Б.БАДРАЛ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Японд хийж байгаа айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Уулзалтын үр дүн Япон Оросын харилцааны ойрын ирээдүйг төдийгүй бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх болохоор ингэж анхаарахаас өөр аргагүй. АНУ-аас эхлээд Хятад, Өмнөд ба Умард Солонгос хүртэл бүгд л энэ хоёр улсыг хэт их дотносож элдэв “хор найруулах вий” гэж хардаж сууна. Хэн нь юу хүлээж байгаа тухай судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлж.
Өрнө дахин
Украйнаас Сири хүртэл бүх л ээдрээ маргааныг хэлэлцэхэд оросуудыг дуулгавартай болгохын тулд өрнө дахины орнууд эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ авсан. Гэвч оросууд тэдний төлөвлөж байсан шиг хоёр гурван сарын дараа “далан таваар” бууж өгсөнгүй, өнгөт хувьсгал хийж Путинийг түлхэн унагасангүй. Иймд хориг арга хэмжээний үр дагаврын талаар маргаан тасрахгүй байгаагийн нэг жишээ нь энэхүү айлчлал.
Хятадууд Далай ламыг хаашаа ч айлчилсан эсэргүүцэл илэрхийлдэгтэй адил Америк нь Путинийг ийш тийшээ айлчлах, эсвэл хэн нэгэн нь Путинтэй уулзана гэхээр ил далд ямар нэг байдлаар эсэргүүцлээ илэрхийлдэг болсон. Энэ удаад ч Абэ-г Путинтэй уулзаж болохгүй гэж чихдэж загнахаас бусдыг хийсэн ч амжилтанд хүрсэнгүй. Энэ айлчлал хэд хэдэн зүйлийг харуулсан гэж болно.
Юуны өмнө япончууд хэдхэн долоо хоногийн дараа огцрох гэж байгаа хүний үгэнд ордоггүй. Хоёрт, ОХУ нь хүссэн хүсээгүй их гүрэн тул хүчээр бус арга эвээр үзэх нь хамаагүй үр дүнтэй. Гуравт, уулзалт Оросын хувьд эерэг үр дүнтэй болж таарвал хориг арга хэмжээг удаалгүй цуцлахаас өөр аргагүй болно. Дөрөвт, Абэ олны аясыг дагаад байлгүй өөрийнхөөрөө байж чаддаг, Путин ямар ч үед хэнтэй ч хэлэлцээ хийж чаддаг гэдгээ Трампт харуулж байгаа нь дараагийн дөрвөн жил олон улсын харилцаанд багагүй нөлөө үзүүлнэ.
Орос
Газрын тосны үнийн уналт, хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн хүнд байдалд байгаа ОХУ-ын хувьд хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог эдийн засагтай Японтой найрсаг харилцаатай байж, тэндээс хөрөнгө оруулалт авна гэдэг маш чухал. Айлчлал эхлэхээс өмнө олон тэрбум ам.долларын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүр дуулиан болгон мэдээлж байсан нь үүний жишээ. Энэ их төсөл бодитоор хэрэгжих эсэхийг одоо шийдэх гэж байна.
Дээрээс нь экспортын хамгийн чухал бүтээгдэхүүн шатдаг хийгээ борлуулах бас нэг шинэ зах зээлтэй болох бодит боломж нэмэгдэнэ. Америкийн шахаанд орсон Европын холбоо Оросоос авдаг шатдаг хийн хэмжээгээ бууруулсаар яваандаа авахаа болино гэж дарамтлаад буй. Иймд Орос Хятад руу шатдаг хий нийлүүлэх “Сибирийн хүч” нэртэй хоолой тавьсан. Одоо тохиролцож чадвал Курилын арлуудаар дамжуулаад хэдхэн километрийн цаана байгаа Япон руу бас нэг хоолой тавих боломжтой. Ингэвэл Европын холбоо хүрэх зам дахь гол дамжлага Украйны ач холбогдол улам буурна. Европын холбооноос бүр хамааралгүй болно. Японы тал Катарын шингэрүүлсэн шатдаг хийг Оросын санал болгож байгаагаас бараг хоёр дахин их үнээр худалдан авдаг. Иймд Орос багаар бодож 50 хувь хямд үнэ санал болгоно гэдэг Катар ба Япон руу занарын шатдаг хийг шингэрүүлэн тээвэрлэх зорилттой байгаа АНУ-ын хувьд тун таагүй, харин оросуудын хувьд таатай мэдээ.
Япон
Японы хувьд “Умардын газар нутаг” гэж нэрлэгдсэн дөрвөн арлыг эргүүлж авах нь №1 асуудал. Гэхдээ Путин газар нутгаараа наймаа хийдэггүй гэж албан ёсоор мэдэгдсэн тул ямар ч байсан энэ айлчлалаар арлуудыг авна гэж мөрөөдөхгүй нь мэдээж. Тэгэхээр энэ айлчлал нь ямар нөхцөл бүрдвэл энэ дөрвөн арлыг бүгдийг биш юм гэхэд нэг эсвэл хоёрыг өгөх боломжтойг Орос улс тандаж байгаа хэрэг гэж цөөнгүй судлаач үзсэн байна. Япончууд прагматик хүмүүс тул хэцүү үед туслаж байна гэдгээ харуулж Оросын олон нийтийн саналыг эргүүлэх, өөртөө татах, Путиний дараагийн Ерөнхийлөгчийн үед ядаж нэг арлыг ч гэсэн авах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тиймээс эхний ээлжинд ядаж л маргаантай арлууд дээр япон иргэд хөрөнгө оруулалт хийж бизнес үйлдвэр байгуулах боломжтой болох нь их чухал.
Путиний айчлалын явцад анхаарахаас өөр аргагүй болж байгаа нэг зүйл нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг. Ийм улс байдаг гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны орон нь Орос тул умардуудад онцгой нөлөө үзүүлэх боломжтой, үзүүлж ч байдаг. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд Оросын баталгаа гарцаагүй шаардлагатай. АНУ, Япон нь хойдуудын эсрэг тусдаа хориг арга хэмжээ аваад байгаа өнөө үед Оросын нөлөө гарцаагүй нэмэгдэнэ. Гэхдээ Японд энэхүү айлчлалд дургүй хүмүүс цөөнгүй байгаа юм. Жишээлбэл, Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шётаро Яти нь Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтэй уулзахдаа, Өмнөд Курилын арлуудаас өөрийн болгож авбал тэнд АНУ-ын цэргийн бааз байгуулах боломж байгаа тухай шууд мэдэгдсэн аж. Энэ нь манайд арал өгөх хэрэггүй гэж шууд хэлж байгаатай ялгаагүй. Гэхдээ нөгөө талаас энэ талаар оросууд ямар хэмжээнд хүртэл тохиролцоход бэлэн байгааг тандсан мэдэгдэл байж болох талтай.
Хятад
Японы эзлэн түрэмгийлэл, тэр үед үйлдэгдэж байсан элдэв таагүй зүйлийн нөлөөгөөр манай урд хөршийнхөн, түүний дотор улс төрийн өндөрлөг нь Японд “хайр зарлаад” байдаггүй. Иймд Японтой дотносох гэсэн улс болгонд үл итгэсэн байр сууринаас ханддаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз.
Си Жинпинь ба Путин онцгой дотно харилцаатай үед Японд айлчилна, газар нутгаасаа таслан өгч магадгүй тухай яригдаж байгаа нь энэ хоёрыг юу юугүй муудалцуулахгүй ч ойрын хугацаанд утсаар ярих эсвэл уулзах байдлаар тайлбар хийх шаардлагад хүргэж магадгүй аж. Ялангуяа Хятадууд өөрсдөө Японтой газар нутгийн маргаантай, хоёр гурван арлыг булаацалдаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Энэ маргаантай асуудал дээр Путин хэний талд орох вэ гэж эвгүйтэх нь мэдээж.
Дээр нь, Трамп Тайваны асуудлаар Хятадтай муудаж эхэлсэн. Ийм үед бүс нутаг дахь Америкийн хамгийн чухал холбоотон Японтой найрсаг харилцаатай байна гэдэг нь хоёр улсын “ган бат нөхөрлөл”-д хэрхэн нөлөөлөхийн тааж хэлэхэд хэцүү.
Солонгос
Солонгос хоёр хуваагдсан ч Путиний айлчлалын тухайд хоёул адил болгоомжлолтой хандаж байгаа байх. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй холбоотой хямралын улмаас бодит баталгаагүй элдэв мэдээлэл тархаж байгаа нь энэ болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.
Солонгосын хоёр тал бодитоор дайтах болвол Орос ямар үйлдэл хийх бол гэдгийг бүгд энэ уулзалтаас харж байгаа нь ойлгомжтой. Бүдүүн баргаар бол нэг нь түнжин хагараасай, нөгөө нь эвсээд тохиролцоосой гэж залбирч байгаа. Солонгос нь Японтой мөн л газар нутгийн маргаантай.