Б.СУВД
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргаар “Exxon Mobil”-ын гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг ажиллуулахаар болсноо баталгаажуулав. Трамптай адил өдгөө 64 настай Тиллерсон нь гадаад бодлогын салбарт ажиллаж байсан туршлагагүй ч, дэлхийн хамгийн том эрчим хүчний компанийн нэг “Exxon Mobil”-ын нэрийн өмнөөс Еврази, Ойрхи Дорнод даяар олон удаагийн хэлэлцээрийг амжилттай хийж, дэлхийн олон орны удирдагчидтай ойр дотно харилцаатай нэгэн. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс “тусламж” авсан гэгдэж буй, Оростой найрсаг харилцаатай байхыг эрхэмлэгч Дональд Трамп өөрийн кабинетийн хамгийн чухал, Гадаад харилцааны сайдын суудалд мөн л Оростой найрсаг харилцаатай нэгнийг сонгон томилохоор зэхэж буй нь шүүмжлэл дагуулж эхэллээ.
Учир нь, АНУ-ын дараагийн Төрийн нарийн бичгийн даргаар нэрлэгдээд буй Тиллерсон өнгөрсөн хоёрдугаар сард Техаст илтгэл тавих үеэрээ “Би Путинтэй маш ойр дотно харилцаатай” хэмээн хэлснийг хэвлэлүүд дахин сөхлөө.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Төрийн нарийн бичгийн даргад нэрлэгдээд буй Тиллерсонтрй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Трамп болон Тиллерсон нарыг АНУ, ОХУ-ын хооронд үр дүнтэй харилцааны үндсийг бүрдүүлэх болно хэмээв.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ-тай харилцаагаа сайжруулах байр суурьтай байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд Москвагийн эсрэг явуулж буй Вашингтоны бодлого, хориг арга хэмжээ өөрчлөгдөх магадлалтай хэмээн шинжээчид онцолж байна. Мөн Төрийн нарийн бичгийн даргаараа Оростой ойр дотно харилцаатай хүнийг сонгосон нь түүний энэ байр суурийг улам баталгаажуулж өглөө.
Тэдний харилцаа
Тиллерсон, Путин нар анх 1999 онд ОХУ-ын Сахалины арал дээр “Exxon Mobil” болон ОХУ-ын төрийн өмчит газрын тосны “Роснефть” компанитай гэрээ байгуулах үед анх уулзаж байжээ. Үүнээс хойш Тиллерсон өөрийн бизнесийн ашиг сонирхлын үүднээс Путинтэй харилцаа тогтоож, хэд хэдэн удаа уулзсан гэнэ.
2011 онд “Exxon” болон “Роснефть” өөр нэг гэрээ үзэглэх үед тэд байлцсан аж. Тухайн үед “Exxon” компани ОХУ-ын Арктик дахь газрын тосны ордны зөвшөөрлийг авч, хариуд нь АНУ дахь хэд хэдэн төслийг өгчээ.
“Роснефть” болон “Exxon” 2013 онд дахин шинэ гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж, эхний хэлэлцээрүүдээ хийжээ. Гэвч үүнээс нэг жилийн дараа Крымыг Украинаас тусгаарлаж, ОХУ-ыг дагахаар болсноор АНУ-ын зүгээс ОХУ-д хориг арга хэмжээ авч, дээрх хэлэлцээр хүчингүй болсон. Тухайн үед Тиллерсон үүнд Цагаан ордныг буруутгаж, маш том хохирол учруулж байна хэмээн шүүмжилсэн удаатай.
Зарим шинжээч Тиллерсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсоноор ашиг сонирхлыг зөрчил үүсч болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Хамгийн эхний жишээ л гэхэд, ОХУ-д тавьсан хоригийг цуцлах тухай асуудал. Хэрэв ОХУ-д тавьсан хоригийг үргэлжлүүлэхээргүй болбол Тиллерсоны “Exxon” дахь хувьцааны үнэ нэмэгдэх сайн талтай. “Exxon”-ы хувьцаа нь 151 сая ам.доллараар хэмжигдэх бөгөөд хориг цуцлагдвал таатай орчин бий болох аж.
2012 онд ОХУ-ын Санкт-Петербургт болсон Эдийн засгийн форумын үеэр Путин эрчим хүчний толгой компаниудын ажилчдыг нь шагнаж байсан. Түүний дотор Тиллерсонд ОХУ-ын хүндэт медаль гардуулж байжээ.
Түүнчлэн Путин 2013 онд гадаадын иргэдэд олгодог ОХУ-ын хамгийн хүндтэй шагнал болох Найрамдлын алтан медалийг гардуулж өгсөн билээ. Энэхүү медалийг ОХУ-ын Засгийн газраас Орос болон Оросын ард иргэдэд тусалсан хэмээн үзсэн гадаадын иргэдэд олгодог аж.