Х.Шаравжамц аварга монголчуудын дунд “Их Монгол” гэдэг овгоороо алдаршсан билээ. Сэтгүүлч Жа.Пүрэв гуай “Их Монгол болсон нь” гэдэг өгүүлэлдээ “Нэг удаа даншиг наадамд Богд өөрийн бөхөө түрүүлнэ гэж бай шан, цол чимгийг бэлтгэж байтал Шаравжамц аварга Богдын бөхийг дайрч унагаад ирэхэд Богд уурсан хилэгнэж, “ тэнэг Монгол ” гэж хашгирчээ. Энэ нь Буянтогтох аваргатай барилдсан барилдаан мөн гэж үзнэ. Гэтэл ард түмэн тэнэг Монгол гэснийг үл зөвшөөрөн Их Монгол хэмээн эсрэгээр нэрлэх болсон гэж өгүүлжээ”. Аваргын мэндэлсний 140 жилийн ой ирэх онд тохионо. Энэхүү ойд зориулж улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулагдахаар болсон байна. Мөн “Бахархалт Их Монгол Аварга” эрдэм шинжилгээний бага хурал болон баримтат киноны нээлт болох аж.