Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутны хөгжлийн зээл”-д банкууд хамтран зээлдэгчтэй, үл хөдлөх хөрөнгөтэй байх шалгуур тавьжээ


А.АКЭРКЭ

Ардчилсан нам засаг барьж байх үед хэрэгжиж байсан “Сайн оюутан” хөтөлбөрийг МАН-ынхан “Оюутны хөгжлийн зээл” нэртэй болгож хэрэгжүүлэхээр болсон. Одоогоос хоёр сарын өмнө хэрэгжих ёстой байсан энэхүү зээл одоо л биеллээ олж банкууд эхнээсээ оюутнуудын хүсэлтийг авч эхлээд байна.
Гэвч өнгөрсөн сарын сүүлээр “Оюутны хөгжлийн зээл”-ийг Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитрон банкаар дамжуулан олгох зээлийн гэрээг байгуулах арга хэмжээ болсон ч өнөөдрийн байдлаар Голомт, Капитрон гэсэн хоёр банк л оюутнуудын хүсэлтийг хүлээн авч буй.

Тус зээлд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн 67 их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах эрхтэй. Банкуудын удирдлагуудтай гэрээ хийх үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зээлийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ хүрээнд сургалтын төлбөрийн дарамтгүй болгох “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээг бий болгохтой холбогдуулан УИХ-аас  Тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын удирдлага, санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд холбогдох зохицуулалтуудыг бий болгож, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, “Боловсролын зээлийн сан”-г байгуулж, зээлийн журмыг батласан.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн зорилт ажил хэрэг болж байгааг дуулгахад таатай байна” гэж байсан юм.
Ямартай ч суралцагч сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй гэгдэж байгаа хөгжлийн зээл харин ч эсрэгээрээ суралцагчдад дарамт үүсгэж ч магадгүй болоод байна.

Учир нь, оюутнуудын хүсэлтийг хүлээн аваад байгаа Голомт банк дараахь шалгуурыг тавьжээ. “Оюутны хөгжлийн зээл” хөтөлбөр Голомт банкны бүх салбараар олгоно. Тавигдах шаардлага нь  бакалаврын зэргээр суралцаж буй өдрийн ангийн оюутнууд, оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн байх, сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх. Мөн Хүү бууруулах зээл нь өмнө олгосон тэтгэвэр болон цалин зээлийг хүү бууруулах зээлд шилжүүлэх тохиолдолд зээлийн хугацаа нь 12 сараас хэтрэхгүй байх бол Богино хугацаатай зээл нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр төлөхөд зориулах, зээлийн хугацаа 12 сараас хэтрэхгүй гэжээ. Харин Урт хугацаатай зээлийн хүүг сар бүр үндсэн зээлийг эргэн төлөх хугацаа хүртэл авах бөгөөд үндсэн зээлийг тухайн оюутан сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас 3-5 жилийн хугацаанд хүүгийн хамт төлөгдөж дуусах хуваарьтай байх аж. Ингэхдээ зээлийн хугацаа нь 10 жилээс хэтрэхгүй байх юм байна. Бүрдүүлэх материал нь зээл хүссэн өргөдөл, сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримт /зөвхөн хүү бууруулах зээлийн хувьд/, цахим болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуулийн тодорхойлолт /курс, голч оноо тусгасан байх/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хамтран зээлдэгч /эцэг, эх, төрсөн ах, эгч/-ийн цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын хуулбар, цалингийн картын нэг жилийн хуулга гэжээ. Мөн тухайн зээл авах оюутан өөрөө орлоготой байгаад орлого нь авах зээлээ төлөх чадвартай бол хамтран зээлдэгч шаардахгүй байж болно гэсэн. Хамтран зээлдэгч зээлтэй байж болох бөгөөд орлого нь хүрч байгаа эсэхийг судлах юм билээ. Хэрвээ орлого нь хүрэхгүй бол зээл олгох боломжгүй гэж байсан юм.

Харин Капитрон банк оюутнуудын хүсэлтийг хүлээн авч эхэлсэн ч шалгуур үзүүлэлтийнхээ тухай ямар нэгэн танилцуулга гаргаагүй байна. Эцсийн байдлаар гараагүй байгаа ч тус банкны салбарын харилцагчийн менежер дараахь мэдээллийг өгөв.

Тус банкны хувьд зөвхөн Богино болон Урт хугацааны зээл өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, цалингийн, малчны, тэтгэврийн зээл авч тухайн суралцагчийн сургалтын төлбөрийг төлсөн иргэд тус банкнаас Хүү бууруулах зээл авна гэж найдах хэрэггүй гэсэн үг.

Богино хугацаатай зээл авах хүсэлтээ гаргасан тухайн оюутан хамтран зээлдэгчтэй байхаас гадна авто машин болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх ёстой. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 400, голч дүн нь 2,0 гэсэн шалгуурыг ч мөн хангасан байх хэрэгтэй.
 
Хэрвээ урт хугацаагаар зээл авахыг хүсвэл зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага тавьж буй аж. Мөн л элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 650 гэсэн босгыг давснаас гадна голч нь 3,0 байх шалгууртай. Тус банкнаас тавьж буй ганц уян хатан нөхцөл нь хамтран зээлдэгч нь заавал нийгмийн даатгалтай байх албагүй. Хувийн бизнес эрхэлдэг байж болно. Гэхдээ дээрх хоёр зээлд хамрагдахын тулд тухайн бизнесээ 12 сарын турш тогтмол явуулсан, ашиг, орлогоо баримтжуулсан байх ёстой юм билээ.

Хэдийгээр банк эрсдэлээ бодож хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардах нь зүйн хэрэг ч өнөөдөр өр, зээлгүй хүнийг олох ч амаргүй. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд байдаг айл тун олон. Тэгэхээр эдгээр шалгуурыг давах оюутан хэр олон байгаа бол гэдэг нь асуудал дагуулж мэдэх юм. Өнөөдрийн байдлаар 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж буй. Тэдний дийлэнх буюу 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцдаг бөгөөд 49 хувь буюу 74 мянга орчим нь сургалтын төлбөрөө төлж чадаагүй болон сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн судалгаа бий. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд 70 гаруй мянган  оюутан хамрагдах боломжтой гэж буй ч шинэ он гарахад цөөн хоног үлдсэн, бусад банк оюутнуудын хүсэлтийг ч аваагүй, шалгуур нь тодорхой болоогүй байгаа учир энэ жилдээ багтаж зээл гаргана гэдэг худлаа.

Үүнийг Боловсролын зээлийн сангийн мэргэжилтнүүд их, дээд сургуулиуд зээл олгохоор болсон бүх банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, данс нээлгэх ёстой. Гэвч энэ ажил удаашралтай явж буй учир бусад банкны мэдээлэл тодорхойгүй байна гэж тайлбарлав.

Уг нь, зээлийн эх үүсвэрт зориулж 2016 оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны Улсын төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд “Боловсролын зээлийн сан” 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан