал гарах нь их.

-Тэгвэл хэчнээн дэлгүүр хаалгаа бариад байна вэ?
-Бидний хийсэн судалгаагаар 10 жижиг дэлгүүр тутмын гурав нь хаалгаа барьж байна. Томоохон байрш­лаас нь хамаараад ашиг­гүй салбаруудаа хааж, хэмнэлтийн горимд орж  байгаа юм. Ингээд худал­дааны салбарынхан аль болох хэмнэх, үргүй зардлаа бууруулж эхэлсэн.  

-Монголын худалдааны салбар 95 жилийн хугацаанд ямар замаар хөгжиж ирэв. Та судлаач хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед худалдаачдад ололттой бас хүндрэлтэй зүйл ч их бий. Энэ удаагийн зөвлөгөөнөөр тулгарч буй хүндрэлүүдээ ярьж байна. Тэгээд энэ хямралын үед ямар боломжууд байгааг олж харахыг зорьж буй юм. Монголд орчин үеийн худалдаа үүсч хөгжөөд 95 жил боллоо. Эрдэмтэн судлаачид худалдааны салбарын хөгжлийг зургаан үе шатад хуваан үздэг. Тухайлбал, 1921 оны араванхоёрдугаар сарын 26-нд худалдааны салбарын анхны суурь тавигдсан. Тэр үеийн тэргүүний сэхээтнүүд, хувьсгалын нэрт зүтгэлтнүүд хувь нийлүүлж, 8300 лан янчаан цуглуулж худалдаа эхлүүлсэн түүхтэй. Худалдааны түүхийг харж байхад ололт нь илүү ч хүнд хэцүү үе бишгүй тулгарч байсан юм. Жишээ нь, 1990-ээд онд дэлгүүрийн лангуу, тавиурт талх, давснаас өөр бараагүй хүнд үе тохиож байлаа. Учирсан бэрхшээлийг хамтын хүч, шийдлээр даван гарч ирсэн. Төр засгаас ч тодорхой арга хэмжээ авч байв. Зах зээлийн эдийн засагт шилжих үеэс эхлэн худалдаачид бие дааж энэ салбарын төлөө нэгдсэн юм. Иймд өнөөдөр худалдааны үндэсний сүлжээ дэлгүүрүүд, томоохон компаниуд цөөнгүй төрөн гарлаа. Тэдний туршлагыг харвал дэлхийн худалдааны жишиг хандлагад нийцсэн загвараар хөгжиж байна.

-Худалдааны салбарт өнөөдөр хэдэн хүн ажиллаж байна. Тулгамдаж буй ямар ямар асуудал байгаа вэ?
-Худалдаачид өөрсдөө санхүүгийн чадавхиа хангаад хөгжиж байна. Гэвч төр засаг эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөөгүй. Энэ салбарт ажиллагсдын тоо өндөр. Нийт 300 гаруй мянган хүн бий. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 64 мянган аж ахуйн нэгж байдаг. Үүний 28 мянга нь худалдааны салбарынх.  Гэтэл энэ салбарыг зохицуулах хууль манай улсад байхгүй. Дэлхийн улс орнуудын туршлагаас харвал Худалдааны тухай хуульгүй улс байхгүй. Хүн амыг өдөр бүр хоол хүнс, хувцас, эдлэл хэрэглэлээр хангадаг салбар бол худалдаа. Гэтэл ийм салбарт зохицуулах хуульгүй байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх том гажуудал юм. Зарим хуулийн худалдааны салбарт хамаатай заалт нь ч амьдралд нийцдэггүй.

-Тухайлбал?
-Тамхины хяналтын тухай хууль байна. Монголд дэлгүүрүүдийн байршлыг хязгаарлах, тамхичдын сэтгэхүйд дарамт үзүүлэх хэлбэрээр тамхи татах явдалтай тэмцдэг. Тэгвэл манай хөрш Хятадад тамхины хэрэглээ чөлөөтэй. Хаа сайгүй худалдаалдаг. Урд нь хаа сайгүй утаа суунаглаж тамхинд автсан орон байсан. Одоо соёлжиж аль ч үйлчилгээний газарт ороход тамхины утаа алга. Тамхи татдаг хүнгүй болсон. Хамгийн гол нь хүмүүсийн ухамсарт  тамхи хэрэглэх нь эрүүл мэндэд муу, таарсан газраа татаж болохгүй гэсэн соёлыг л суулгаж өгсөн гэж хэлж болно. Түүнээс биш тамхи зардаг дэлгүүрийн хоорондох зайг холдуулснаар хүн худалдаж авахгүй байна гэдэг үлгэр. Зуршил болсон хүн хаана ч байсан очоод л авна. Тэгэхээр тамхины хор хөнөөл, соёлыг л ухамсарт нь суулгаж өгөх нь зүйтэй. Тамхины хуулийн энэ гажуудлаас шалтгаалж “ТҮЦ”, зарим худалдааны төв, захуудын үйл ажиллагаанд маш олон сөрөг тал гарч ирээд байна. Тэд тамхи нууцаар худалдаалж эхэлсэн. Худалдан авагч нь ч бас хууль зөрчигч болж хувирсан. Тэгэхээр худалдаа, үйлчилгээний утга алдагдаж буй юм. Бүр буруу жишгээр худалдааны технологи, нэр томьёо хүртэл бий болгох гэж байна.   Амьдралд нийцээгүй хууль салбарын хөгжил, үйлчилгээний соёл, хэрэглэгчийн үйлчилгээнд хандах хандлагад ч буруу жишиг тогтооход хүрч байгаа юм.

-Тэгэхээр хэзээ Худалдааны тухай хуультай болох юм бол. Та бүхний санал хүсэлтийг  хууль санаачлагчид хэр хүлээж авдаг бэ?
-Миний мэдэхээр л Худалдааны тухай хуультай болох яриа гараад 10 гаруй жил өнгөрсөн. УИХ-аар хэлэлцэж байна, орж байна, буцаалаа л гэдэг.   Хуулийн үзэл баримтлалаа бол батлуулсан. Гэтэл хууль нь батлагдалгүй өдий хүрлээ. Энэ хуулийн зохицуулалт, заалтууд нь зарим эрх мэдэлтэй бизнест харшилдаг юм уу бүү мэд. Эсвэл манай худалдааны салбар эрх зүйн зохицуулалтгүй бие дааж өндөр түвшинд хөгжсөн юм уу гэдгээ тодорхойлж чадалгүй олон жил боллоо. Худалдаа гэдэг  маш өргөн хүрээтэй ойлголт. Хууль эрх зүйн зохицуулалт яах аргагүй хэрэгтэй.  Наад зах нь гадаад, дотоод худалдаа гэж хоёр том зүйл байна. Манай улс нийт хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортоор авдаг. Гэтэл хуулийн зохицуулалт байхгүй тул импортын бараанд үндэсний аюулгүй байдлын түвшинд хяналт тавих тогтолцоо бүрдэж чадахгүй байгаа юм. Худалдаа эрхлэгчид энэ хуулийг батлах ёстой гэдэг шаардлага жил болгон төр засагт тавьдаг. Хэрэв хуульгүй бол түүнийг орлох стандарт мөрдөх ёстой. Гэтэл худалдаа, үйлчилгээнд өнөөдөр мөрдөж байгаа стандарт бас л цаг үеэсээ хоцорсон. Энэ хоцрогдсон стандартыг мөрдөнө гэдэг нь худалдааны салбарыг урагш бус хойш татах гох болоод байна. Тэгэхээр бид худалдаачдыг амьдрал дээр соёлж, ухаар, хөгж, ухаалаг үйлчилгээ нэвтрүүл гэсэн шаардлага тавих нь өрөөсгөл болно.

-Монгол татварын таатай орчинтой улс гэдэг. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчид “Татвар хураамж биднийг хөгжих боломжгүй болгож байна” гэсэн шүүмжлэл хэлдэг. Худалдааны салбарт ногдуулж буй татварын талаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Бид худалдааны хөгжилд хувь нэмэр оруулах, жижиг худалдаачдыг дэмжих зорилгоор сүүлийн гурван жилд “Ат март” үндэсний сүлжээ дэлгүүр байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд судалгаа чамгүй хийсэн. Тэгээд судалгааны үр дүнг нь харж байхад жижиг худалдаа эрхлэгчид өдөр тутмын үйл ажиллагаанд учирдаг 30 бэрхшээлийн нэрлэдэг юм.  Тэр дундаа  татварын орчин хамгийн их дарамттай гэдэг. Гэтэл татварын байгууллагаас Монгол Улсад татварын ачаалал бага гэж тайлбарлаж байна. Нарийвчлаад аваад үзвэл худалдаа эрхлэгчид цагдаа, галын байгууллага, хог хаягдлын хураамжийг татвар гэж ойлгодог юм билээ. Иймд татварын талаар зөв тайлбарлах, ач холбогдлыг нь ойлгуулах асуудал их чухал юм.

-Монголчууд дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа бүтээгдэхүүнээ бас импортоор авдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ яаж хамгаалах ёстой вэ?
-Тэр импортын барааг нь шууд хязгаарлаж болохгүй. Хамгийн гол нь эхний ээлжинд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ чанаржуулах ёстой. Технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй. Өнөөдөр манай үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар сул юм. Гадаадад гарч байгаа монгол брэнд байгаа ч үйлдвэрүүд нь дотооддоо ч өрсөлдөж чадахгүй байгаа. Ийм учраас хэрэглэгч өнөөдөр байнга авдаг бүтээгдэхүүнээс уйдаж эхэлсэн. Дэлхийн зах зээл хурдацтай өөрчлөгдөж технологийн шинэчлэлт хийж байна. Бүтээгдэхүүн шинэчлэгдэх тусам хүмүүсийн худалдан авах сонирхол хүсэл нэмэгдэнэ. Нэг түвшинд байгаа бүтээгдэхүүнээс хэрэглэгчид татгалздаг болсон цаг үе ирсэн. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудал үйлдвэрлэгч нарт тулгараад байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих гол гогцоо нь энд л байгаа юм. Дэлгүүр, худалдааны төвүүд борлуулалтгүй болсон бараа бүтээгдэхүүний агуулах биш. Иймд үйлдвэрлэгч, худалдаачин хоёр хамтрахгүй бол болохгүй. Тухайлбал, худалдаачид хэрэглэгчийн эрэлтийг судална. Түүнийг нь үйлдвэр авч бүтээгдэхүүнээ хөгжүүлнэ гэсэн үг. Бид өнөөдөр том бодлого ярихаас илүү амьдралд өдөр тутам тулгарч буй асуудлаа олж харж шийдэх нь чухал. Одоо бодлого ярьдаг өрөөсгөл ойлголтоос ангижрах цаг болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан